Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

20 сая төгрөгийн зүтгүүрийг 800 сая болгосон Г.Сэрээнэндоржийн түүх

800 саяар авсан гэх зүтгүүр

“Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэрэгт буруутгаад бай­гаа билээ. Энэ тухай манай сонин өмнө нь мэдээлж бай­сан. Тэгвэл түүнийг буруут­гаад байгаа зүтгүүр ямар учиртай болохыг бид нэхэн сурвалжиллаа. Энэ тухай баримт дэлгэхээс өмнө түүний баривчлагдахаасаа өмнө хэвлэлд зүтгүүрийн тухай өгсөн яриаг сийрүүлье. Тэрбээр “Нэгдүгээрт, энэ бол өртөөний зам дээр явдаг хөд­лөх бүрэлдэхүүний болон сэл­гээний зүтгүүр биш. Байгуул­лагын хашаан дотор явдаг тэрэг. Манай төмөр замчид ТГМ гэдэг юм. Хоёрдугаарт, 800 сая ам. доллараар биш 800 сая төгрөгний үнэтэй. Яагаад ийм ТГМ авах болсон тухай манай төмөр зам 2012 онд 20, 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ хэмжээнд болоод үүнээс илүү ачаа тээвэр­лэхэд вагоны хүрэлцээ муу. Бид өмнө нь гадаадаас , Оросоос өндөр үнээр вагон түрээсэлдэг. Гэтэл Монголд, тухайлал “Болд төмөр-Ерөө гол” гэж компанид 700 орчим вагон сул зогсч байдаг. Адилхан л Оросын вагон. Хэрвээ засварлаад авбал хамаагүй хямд, хоногийн 20 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Тэгээд тэдгээр 700 вагоныг Зүүнхараагийн вагон депо руу татаж аваад засч эхэлсэн. Татах, засвар­лаад замд гарах зэрэг нь өндөр зардалтай, эргэлт удаантай, байгаа сэлгээний тэрэгний хүрэлцээ ч муу байсан. Хэрвээ ТГМ –тэй бол хамаагүй бага зардлаар, маш богино хугацаанд энэ ажлыг хийх бололцоотой. Цаашдаа ч төмөр замд их хэрэгтэй учраас Зүүнхараагийн вагон депо­гийнхон 500 сая төгрөгөөр ийм ТГМ авах гэж төлөвлөгөөнд тусгуулаад мөнгө нь хүрээгүй. Дараа жил нь 800 сая төгрөгөөр авна гэж жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулсан. Тэгсэн ч 800 сая төгрөгт олдохгүй байсан. Цоо шинэ нь хамгийн багадаа нэг сая гаруй долларын үнэтэй эд л дээ. Тэгж явсаар бид батлагдсан төсөвтөө багтааж өмнө нь ашиглаж байсан, арай шинэвтэр, цаашдаа 20 жил ашиглах техникийн боломжтой, бас баталгаатайг нь 800 сая төгрөгөөр авч чад­сан” хэмээжээ. Г.Сэрээнэн­дорж цааш нь ярихдаа “Бид­ний авсан шиг хуучин ТГМ ер нь хамгийн багадаа 400 мянган доллар, шинэ нь нэг сая долларын үнэтэй байгаа. Энийг дурын хүн интернэтээс харж болно” гэдгийг хэлсэн байсан.

Интернэтээс харвал үүнийг үнэхээр дурын сайтаас харж болох бөгөөд худалддаг олон ч газар байдаг юм бай­на. Гэхдээ түүнийг хэл аманд өртүү­лэх болсон тэр зүтгүүр нь 1987 оных. Төмөр замчид бол зүтгүүр гэдэггүй хөдлөх бүрэлдэхүүн гэж ярьдаг юм. Г.Сэрээнэндорж энэ хөдөлгүүрийг 800 сая төгрөгөөр авсан гэдэг боловч 20 сая төгрөгөөр авсан гэдэг нь батлагдсан байна.1987 оных гэхээр мэдээж тус зүтгүүрийн үнэ хамаагүй хямд болж таарч байгаа юм. Он оноор нь ТГМ зүтгүүрийн үнэлгээ байдаг аж. 2013 онд энэ ТГМ23B48 загварын зүтгүүрийг авсан гэхээр 15 жил эдлэгдсэн интернэт хаягаас үзсэнээр бол 20 сая төгрөгнөөс дээш үнэ хүрдэггүйд гол учир нь байгаа аж.

Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 296 дугаар тушаал гэж гарчээ. Энэ тушаалаар Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг баталсан байдаг юм байна. Журмын 4.1-ийн зургаад буюу Төмөр замын тээвэрлэлтэд ашиглахаар Монгол Улсад оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүн нь үйлд­вэрлэгчээс тогтоосон ашиглал­тын хугацааны 3.1-ээс ихгүй байх ба түүнийг тодорхойлох баримт бичиг (сертификат)-тай байна гэж заажээ.

Оросын зам тээврийн байгууллагын баталсан үнийн дүн нь оноосоо хамаарч ТГМ23B48 загварын зүтгүүр нь 15 жилийн ашиглалтын хугацаатай гэдгийг баталгаа­жуулж өгсөн бичиг байдаг юм байна. Үүгээр бол Монголд дээд тал нь таван жил болсон зүтгүүр оруулж ирэх ёстой аж. Харин манай төмөр замынхны авсан ТГМ зүтгүүр нь 2013 онд авсан гэхээр 25 жил ашигласан байжээ. Энэ жил 2015 он гэвэл тус зүтгүүр нь аль хэдийн 27 жил болсон бараг хэрэгцээнээс гарсан төхөөрөмж юм байна. Ийм зүтгүүр нь интернэтэд 500 сая рубль буюу манай төгрөгийн ханшаар 20 сая төгрөг болж байгаа юм. Тэгэхээр “Арвижих трейд” компаниар зуучлуулж Оросын компаниас авсан дээрх зүтгүүр нь 800 сая бус дөнгөж 20 сая төгрөгт хүрч байгаа юм. Тэгвэл үлдсэн 780 сая төгрөг хаачсан бэ. Үүнийг дангаараа эрх мэдэл албан тушаалаа ашиглан Г.Сэрээнэндорж “Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа хувьдаа завшсан уу гэдэг асуудал гарч байгаа юм. Хэдийгээр тэрбээр тус газрыг удирдаж юуг хэдээр худалдаж авахаа мэдэх эрх мэдэлтэй байсан ч гэсэн тэр ганцаараа энэ хэргийг хийгээгүй гэдэг нь тодорхой болж байгаа бололтой. Ялангуяа үүнийг тухайн үеийн Зам, тээврийн сайд мэдэж байсан. Мөн тус яамны хоёр газрын дарга ч энэ хэрэгт оролцоотой гэсэн мэдээлэл хууль хяналтынханд ирээд байгаа юм байна. 20 сая төгрөгний зүтгүүрийг 800 сая болгож дундаас нь дээрх хардагдаж буй хүмүүс авсан гэдэг асуудал сөхөгдөж буй. Гэвч энэ хэргийг байгууллагын даргын хувьд “Би тухайн үед эрх мэдлийнхээ хүрээнд зүтгүүр авсан. Зүтгүүр 20 сая биш 800 саяар худалдаж авсан” хэмээн Г.Сэрээнэндорж мэдүү­лээд байгаа аж. Түүний хам­­саатан болох хүмүүс ч Г.Сэрээнэн­доржийг баривчлагдсаны дараа хэвлэлээр өөрсдийн байр суурийг ил далд хэлбэ­рээр илэрхийлж эхэлжээ. “Г.Сэрээнэндоржийг хууль бусаар цагдан хорьж байна, сулла. Түүнийг хэлмэгдүүлж байна” гэсэн утгатай ажлыг ойрноос хийх болсон гэх мэдээ­лэл ч ирж буй юм. Энэ тухай прокурорын эх сурвалжаас тодруулахад “Г.Сэрээнэндоржтой хол­боо­той зүтгүүр болон век­селийн хэргийг шалгаж байгаа. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан. Тэрээр Орос-Монголын хамтарсан нийгэмлэгийн дарга байхдаа 20 сая төгрөгний үнэтэй зүтгүүрийг 800 сая төгрөгөөр авсан нь тогтоогдсон. Энэ нь албан тушаалын хэрэг. Цагдан хорьж шалгахаас өөр арга байхгүй. Нөгөө талаар мөн хуурамч вексель бусдад гаргаж өгсөн. Ингэхдээ олон хууль тогтоомж зөрчсөн байдаг. Түүнд холбогдуулан шалгаж буй хэрэг олон хүний гарын үсгээс бүрдэж байж тодорхой шийдэлд хүрдэг. Нэг үгээр хэлбэл ганцхан Г.Сэрээнэндорж гэдэг хүний гарын үсэг байгаад зогсохгүй холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын гарын үсэг шаардлагатай. Тэр бүх гарын үсэг зураг­даж байж шийдвэрүүд гар­га­сан байдаг. Тэгэхээр Г.Сэрээнэн­дорж зөвхөн энэ хэрэгт буруутгагдаад өнгөрөх асуудал биш. Нарийвчлах шаардлагатай зүйлийг мөрдөн байцаалтын явцад тодруулж бай­гаа” гэж хариулав. Мөн дээрх хэрэгтэй хамт хувь ний­лүүл­сэн компанид зарим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг юм байна. Хэнд ч хэрэггүй нийлүүлсэн шахааны бизнес нь 37 тэрбум төгрөгт хүрчээ.

Интернэтэд 500 сая рубль
буюу манай төгрөгийн ханшаар 20 сая төгрөг
болж байгаа юм
Монгол Улсад оруулж ирэх
хөдлөх бүрэлдэхүүн нь үйлдвэрлэгчээс тогтоосон
ашиглалтын хугацааны 3/1-ээс ихгүй байх ба түүнийг тодорхойлох баримт бичиг (сертификат)-тай
байна гэж заажээ

ТГМ зүтгүүрийн үнэлгээ

Д.МАРГАД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *