Оюутолгой компанийнхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гүний хоолойд ирэх наймдугаар сарын дундаас эхлэн хоёр сарын хугацаанд загийн бортоготой суулгацын гурав дахь тариалалтаа хийхээр төлөвлөжээ. Заган ойн нөхөн сэргээлтийн эхний шатанд 2013 оны намар Гүний хоолойн 6.34 га талбайд 10677 ширхэг бортоготой тарьц суулгажээ. Эдгээр тарьц өвлийг өнөтэй давж, 80 орчим хувийн ургалттай байсан аж. Тиймээс өнгөрсөн хавар ноднингийн талбайдаа 2170 ширхэг заг нөхөн, 2860 ширхэгийг нэмж тарьсан байна.
Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Ургамлын судалгааны багийн ахлах ажилтан Б.Алтанцэцэг “Загийн үрсэлгээ бэлтгэх, тарих, арчлах ажил хугацаа их шаардана. Эхлээд загийн үрийг байгалиас түүж, цуглуулан замбага болон бусад хог хольцоос нь цэвэрлэж, хатаадаг. Тарих бортогоо өвлийн улиралдаа амжуулан бэлтгэдэг. Эдгээр ажлыг арваннэгдүгээр сарын дундаас эхлэн хоёрдугаар сар гэхэд бэлэн болгоно. Ингээд 4-5 сард ил талбайд бортогоо байршуулж, үрээр тарьж эхлэн, хоёр зун, нэг өвлийг өнгөрөөгөөд бортогоноос нь гарган шилжүүлэн тарьж байна” гэлээ.
Нөхөн сэргээлт хийхдээ тухайн газрын гадарга болон ургамлын бүрхэвч, түүнд түшиглэсэн экосистемийг унаган төрхөнд нь аль болох ойртуулах зорилгоор ийнхүү заг тариалж байгаа юм. Загийн ой нь элс тогтоож, тухайн орчиндоо бусад ургамал ургах нөхцөл болдог төдийгүй мал сүрэг, зэрлэг амьтдын идээшлэх, амьдрах таатай орчин бүрдүүлдэг.
Онцлоход, Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.