Categories
мэдээ нийгэм

100 сая төгрөг нэхэж, хүүхэд барьцаалахыг завдсан эмэгтэйг саатуулжээ

Ой зургаан сартай охиныг барьцаалахыг завдсан хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд энэ сарын 7-нд гарсан билээ. Уг хэргийн сэжигтнийг өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилжээ.

Сэижгтэн 29 настай Г гэх эмэгтэй гурван сарын турш хохирогчийн гэр бүлийг судалсан гэнэ. Тэгээд эмч болон жүжиглэж, таксигаар гэрт нь очсон байна. Тухайн үед хохирогчийн бага охин гэртээ байжээ. Ингээд Г “Хүүхдийг чинь үзээдхье” гэж авангуутаа хацрыг нь зүсч айлган сүрдүүлжээ. Тэгснээ “Энэ бол ердөө эхлэл. Гурван цагийн дотор ”Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хий. Хэрэв тэгэхгүй бол хүүхдэд чинь аюул учруулна. Танай гэр бүлийн баян тансаг байдлыг олон нийтэд дэлгэнэ” гэж сүрдүүлсэн утгагатай захидал үлдээгээд явжээ. Энэ хэргээс болж хохирогч айж, хамгаалагч хүртэл хөлсөлжээ. Түүнчлэн сэжигтэн эмэгтэй олсон гээсэн бичиг баримт төвлөрүүлдэг цэгээс танихгүй хүний цахим үнэмлэх худалдан авч, “Юнител”-ийн дугаар худалдан авчээ. Ингээд энэ дугаараараа хохирогчтой ярин айлган сүрдүүлж байсан гэнэ. Мөн “Зүрх бүхний төлөө” ТББ-ынхантай хүртэл хуйвалдаж, мөнгөө хэрхэн авахаа тохиролцсон байна.

Г хохирогчийн гэрт ажилладаг хүний хүүхэд болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Өөрөө хүнд өвчтэй, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй аж. Одоо түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдаагийн 461 дүгээр ангид саатуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *