Дэлхийн эдийн засгийн 2023 оны чуулга уулзалт Швейцарын Давос хотноо “Хуваагдсан дэлхий ертөнц дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор амжилттай боллоо.
Энэ жилийн чуулга уулзалтад цар тахлын дараах дэлхийн бизнесийн салбарын олон төлөөлөл оролцсон бөгөөд энэ нь “бизнес”, “маркетинг” гэсэн нэр томъёоны утгыг жинхэнэ утгаар өөрчиллөө. Чуулга уулзалтаар эдийн засгийн хямралаас гадна, Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахинд тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцлээ.
Дэлхийн эдийн засаг
Эдийн засгийн тал дээр бизнесийн салбарын манлайлагчид цаашдын хэтийн төлөвийн талаар эерэг таамаг дэвшүүлснээр өөдрөг дүр зураг харагдаж байв.
АНУ, Европ ч мөн одоогоор эдийн засгийн уналтад орох эрсдэлээс хол байгаа бололтой. Үүний сацуу дэлхийн ихэнх улс орны эдийн засаг “COVID-19”-өөс үүдэлтэй нөхцөл байдлаас гарч байгаа нь сайны шинж тэмдэг юм.
Хятад улс “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан хязгаарлалтуудаа цуцалж хилээ нээсэн нь хэтийн төлөв байдлыг эергээр төсөөлөхөд мөн нөлөөлөв.
Гэсэн ч томоохон эдийн засагтай орнуудын Төв банкууд санаа зовоосон асуудлууд байсаар байгааг анхааруулж, инфляцыг хяналтдаа авахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгахаа мэдэгдсэн байна.
Украины тухайд
Украины тал цэргийн нэмэлт тусламж, сэргээн босголтын ажилд санхүүгийн тусламж шаардлагатай байгааг дахин мэдэгдэж, сэргээн босгох үйлст зориулсан амлалтуудыг дайн дууссаны дараа биш, харин одоо өгч эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн Одил Франсуа Рено-Бассогийн хувьд, “Одоо бид хэдий чинээ хүчин чармайлт гаргана, төдий чинээгээр сэргээн босголтын ажил хөнгөвчлөгдөнө” гэж хэлснийг “Reuters” агентлаг эш татан мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч чуулга уулзалтад цахимаар үг хэлж, тус улсын тэргүүн хатагтай Давост биечлэн очжээ.
Уур амьсгалын өөрчлөлт
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Ногоон эрчим хүчийг ашиглах, энэ чиглэлд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь нэн шаардлагатай байгааг уулзалтад оролцогч бүх тал хүлээн зөвшөөрчээ.
Бизнесийн салбарын манлайлагчид мөн чинээлэг улс орнууд болон корпорацууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их хөрөнгө мөнгө зориулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр, хорт хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд биологийн олон янз байдлыг сэргээхэд жил бүр шаардлагатай 3 их наяд долларын санхүүжилтийг бий болгоход туслах зорилготой санаачилгыг эхлүүлжээ.
Чуулга уулзалтын үеэр Грета Тунберг тэргүүтэй байгаль хамгаалагч идэвхтнүүд “Бидэнд Б гараг гэж байхгүй”, “Олборлодог түлшнээс татгалзах ёстой” гэсэн уриа лоозонгуудыг барин эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.