Categories
нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Аялал зугаалгаар явахад анхаарах зүйлс DNN.mn

Зуны дэлгэр цагт хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэхдээ дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Хүмүүс аялж зугаалахдаа ихэвчлэн хоолны хордлогод орох, нарших, даралт ихсэх, цус харвах,усанд живэх зэрэг амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл гардаг.

Иймд:

  • Хувийн эмийн сантай явах /шаардлагатай эм, хэрэгслүүд, гэмтэх үед хэрэглэх ариутгал, боолтын материал, сойлт, хүйтэн жинтэй байх/
  • Ахмад настнууд даралтын аппарат, даралт бууруулах болон бусад тогтмол уудаг эмээ биедээ ойр авч явах, даралтаа тогтмол хэмжих
  • Аялах газрын аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах
  • Нарнаас хамгаалах тос, цацлага, нарны малгай, шүхэр, борооны цув, шумуул, амьтан дайжуулагч тос, цацлага авч явах
  • Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол өөх тос ихтэй хурц хоол, хорхог, боодог идэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг)
  • Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх /хэт олуулаа суухгүй байх/, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалгад явахгүй байх
  • Зам тээврийн аюул, ослоос сэргийлэх /хурд хэтрүүлэхгүй байх, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд аюулгүйн хамгаалалтын бүсийг зүүлгэж, зориулалтын суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах, согтуугаар машин жолоодохгүй байх/
  • Автомашин дотор хүүхдээ орхихгүй байх /Машины дотор гадаах хэмээс +20 градусаар илүү халдаг/

Үер усны эрдэл

Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг.

Иймд:

  • Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах амарч зугаалах
  • Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх
  • Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.

Хүн усанд живж байгаа үед авах арга хэмжээ:

  • Аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах
  • Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах
  • Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
  • Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх
  • Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас амруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/

Могойд хатгуулах

Зуны улиралд иргэд зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай.

  • Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/
  • Хатгуулсан хэсгийг зүрхний төвшингээс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
  • Хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.-Шингэн зүйл их уулгах
  • Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно
  • Мөс, хүйтэн жин тавьж болно. Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
  • Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал байдаг. Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай. Улмаар эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *