УИХ-аас санаачлан зохион байгуулж буй “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэхүү санал асуулгын хүрээнд нийт иргэдийг төлөөлөх 1500 гаруй хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, тодорхой сэдвийн хүрээнд 20 гаруй асуултуудыг асуусан. Харин өчигдрийн уулзалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй иргэд Төрийн ордонд хуран чуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг сэдэв тус бүрээр нь багцалсан 20 гаруй асуултын хүрээнд хэлэлцэж, өөрсдийнхөө санал бодлыг УИХ-д албан ёсоор илэрхийллээ. Өнөөдөр энэхүү уулзалт өндөрлөнө. Тэгвэл манай сонин эдгээр хорь гаруй асуултаас дөрвийг нь онцлон авч спик аутын зарчмаар иргэдээс санал бодлыг нь сонслоо. Ингэхдээ бид төрийн ордон дотроос болон гаднаас тав таван иргэн сонгон авч, дараах дөрвөн асуултыг асуулаа.
Тухайлбал, нэгдүгээрт, ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог бий болгохыг та дэмжиж байна уу?
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг та дэмжиж байна уу?
Гуравдугаарт, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг та дэмжиж байна уу?
Дөрөвдүгээрт, төвлөрлийг сааруулж бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор захиргааны шинэчлэл хийхийг та дэмжих үү? гэсэн асуултыг иргэдээс асууж, тодруулснаа хүргэе.
Төрийн ордон дотроос:
Увс аймгаас оролцогч Б.Тулгаа: -Асуултуудыг чинь эхнээс нь хариулаад явчих уу. Төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог дэмжих үү гэж байна. Би хэлье ээ, үүнийг дэмжихгүй байна. Энэ тогтолцоогоор дахиад нэг сонгуулийн ажил өрнөх юм билээ. Сонгууль гэдэг бол маш том зардал. Сонгуулиар хэсэг хүмүүс гарч ирээд төрийн үйл ажиллагааг хянаад явна гэж байхгүй. Одоогийнхоо хяналт, эрх мэдлийн тэнцвэртэй байдлаа засах л хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Бүр мөсөн өөрчлөх, шинээр Үндсэн хууль батлах, хэлэлцэх асуудлыг дэмжихгүй. Тийм цаг зав бидэнд байхгүй байлгүй дээ. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчилж, нэмж, хасаж явсан нь зүгээр болов уу. УИХ-ыг сайжруулахын тулд олон намын төлөөлөл орж ирэх ёстой. Үүний тулд Сонгуулийн тухай хуулийг шинэчилж, түүнийгээ Үндсэн хуульд оруулж өгөх ёстой. Тэгэхгүй бол сонгууль болохоос өмнө байнга энэ хуулийг сольж, завааруулдаг нь үнэн шүү дээ. Сүүлийн асуултыг нь би хувьдаа дэмжиж байгаа. Би өөрөө Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Манай сум, манайхтай ойролцоо сумдын хүмүүс, залуучууд бүгд хот руу явдаг. Буцаад нэг нь ч ирдэггүй. Зарим малаа барсан айлууд үлдсэн хэдийгээ зараад л хотыг барааддаг. Нэг талдаа малчдын амьдрал хэцүү байгаа учраас л хот руу явж байгаа. Нөгөө талдаа хотод очоод түгжрэл, утаанд нь тодорхой нэмэр болж л байгаа байх. Миний хувьд орон нутгийн хөгжлийг одоо жаахан явуулах ёстой гэж боддог. Тиймээс энэ саналыг би дэмжиж байгаа.
Сонгинохайрхан дүүргийн IX хорооны иргэн Д.Оюундэлгэр: -Зарим асуултуудыг нь үнэндээ ойлгохгүй юм. Надаас нэг хүн ирээд гуч гаруй асуулт асуусан. Нүүрсний хулгайгаа яаралтай шалгаад, нэр холбогдогчдыг нь олон нийтэд ил болгооч л гэж хэлье. Үндсэн хууль битгий хэл энгийн дүрэм, журмаа мөрддөггүй, хэлсэн амнаасаа буцдаг улстөрчид мянга сайхан хууль гаргаад яах юм. Жирийн иргэдийг та нар хууль мөрд гэж ялладаг атлаа өөрсдөө дүрэм, дэгээ ч мөрдөж байгаа зүйл алга байна. Тиймээс Үндсэн хуулийг үнэхээр өөрчлөх шаардлагатай бол улстөрчдөөр биш эрдэмтэд, хуульчид, эдийн засагчид, иргэдийн төлөөллийг хангасан хүмүүсээр өөрчлүүлэх ёстой. Энэ 76-гаар өөрчлүүлбэл өөрсдөдөө тохирсон, өөрсдийнхөө хулгайг далдлах гэсэн хуулийг л оруулж ирнэ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн О.Гантөмөр: -Манай аймгаас 20 хүн ирсэн. Энэ хэсэгт бид 10-уулаа байна. Миний харж байгаагаар манай аймгаас нийгмийн давхаргын янз бүрийн хүмүүс ирсэн харагдаж байна. Ард түмний хүсэж, мөрөөдөж байгаа тэрхүү санал, шаардлагууд яг түүгээрээ хуульд суугдаж өгөөсэй гэж хүсэж байна. Таны тавьсан асуултад хариулахад гурвыг нь хувьдаа дэмжиж байна. Харин Үндсэн хуулиа шинээр хэлэлцье гэдгийг дэмжихгүй.
Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн А.Амархүү: -Ард нийтийн төлөөллийг хангасан хянан шалгах хороо байгуулахыг дэмжиж байна. Одоогийн УИХ-ын 76 гишүүнийг хянадаг, шалгадаг байгууллага гэж алга. Шалгах ёстой байгууллагуудын дарга нарыг УИХ-аас томилж байна. Тэгэхээр өөрсдийг нь томилсон хүмүүсийг юу гэж шалгах юм бэ. Үүнийг болиулмаар байгаа юм. Тиймээс хэнээс ч хараат бус байдаг ард түмнээс сонгогдон гарч ирсэн хүмүүсээс бүрдсэн хянан шалгах хороог байгуулах нь зөв. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх ач холбогдол одоохондоо байхгүй болов уу. Тиймээс дэмжихгүй байна. Парламентын чадавхыг нэмэгдүүлэхийн тулд нэмж гишүүд УИХ-д оруулах хэрэгтэй. Энэ 76 чинь хоорондоо хүзүү сээрээрээ холбогдчихсон учраас ямар нэгэн хэрэг огт илрэхгүй байна. Тиймээс энэ тоог нэмэгдүүлж, олон намын төлөөллийг оруулах нь зөв. Улаанбаатар хотдоо бүгд бөөгнөрч байгаа нь үнэн л дээ. Шинээр хот байгуулах тухай ч ярьж байсан. Шинэ хот байгуулаад түүнийгээ хэзээ хөгжүүлээд явах вэ. Тэр болтол Улаанбаатар хотдоо угаартаад л байж байх ёстой юу. Алсын бодлогоороо шинэ хотоо босгох нь зөв байх. Гэхдээ өнөө маргаашдаа хотод амьдарч байгаа хүмүүст чинь үнэхээр хүнд байна шүү дээ. Тиймээс хэдийнэ байгуулагдчихсан хот, аймаг, сумдынхаа хөгжлийг илүү ярьж, тийшээ чиглэх залуучуудын тоог нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг хийж өгөх нь зөв. Түүнээс бол бид эхлээд хот бариадахъя, тэр болтол та нар түр хүлээж байгаарай гэдэг зүйл байх ёсгүй.
Төрийн ордны гаднаас:
Чингэлтэй дүүргийн иргэн С.Саруул: -Хянан шалгах бие даасан тогтолцоог ямар байдлаар хэрэгжүүлэх нь сонин байна. Энэ бүтэц нь ард иргэдээсээ шууд сонгогддог, дараа нь УИХ албажуулдаг байвал иргэдийн төлөөлөл болно. Тэгэхгүйгээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс нэр дэвшдэг, сонгогддог бол муу жишиг болно. Үндсэн хуулиа шинэчилж батлах нь зөв. Ингэхдээ өнгөрсөн хугацааны алдаагаа засах, ололтоо баталгаажуулахыг хууль тогтоох дээд байгууллага л тодорхой болгох байх. Үндсэн хуулиа шинэчлэх, өөрчлөх хоёрт ямар ч ялгаа байхгүй. Хамгийн гол нь сайн бодлого буюу хуультай л болох нь чухал. Хоёр танхимтай болж болно. Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох, Ерөнхий сайд парламентаа тараадаг хяналт тэнцлийн механизмыг бий болгох ёстой. Хууль хэрэгжүүлэгч, прокурор нарыг Ерөнхий сайд томилдог, харин øүүгч нарыг иргэдээсээ бүх насаар нь сонгодог болох, сонгуулийн хугацааг таван жил болгох зэрэг өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Парламентаа бэхжүүлэх, тогтолцоогоо сайжруулах, ардчиллыг улам төгөлдөршүүлэхийг хэн хүнгүй хүсэж байгаа байх. Би ч дэмжиж явдаг хүн. Сүүлийн асуулт болох нийслэлийг нүүлгэх, Үндсэн хуулиараа Монгол Улсын нийслэлийг солих асуудлыг дэмжихгүй байна. Харин яриад байгаа шигээ төвлөрлийг сааруулах, тараах, задлах асуудлыг бол дэмжиж байна. Аймагтаа, сумандаа, багтаа сайхан амьдрах боломжийг л бүрдүүлээд өгчих хэрэгтэй. Тэгвэл хэн ч Улаанбаатар луу явахгүй. Харин Улаанбаатараас очих хүн олон байх шүү.
Сүхбаатар дүүргийн иргэн Т.Галхүү: -Манай төр, засаглалын тогтолцоонд засаж сайжруулах зүйл зөндөө бий. Гэхдээ сонгууль дөхөөд ирэхээр л Үндсэн хуульдаа халддаг муухай хандлага бий болсныг сайшаадаггүй. Тэр бүрд эрх мэдлээ хэрхэн хадгалж үлдэж, улс төрд давуу байдал олж авах вэ гэсэн атгаг санаа байдаг. Эхний ээлжинд давхар дээлээ тайлж, салбарын мэргэжлийн хүмүүсийг тавь.
Баянгол дүүргийн иргэн У.Мягмаржав: -Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Өөрийнхөө саналыг хороондоо хүргүүлсэн. 1992 оноос өдийг хүртэл томоохон өөрчлөлт ороогүй. Өөрчлөхдөө дандаа сандал суудлын байршлыг солих, нэмэгдүүлэх л өөрчлөлт орсон байх. Түүнээс биш тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд нэг ч ороогүй. Улс төрийн намын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох асуудлыг Үндсэн хуульд оруулж өгөх ёстой. Санхүүжилтийг нь хүртэл тодорхой заагаад өгчих хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоо, сонгууль явуулах журмыг Үндсэн хуульд оруулах шаардлагатай. Гишүүдийн тоог нэмэгдүүлж болох ч одоогийн зардлыг нь өсгөхгүйгээр нэмэгдүүлэх боломжоо судлах хэрэгтэй. Хэрэв гишүүдийн тоог нэмэхээр бол Засгийн газрын сайд нарын тоог багасгах гэх мэт зарчмаар явбал зүгээр санагдана. Нийслэлийг нүүлгэх шаардлагатай. УИХ-аас бусдыг нь бусад аймаг, хотуудад аваачих ёстой. Засгийн газар, УИХ хоёрыг салгах хэрэгтэй. Дээд шүүх, Ерөнхийлөгч хоёрыг хол байлгах хэрэгтэй. Томилгоонуудыг өөрчлөх шаардлагатай. Тэгэхгүй бол бүгд нэг дор нэг газарт төвлөрчихөөр хулгай, авлига, түгжрэл, утаа гэх мэт улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдчихсан асуудлууд шийдэгдэхгүй ээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Чинбат: -Улс төрийн болоод төрийн эрх барих, тогтолцоог өөрчлөх асуудал өнөөдөртөө ард түмэнд тулгамдчихсан зүйл биш. 40,50 их наядаар улсаа хорлодог хулгайчдадаа эхлээд ялыг нь өгөөд явуулчих. Байгалийн баялаг ард түмнийх. Тиймээс өнгөрсөн 20 жилийн байгалийн баялгаас олсон хөрөнгө, ашиг, орлогоо гурван сая хүндээ тарааж өг. Үгүй бол УИХ, Засгийн газар огцрох ёстой. Юмны үнэ үнэтэй байна. Цагаан сараа өнгөрсөн хоёр жил ковидоос болоод тэмдэглэж чадаагүй. Энэ жил үнийн өсөлтөөс болж тэмдэглэж чадахгүй байна. Цагаан сар гэхээс илүү үр хүүхдээ эрүүл саруул байлгаж, өдрийн хоолыг нь таслахгүй гэж л ажиллаж байна. Над шиг иргэд олон байгааг би харж байна. Ийм иргэдээс Үндсэн хуулиа өөрчлөх үү, бид ажлаа муу хийж байна уу, эрх мэдлээ яаж зохицуулах вэ гээд асууж байгаадаа эрх мэдэлтнүүд, төр, засаг өөрсдөө ичих хэрэгтэй. Ирэх жилийн сонгуулиар хэнд ч санал өгөхгүй. Ямар ч хулгайч гарч ирсэн адилхан. Би 30 гаруй жил багшиллаа. Одоо тэтгэвэртээ суусан хүн. Авч байгаа тэтгэвэр маань шуудай гурил аваад л дуусаж байна. Хүн сайхан амьдрахын төлөө ажилладаг бол бид хулгайчдыг тэжээхийн төлөө ажиллаж ирж.