Хүйтэн дайны дараа Зүүн хойд Азийн бүс нутгийн сөргөлдөөн намжиж, даяарчлалын нөлөөгөөр эдийн засаг хурдтай хөгжсөн бүс нутаг болсон боловч “КОВИД”-ын нөлөөгөөр Солонгосын хойгт цөмийн зэвсгийн аюул, бүс нутгийн улс орнуудын олон хэлбэрийн сөргөлдөөнүүд нэмэгдэж байна. Ийм нөхцөлд Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын найрсаг харилцаа тогтвортой байж чадах уу? Бүс нутгийн хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд ямар алхам шаардлагатай вэ? Гэсэн тулгамдсан асуудал гарч ирж байна. Солонгосын нэгдмэл байдал нь Солонгосын хойгийн цөмийн хямралыг шийдвэрлэх гол түлхүүр бөгөөд Зүүн хойд Азийн улс орнуудын тогтвортой хөгжилд түлхэц болно гэж судлаачид, улс төрчид дүгнэлт хийдэг ч хэрхэн, яаж гэдэг арга зам дээр нэгдмэл хариулт байхгүй байна.
Монгол улс хүчний хувьд жижиг ч энэ бүс нутгийн бүх улстай найрсаг харилцаатай чөлөөт ардчилсан засаглал руу тайван замаар шилжсэн, цөмийн зэвсэггүй улс гэдэг шинэ статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталгаажуулсан, 2 Солонгостой уламжлалт сайн хөршийн харилцаатай улсын хувьд олон жил тасалдаад байгаа “зургаан талт яриа +” хэлэлцээрийг эхлүүлж шинэ шатанд авчрахад онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой гэж геополитик судлаачид дүгнэдэг. Манай улсын энэ давуу талд тулгуурланолон улсын судалгааны болон иргэний нийгмийн байгууллагууд Монголын форумыг 2018 оноос жил бүр зохион байгуулж иржээ. Энэ удаагийн форум “Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдэл” гэсэн сэдвийн дор цахимаар гурван өдөр хуралдаж
1.Ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжлийн стратеги,
2.Чөлөөт, нэгдмэл Солонгосын төсөөллийг урагшуулах нь
3. Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүс ба Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх оролцогч талуудын үүрэг
4.Түмэн голын санаачилгаас авсан сургамж: Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцийг Чөлөөт, Нэгдмэл Солонгос руу чиглүүлэх нь
5. Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэх залуучуудын оролцоо, манлайлал гэсэн 5 асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай өндөрлөлөө. Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэ форумд Монгол, АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Энэтхэг, БНСУ, Англи, Индонез зэрэг орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн бус судалгааны байгууллагуудын судлаач, нэр хүндтэй дипломатууд, эрдэмтэд оролцдог бөгөөд хурлыголон улсад нэр хүндтэй “Цэнхэр Сүлд” ТББ, “Дэлхийн энхийн их наадам” ТББ,“Солонгосын нэгдлийг дэмжих “Монголын форум” болон АНУ-аас “Дэлхийн энх тайвны сан”, “Нэг Солонгос Сан”, БНСУ-аас “Нэг Солонгосын төлөөх ТББ-уудын холбоо” хамтран зохион байгуулжээ.Өмнө нь “Улаанбаатарын дугуй ширээний хурал” гэдэг нэрээр зохион байгуулагдаж байсан ОУ-ын энэ Форум Ковидын үед цар хүрээгээ улам тэлж судлаачид, дипломатууд, улс төрчдийн болон сонирхогчдын хүрээ тэлж “Монголын форум” нэртэйгээр өргөн хүрээтэй, олон сарын бэлтгэл ажилтай зохион байгуулагдсан. Хурлын нээлтэнд Монгол улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн ОУ-ын бодлогын зөвлөх Э. Одбаяр, мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдээс 2 төлөөлөгч, АНУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч, мөн Өмнөд Солонгос, Хятад, Японы зарим ТББ, судалгааны хүрээлэнгүүдийн удирдлага, төлөөлөгчид оролцож үг хэлсэн нь хурлын ач холбогдлыг өндөрт өргөлөө.Энэ удаагийн форумд Монголын талаас маш олон хүн оролцож үг хэлж, маш олон ажиглагчдад санал бодлоо хуваалцах боломж олгосон нь уг хурлын жилээс жилд өргөжиж байгаа бас ахиц хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна. МөнМонгол, Хятад, Солонгос, Япон зэрэг орны оюутан залуучуудоролцож санал бодлоо илэрхийлж хуралдааныг Монголын залуу судлаачид удирдан явуулж, монголын залуучуудын ТББ-ын төлөөлөгч илтгэл тавьж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачидтай санал солилцсон нь олон боломжийг бүрдүүлсэн сайхан үйл явдал байв.
Олон улсын энэ Форум нь ON 24 виртуал платформ дээр зохион байгуулагдаж хурлын илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариултыг Солонгос, Япон, Англи хэлээр орчуулгатай явагдаж дунджаар 2000 идэвхтэй оролцогчид хуралд идэвхтэй оролцож олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алдартай судлаачид оролцож сонирхолтой илтгэл хэлэлцүүлсний үр дүн юм. ON 24 виртуал платформ дээрээс хурлын мэдээлэлтэй танилцаж болно. Монголын талаас Эдийн засагч Н. Энхбаяр, ОУ-ын эдийн засаг судлаач Н.Доржсүрэн, ОУ-ын судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, олон улсын харилцаа судлаач Д.Отгонбаатар нарын ахмад, дунд, залуу үеийн судлаачид оролцсон билээ.
Ж.Энхсайхан: Солонгосын хойгт энх тайван тогтооход их гүрнүүд бусхоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ чухал үүрэгтэй гэдэгт эрдэмтэд санал нэг байна
Бид энэ удаа Монголын талыг төлөөлж илтгэл хэлэлцүүлж, хурлыг удирдсан ахмад дипломатч, судлаач, эрдэмтэдтэй хурлын тухай цөөн хором ярилцлаа. Ахмад дипломатч Ж.Энхсайхан нь “Цэнхэр сүлд” ТББ-ын Гүйцэтгэх захирал. Олон улсын Энх тайвны товчоо (International Peace Bureau)-ны удирдах зөвлөлийн гишүүн. 1993-1994 онд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал болон цэргийн номлолын үндсийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулсан. Монгол улсыг Цөмийн зэвсэггүй бүс нутаг болохыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн улсуудаар баталгаажуулах ажлыг санаачилж хэрэгжилтийг удирдсан, манай улсын шилдэг дипломатч, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд билээ. Тодруулбал, Жаргалсайханы Энхсайхан бол удам дамжсан дипломатч юм. Ж.Энхсайхан нь ОХУ, Австрид Элчин сайдаар ажиллаж байсан димломатч юм. Мөн тэрээр шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан хэмээх Дэлхийн энх тайвны сангийн шагналыг (Innovative Scholarship for Peace Award)-ыг 2019 онд хүртсэн.Тэрээр одоо ч олон улсын харилцааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.
–“Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдэл” хурлаар яг ямар ямар асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн бэ?
-Хурлаар ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжлийн стратеги, Чөлөөт, нэгдмэл Солонгосын төсөөллийг урагшуулах нь, Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүс ба Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх оролцогч талуудын үүрэг, Түмэн голын санаачилгаас авсан сургамж: Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцийг Чөлөөт, Нэгдмэл Солонгос руу чиглүүлэх нь, Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэх залуучуудын оролцоо, манлайлал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.
Ковидын дараах ертөнцийн асуудлаар Монгол, АНУ, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Индонези, Энэтхэгийн төлөөлөгчид товч илтгэл тавьж авч буй арга хэмжээний талаар ярихын зэрэгцээ цаашид ямар арга хэмжээ авч болох талаар санаа бодлоо илэн далангуй хуваалцлаа. Солонгосын нэгдлийн асуудлын талаар ярилцахад энэхүү асуудлыг их гүрнүүд бус харин хоёр Солонгос өөрсдөө яриа хэлэлцээний замаар ярилцаж шийдэх учиртай гэдэгт хуралд оролцогсод бүгд санал нэгдэж байна. Түүнчлэн хоёр Германы нэгдлийн сургамжтай холбогдуулж янз бүрийн санаа гарч байна. Үүнээс харахад авч болох, болохгүй зүйл нэлээд байгаа нь харагдлаа.
-Зүүнхойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаарх асуудал нэлээд сонирхол татаж байсан. Гэхдээ энэ асуудалд гол бүс нутгийн орнууд огт дуугардаггүй. Эдгээрийг өөрсдийг нь хуралд татан оруулах, энэ талаарх байр суурийг сонсох чухал гэж та хэлж байсан. Энэ тухайд?
-Хуралд оролцогчдын анхаарлыг татсан нэг асуудал бол Зүүнхойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах үйл явцад төрийн бус болон судалгааны байгууллагуудаас дөхөм үзүүлэх боломжийг тодорхой хэлэлцсан явдал байв. Солонгосын хойгийг, цаашилбал, Зүүнхойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлын талаар бүс нутгийн төрийн бус болон судалгааны байгууллагууд нэлээд ярьж түүнийг хэрхэн байгуулж болох талаар олон янзын санал гаргадаг. Нөгөөтэйгүүр, уг бүс нутгийн орнууд тийм бүс байгуулах асуудлын талаар огт дуугүй байдаг нь АНУ өөрийн холбоотон Япон, Өмнөд Солонгосыг ямар ч тохиолдолд хамгаална гэсэн хатуу үүрэг амлалттай нь холбоотой байдаг бөгөөд түүнд ямар нэгэн эргэлзээ төрүүлэх сонирхолгүй байдагтай нь холбоотой. Мөн түүнээс гадна хэрэв АНУ-ын баталгаанд эргэлзээ төрвөл Япон, Өмнөд Солонгос хоёр өөрсдөө цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх газаргүй гэж үздэг. Энэ талаар АНУ, Өмнөд Солонгос, Японы судалгааны байгууллагууд тус тусдаа болон хамтдаа тодорхой санал гаргаж хэлэлцэж ирсэн.
-Манай улсын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Зүүнхойд Азийн орнууд дотроос Монгол улс цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломжийг албан бусаар судалж үзэж хэрэгтэй, энэ бол хэрэгжих боломжтой асуудал гэж мэдэгдэж албан бус судалгаа хийж ирсэн байдаг. Манай“Цэнхэр Сүлд” ТББ тийм бүс байгуулахын тулд олон улсын баталгааг илүү хүчтэй болгож, бүсийн нэг чухал субъект болох Умард Солонгосыг татан оролцуулах хэрэгтэй, шаардлагатай бол түүнд олон улсын зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээг аажмаар сулруулж олон улсын эдийн засгийн тусламж үзүүлэх нь илүү үр дүнэй болно гэж үзэж ирсэн. 2020 оны 9 сард бүсийн төрийн бус болон судалгааны зарим байгууллагууд тэрхүү санаг тойруулан цахимаар хуралдаж тийм үйл явцаг дэмжиж урагшлуулах олон улсын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж уг асуудлаарх улс орнуудын байр суурийг гаргаж тогтоохоор шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг Монголын энэ форумын хүрээнд тусгайлан хэлэлцээд судлаачдын багийг байгуулж асуудлыг зангидаж байх нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахаар болсон нь хурлын нэг тодорхой үр дүн. Багийг монголын болон АНУ-ын хоёр судлаач хамтран ахлахаар болсон. Ирэх жил хийх Монголын форумын хурлаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
-Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн өөр чухал асуудлаас онцолж дурдахгүй юу?
-Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар энэ удаа Түмэн голын санаачилгыг тусгайлан хэлэлцэж, асуудлыг өнөөгийн шинэ нөхцөлд дахин сайтар харж үзэх нь зүйтэй гэж оролцогчид үзэцгээсэн. Ковидын дараа улс орнуудын хамтын ажиллагаа одоогийнхоос илүү идэвхтэй, илүү нягт уялдаатай болох нь тустай гэдэг дээр ч энэ бүс нутгийн эрдэмтэд санал нэг байна.
Б.Лхагваа: БНХАУ БНАСАУ, БНСУ БОЛОН АНУ ГЭСЭН ДӨРВӨН ТАЛТ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛЭХ ХУВИЛБАРЫГ ХЯТАДЫН ЭРДЭМТЭН ГАРГАВ
Ахмад дипломатч, доктор Б. Лхагваа нь МУИС-ийн ОУХДС-д багшилж байсан. БНАСАУ, БНСУ-д олон жил дипломат алба хашсан. Солонгосын хойг, Солонгосын хойгийн энхийн үйл явцын талаар бодитой судалгаа хийдэг манай улсаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын нэг юм. Түүнээс энэхүү хурлын талаар тодрууллаа.
-Олон улсын эрдэмтэд Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлд ямар шинэлэг санаа дэвшүүлэв?
-Солонгосын хойгийн асуудлаар тавигдсан илтгэлүүдийг дүгнэж үзэхэд сонирхолтой олон шинэ санаа оноо, үзэл бодол гарч буй нь анхаарал татлаа. Тухайлбал бус нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зарим талаар хязгаарлалт, саад тотгор учруулж буй Солонгосын Хойгийн хямралт байдлыг гэтлэн давж, тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох замаар энхийн процессыг урагшлуулах үйл явцыг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг эрдэмтэд онцолж байв. Үүний тулд Солонгосын асуудлаар холбогдогч талуудын нэгдүгээр шугамаар \дээд түвшинд албан ёсоор\ явагддаг албан ёсны яриа хэлэлцээг хоёрдугаар шугамаар \эрдэмтэн судлаачдын хүрээнд\ дэмжиж хүрээг нь тэлж, олон нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулах хосолмол аргыг хэрэглэх нь үр дүнтэй гэсэн саналыг судлаачид дэвшүүлж байв. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Умард Солонгосын талаар авсан хоригийг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллахыг АНУ-ын зүгээс уриалж байгаа тухай зарим илтгэлд дурдагдсан. Хамтарч ажиллах байгууллагуудын хүсэлт саналыг ирэх оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл хүлээж авах юм шиг байна. Өөр нэг анхаарал татсан асуудал нь Солонгосын асуудлаар Солонгосын хоёр тал дээр АНУ, БНХАУ гэсэн дөрвөн талт яриа хэлэлцээг эхлүүлэх хувилбар байж болох юм, 1953 оны дайны гал зогсоосон гол субъектүүдийн хувьд гэсэн саналыг Хятадын судлаач гаргасан. Дараачийн нэг шинэлэг гэмээр зүйл нь чөлөөт нэгдсэн Солонгос улсын эзлэх байр суурийн төлөв байдлын талаарх судалгааны материалуудыг зарим эрдэмтэн гаргаж ирсэн нь сонирхол татсан. Судалгааны тэрхүү төсөөллөөс үзэхэд хэрвээ Солонгосын хоёр тал нэгдэж нийлчихвэл 2050 он гэхэд эдийн засгийн хувьд дэлхийн арав дахь хүчирхэг эдийн засагтай улс болж, нэг хүнд ногдох эдийн засгийн үзүүлэлтээр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроо хоёрдугаарт орох юм байна. Далайн болон эх газрын хүчнийг тэрчлэн хөгжиж буй хийгээд хөгжингүй орнуудыг холбосон тус хойгийн газар зүйн байрлалын ач холбогдол, бүс нутгийн хамтын ажиллагаанд эзлэх жин байр суурь нь тэр хэрээр өсөн нэмэгдэх боломж нээгдэх тийм өөдрөг дүр зураг харагдсан. Гэхдээ цөмийн зэвсэгтэй бүс нутгийн ийм их гүрэн гарч ирэх нь хөрш зэргэлдээ улсуудын болгоомжлолыг төрүүлж болзошгүй учраас цөмийн зэвсгээс тус хойгийг ангижруулах нь хамгийн тулгамдсан зорилт гэдгийг судлаачид тэмдэглэсэн.
-Эрдэмтэд Солонгосын хойгийн талаар ямар зүйл дээр санал нэгдэж байгаа вэ?
-Ер нь Солонгосын хойгийн асуудал өөрөө нэлээд ужгирсан, Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах магадлал бага, дээр нь бас холбогдогч талуудын стратегийн ашиг сонирхол өөр өөр байдаг тул шийдэхэд ихээхэн төвөгтэй асуудал юм. Харин нэг нааштай тал нь гэвэл асуудлыг энхийн арга замаар шийдэх ёстой гэдэг дээр талуудын байр суурь нэгдэж буй явдал юм гэдгийг бас онцолж байв. Үүнд хугацаа их шаардагдана, гэхдээ эцсийн эцэст асуудлыг цогцоор нь шийдэх цорын ганц арга зам бол тайван, чөлөөт байдлаар хуваагдмал байдлаа гэтлэн давах, өөрөөр хэлбэл нэгдэж нийлэх явдал гэдгийг олон судлаачид онцлоод энэ асуудлыг Солонгосын ард түмэн шийдэх учиртай, тийм боломжоор хангагдах ёстой гэж байв. Зарим судлаачид үндэстнээ нэгтгэх асуудалд БНСУ-ын залуу үеийнхэн хойрго хандаж байгааг Сөүлийн Их сургуулиас явуулсан тандалт судалгааны үр дүн харуулсныг дурдаад үүний гол шалтгаан нь хуваагдмал байдал ужгиран даамжирч үндэстэн хоорондоо холдон төсөөрч буйн уршиг юм гэж тодорхойлж байна лээ. Өөр бас нэг залруулах ёстой таагүй хандлага илэрч байгаа нь эхний ээлжинд Солонгосын Хойгт бат бэх энх тайван тогтоох, дараа нь нэгдэж нийлэх тухайгаа ярих нь зүйтэй гэсэн дэс дараалал маягийн зүйл яригдаж байгааг зарим судлаачид буруушаагаад энэ хоёр асуудал бол өөр хооронд нь салгаж үл болох харилцан уялдаатай нэг цогц зорилтын хоёр тал нь юм. Тайван тогтвортой байдал хангагдах нь үндэстнээ нэгтгэх үйл явцыг түргэтгэх дөт зам бөгөөд нэгдэж нийлэх нь тайван тогтвортой байдлын найдвартай баталгаа болж өгнө, хуваагдмал байдал үргэлжилсэн цагт хямрал,сөргөлдөөн бүрэн үгүй болно гэж байхгүй гэж үзэж байгаагаа эрдэмтэд илэрхийлсэн.
-Монгол Улсын Зүүн Хойд Ази дахь энх тайван тогтвортой байдалд баримталдаг байр суурины талаар хөндөв үү?
-Монгол Улс бүс нутагтаа хоёр талын харилцааны зөрчил, сөргөлдөөнгүй, төвийг сахисан улс тул Солонгосын Хойг зэрэг бүсийн ээдрээтэй асуудлыг хэлэлцэж ярилцаж байх нэг гол цэг байж болох бөгөөд ингэх ч үүрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж буйгаа илэрхийлээд Монголын форумын ач холбогдол үүгээр тодорхойлогдоно гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид санал нэгтэй тэмдэглэсэн шүү.
Дашрамд дурдахад хуралд 59 хүн шууд оролцсон бол хурлын ажиллагаанд хоёр мянган орчим хүн ажиглагчаар оролцож, зарим нь асуултаа бичгээр тавьж шууд буюу бичгээр хариу авсан байна. Мөн хурлын бичлэгийг хийж youtube-д байрлуулснаар хурлын холбогдолтой материал улам олон хүнд хүрсэн нь энэ хурлын бас нэг онцлог болжээ. Ковидоос өмнө Монголд олон улсын хурал хийгдэж байсан боловч түүнд тусгайлан уригдаж ирсэн төлөөлөгчид л оролцож байжээ. Тэгвэл энэхүү цахим хурлыг Монголд амжилттай хийлгэснээр хөрөнгө зардал, газарзүйн байршлын ялгаа багасч Монголд бусад улсын адил олон улсын хурлыг хийлгэх боломжтой болж байгааг хурал тод томруун харууллаа хэмээн эрдэмтэд сайшааж байлаа.
Энэхүү хурлыг хийлгэхэд техникийн талаас гадаадын түнш байгууллагууд үлэмж тусламж үзүүлснийг энд зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй. Хурлын бэлтгэлийг хангах, хурлын ач холбогдлыг өргөн олон нийтэд таниулах, олон хүнийг хурлын ажиллагаанд татаж оролцуулүах, хурлын материалыг youtube, facebook болон олон нийтийн зарим бусад сайтад цаг алдалгүй тавих талаар тэднээс сурч хэвшүүлэх зүйл монголын талын зохион байгуулагчдад их байгааг энэ хамтын ажиллагаа мөн харууллаа.