Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г 10 дахь өдрөө зохион байгуулж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрх тус бүрээс нэг иргэнийг хамруулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г суурин 11, явуулын 75 багаар зохион байгуулж буй юм.
“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөөдөр (2021.02.20) Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өглөө. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22123 өрхийн нэг гишүүнийг хамруулсан. Хан-Уул дүүргийн шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн, алслагдсан хороодын нийтдээ 4000 орчим өрх бий. Өнөөдөр тус хороодын 2000 өрх, маргааш мөн 2000 өрхийн гишүүнээс шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, самнах байдлаар PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны 22 мянга гаруй өрхийг шинжилгээнд хамруулж байна.
Түүнчлэн хөл хорионоос өмнө зусландаа очсон иргэдийн тухайд дүүргийн Засаг дарга нар тэдгээр иргэдийн тоог гаргаж, явуулын баг шинжилгээг үлдсэн гурван өдөрт багтаан бүрэн авч дуусгана” гэлээ.