Categories
мэдээ нийгэм

Зургаан настай хүү эмээ, дүүгээ галаас аварчээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумд энэ сарын 21-нд гуравдугаар багт оршин иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарч, улмаар хоёр гэр шатсан байна. Гал гарсан даруйд Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очсон байна. Тэднийг очих үед хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байжээ.

Тухайн өдөр буюу гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт ирсэн байна.Тус тоглолтыг үзэхээр гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байжээ. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай аж. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддаггүй юм байна. Ийм гурван хүн гэрт үлдсэн бөгөөд тэд унтахаар хэвтэх үед гэнэт гал гарч эмээ нь сандарч галыг унтраахыг оролдсон байна. Тэрээр энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж галын тухай дуулгажээ.

Гэвч гал маш хурдтай дэгдэж, утаа угаар дүүрэх үед эмээ ухаан алдсан байна.Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж, дараа нь ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин орсон гэнэ. Хэдийгээр эмээгээ чирч гаргахад хүнд, хүчрэхгүй нэлээд удсан ч тэр эмээгээ галын аюулаас аварч чаджээ.

Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргасныхаа дараа Э.Жадамба хүү гэрээсээ унтаж байсан хөнжил гудсаа гаргаж амжжээ. Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлаас тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж амжсан ч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ үлдээгүй байна.

Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ.Тиймээс ослын газарт Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил одоо үргэлжилж байна.

Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи ХХК”-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг иргэн Базаррагчаагийнд хүлээлгэж өгчээ. Мөн Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Түүнчлэн сумын иргэд хуучин шинэ гэлтгүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилсэн аж.

Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварснаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *