Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Төсөлд зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ хэмээн тодорхойлсон бөгөөд баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулж, баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтоохоор тусгах саналыг Ажлын хэсгээс оруулжээ. Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй юм байна. Дээр заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно хэмээн тусгажээ. Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулж болох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно хэмээн баривчлах шийтгэлтэй холбоотой саналыг томьёолсон байна. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төсөл дэх Албадан сургалт гэсэн зүйлийг өөрчлөн найруулах саналыг гаргажээ. Ажлын хэсгээс, Шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна. Апбадан сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулна хэмээн найруулах санал гаргасныг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн дэмжсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танхайрах үйлдэлтэй холбоотой зүйлийг өөрчлөн найруулах санал гаргасныг олонхи дэмжсэн.

Ингээд төсөлд, Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн бол, түүнчлэн үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тусгахаар боллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан санал гишүүдийн дэмжлэгийг авсан.

Хуулийн төслийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.03.10./ Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтөлж явуулсан.

УИХ-ын гишүүн, Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ.

Тэрбээр ярихдаа “Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд цоо шинэ Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн тухай хуульд 232 хууль дахь журмын эсрэг зөрчлүүдийг төрөлжүүлэн нэгтгэсэн. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, эрх зүйн шинэтгэлийг дэмжсэн, бүтээлч шинэлэг саналуудыг хэлэхийг хүсье” гэв.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Танилцуулгадаа “Зөрчлийн тухай хуулийн төсөл олон жил яригдсан. Өнөөдрийн байдлаар Х.Нямбаатар гишүүний хэлснээр 232 хуулиар зөрчилд шийтгэл ногдуулж байгаа. Үүнийг тодорхой хэмжээнд системчилж, төрөлжүүлж, нэгтгэх зүй ёсны шаардлагатай. Ингэснээр хуулийг хэрэгжүүлж буй байгууллагуудын хувьд хийдэл гаргахгүй, шийтгэлийг тухай бүрт нь ногдуулах, иргэд ч хуулийг нэг мөр ойлгож, мэдээлэлтэй байх, ямар зүйлийг зөрчилд тооцох, ямар зөрчил гаргавал ямар шийтгэл хүлээх вэ гэдгийг нэг хуулиар дамжуулж нэгмөр ойлгох ач холбогдолтой болно” гэж дурьдав.

Дараа нь Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, ажлын дэд хэсгийн гишүүн Г.Оюунболд “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл-бусад орны туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

Төгсгөлд нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан оролцогчид асуулт асуун, санал хэлсэн.

Хуульчдын холбооны бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэлхам, Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Энхболд, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Орших, Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, Мөрдөн байцаах газрын Хулгайн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэн нар асуулт асууж, санал хэлэв.

Асуултад ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өгч, санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Та бүхний гаргасан чухал саналуудыг хуулийн төсөлд тусгана. Бичгээр санал өгөх нээлттэй. Өнөөдөр ирсэн хүмүүс Зөрчлийн хуулийг нийгмийн амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд өөр өөрсдийн санаа бодлыг нэмэрлэх зорилго агуулсан гэж ойлгож байна. Анх удаагаа бид амьдралд зөрчилтэй холбоотой төрөлжсөн хууль хэрэглэх гэж байна. Амьдрал баян учраас хэрэгжих явцад алдаа, оноо гарахыг үгүйсгэх аргагүй, тухай бүрт засаж сайжруулах зорилга тавьж ажиллана. Зөрчлийг шалган, шийдвэрлэх субектүүд тухай бүрт зөрчлийг шийддэг байя гэсэн зарчим бид барьж байгаа” хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *