Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр

Өнгөрсөн долдугаар сарын 26-ны оройн 18 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Энэ үзэгдлийг эрдэмтэд шинжлэх ухааны хэлээр тайлбарлахдаа орон нутгийн чанартай хар салхи хэмээн томъёолдог ажээ. Харин монголчууд эртнээс “Луу унжих” гэж нэрлэсээр ирсэн байна. Гэхдээ энэ цагийн Монгол орны хувьд хар салхи гэсэн ойлголтоор бус байгалийн онц аюултай үзэгдэл, гамшиг гэж томъёолдог. Тухайн үед салхины хүч, хор хөнөөл ямар байсан, нутаг орны иргэдийн аж байдал ямар байгааг онц, аюулт үзэгдэл болсноос хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 28-нд очиж сурвалжилснаа хүргье.

Тэрхүү байгалийн гамшигт үзэгдэл хэдийгээр Хашаат сумын төвөөс зүүн урагш 30 орчим км буюу бидний сайн мэдэхээр Элсэн тасархайгаас баруун зүгт 40 км зайд их, бага Номгон уулын өвөрт болж таван айл өртөөд байгаа ч нутаг орны нийт иргэд ихээхэн цочирджээ. Хашаат суурингийн иргэд үйл явдлыг нүдээрээ үзээгүй ч аанай л амнаас ам дамжин нэмж хачирлан ярисаар байв. Хархорин, Хотонт, Хужирт сумаас хүмүүс сонирхон ирж байсан бол “Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт болоод холын аймгуудаас байнга утас цохин юу болсныг сонирхож байна” гэдгийг уулзсан хүн бүр өгүүлнэ. Сумын төв дээр Засаг дарга, ИТХ-ын дарга хийгээд байгаль орчны байцаагч, хүн эмнэлэг, цаг уурын мэргэжилтнүүд гээд цөөн хэдэн хүн бодит байдлыг газар дээр нь очиж үзсэн байв. Гэлээ ч Хашаат суурингийн иргэд бүгд л өөр өөрийнхөөрөө асуудалд хандаж, тайлбарлан ярьж байлаа.

Ихэвчлэн мухар сүсгээр буюу “Лус савдаг хилэгнүүлсэнтэй холбоотой. Уул овоо тахихдаа ч юм уу газар усанд хүндэтгэлгүй хандсанаас ийм зүйл тохиолоо” гэлцэнэ. Хашаат сумын иргэдийн өгүүлэхийг сонсвол эртний үлгэр тууль эсвэл зөгнөлт кинонд гардаг шиг зүйлийг сүр бадраан ярина. Ж.Чимэд, Г.Насанбат нарын өгүүлснээр бага үд хэвийх үеэс эхлэн тэнгэр хүнгэнэн дуугарч эхэлжээ. Сонсоход олон онгоц нисэн өнгөрч байгаа мэт эсвэл томоос том эвэр бүрээ үлээж байгаа юм шиг сонстож байж. Өдрийн 16 цагийн орчимд сэмжин үүлний үзүүр ч харагдахгүй байсан бол төд удалгүй баруун хойноос хурын хар үүл хуралдаж эхэлсэн гэнэ. Гэнэт гарч ирсэн хар үүлний түрүүч Номгон уулын өвөр Бор хоолойн урд дэнж, Хөөврийн толгойн дээхнэ ирсэн даруйдаа хоёр хэсэгт хуйлран эргэлдэж эхэлжээ. Ийм үзэгдэл 30 орчим минут үргэлжлээд оройн 18 цагийн үед хоёр үүлэн хуйлраа нэгдэж нэгэн цул болоход газрын гадарга дээр их тоос босчээ. Нүд ирмэхийн зуурт газарт хөдөлсөн тоос тэнгэр өөд цойлон үүлэн хуйлраатай нэгдсэн нь байгалийн гамшгийн эхлэл болж. Тэнгэр баганадсан хуй салхи эрчилж эхлэхэд түрүүнүүс хойш гараад байсан дуу татарч хүчтэй шуурганы исгэрэн улих чимээгээр солигджээ. Гамшигт үзэгдлийн үргэлжлэх хэмжээ маш богино байж. Бараг 20 хүрэхгүй минут үргэлжлээд тэр их тоос шороо, тэнгэр баганадсан хуй алга болоход газрын хөрсийг анжсаар сэндийчсэн мэт болгожээ. Хашаат сумын төвд оршин суух дээрх хоёр иргэнийг энэ тухай ярьж байхад тойрон цугласан олон “Тэнгэр баганадсан тэр хуйг яг өмнөөс нь харахад оройн хэсэгт нь улаан гал авалцаж байсан гэнэ лээ” гэж үг нэмнэ. Номгон уулын өвөрт ийн байгалийн онц аюултай үзэгдэл үүсч иргэн Ч.Баярсайхан, Б.Батжаргал, С.Гантөмөр, Чадраабал, Доржсүрэн, Гэрлээгийн хот айлд хохирол учруулахад эргэн тойрон 30 орчим км радиуст ширүүн  бороо,  мөндөр холилдон орсон байна. Мөндрийн хэмжээ ойролцоогоор 8-12 см радиустай буюу томхон мандарины дайтай байсан бөгөөд хайлуулахад 300-500 грамм ус гарч байсан гэдгийг ч цугласан олон хэлэхээ мартсангүй. “Мөндрийн ус тунгалаг, уусан ч асуудалгүй байдаг бол энэ удаагийнх нэг тийм цийлгэр өнгөтэй байсан. Лавтай лус хилэгнүүлснээс боллоо” хэмээн сүсэлцгээнэ. Зарим нь ийн сүслэнгүй өгүүлж байхад нөгөө хэсэг нь нэгнээ явуулж байхтай ч таарлаа. “Яагаав. Нөгөө Батаа чинь тэр их салхи шуурга, мөндөр нүдэж байхад дэлгэцтэй ааруулаа оруулах гэж гараад шалдан орж ирсэн гэсэн” хэмээн хөхрөлдөнө. Сумын төвийн дэлгүүрийн үүдэнд цугалсан олны яриа нэг ийм байв. 

Энэ үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байсан Ж.Наран гэх залуу “Биднийг Бат-Өлзий сумын ойн баярыг сонирхож явахад үдээс хойхно 15 цагийн үед цаг уурын байдал ихээхэн тааламжгүй болсон юм. Өглөөнөөс хойш дулаан, ямар ч үүлгүй байсан бол 15 цагийн үед яах ийхийн зуургүй, арваадхан минутын дотор битүү хар үүл тэнгэрийг бүрхсэн. Тэгээд салхи хөдөлж наадамчин олон үймж байх зуурт буюу хагас цаг ч болоогүй байхад тэнгэрийг битүү нөмөрсөн бараан үүл хаашаа ч юм алга болж дахиад нар ээсэн. Тэндээс эхэлсэн цаг уурын үзэгдэл, бороо, салхи явсаар Номгон уулын урд ирээд хүч нь ихэсч байгаль дэлхий хамаг араншингаа гаргаж л дээ” гэж байсан юм.  

Хашаат сум

Харин сумын Засаг дарга Б.Гэрэлт-Од  “Нар баруунаа гудайх үед манай энд тэнгэр эвгүйрхсэн. Өглөөнөөс хойш нуугисан халуун үргэлжилсээр оройн сэрүү орох үед үүл гарч бороо орж эхэлсэн. Залгаад мөндөр хаялсан нь Номгон багийн нутагт гол хүч нь байсан юм билээ. Мөндрийн хэмжээ том байснаас олон айлын нарны толь, машины цонх хагарч сүйдсэн гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна. Гамшигт үзэгдлийн голомт буюу хар салхины замд таван айл өртөж гурван байшин, гурван гэр юу ч үгүй болсон. Голомтод 20 орчим хүн байснаас нэг нь нас барж, Civic, Маяти, Прадо маркийн машин өртөж дахин ашиглах боломжгүй болоод байна. Урьдчилсан байдлаар 451 сая төгрөгийн хохирол учирсан бол 20 үхэр, 63 адуу, 100 гаруй бог хорогдоод байна. Одоогийн байдлаар салхины хүчийг 34 км цаг буюу түүнээс дээш гэж дүгнээд байгаа. Салхийг чухам ямар хурд хүчтэй байсныг хэмжих боломжгүй учраас хохирлын хэмжээгээр нь барагцаалж гаргадаг юм билээ. Ер нь нутаг орны овоо бүрийг бөө, удган гэх хүмүүс өмчлөөд авчихдаг болж. Нутгийн удирдлагуудад ч хэлэлгүй тайлж тахиж байна. Нутгийн хүмүүс үүнтэй холбоотой байх. Овоо тахилга, бөөгийн дом зэргийг дэг жаягийнх нь дагуу явуулж бай гэж шаардах боллоо” хэмээн өгүүлж сууна.

Нутгийн зарим иргэдийн хувьд ийнхүү сүсэг бишрэлийн үүднээс уул овоо буруу тахисан, лус савдаг хилэгнүүлснээс үүдэн “тэнгэрт орших луу хэмээх амьтан сүүлээрээ шарвалаа” гэж үзэж байхад шинжлэх ухаан байгалийн энэхүү үзэгдлийг 200 орчим жилийн тэртээ тайлжээ. Шинжлэх ухааны үүднээс эрдэмтдийн тайлбарласнаас үзвэл “Агаар нь тогтмол хөдөлгөөнд оршиж, агаарын хэм болон даралтын хэлбэлзлээс шалтгаалан өөчлөгдөж байдаг. Нэг хэсэг газар нь ойролцоох өөр нэг хэсэг газраас илүү ихээр халахад тэдний даралтын өөрчлөлт нь салхийг үүсгэдэг юм. Салхи гэдэг нь халуун хүйтэн агаарын урсгалын эргэлдсэн мөчлөг. Агаарын хэм нэмэгдэхэд салхи дээшээ чиглэлтэй болдог. Үүнийг дээшлэх урсгал гэнэ. Дээшээ чиглэсэн агаарын хоосон орон зайг хүйтэн сэрүүн агаар дүүргэдэг юм. Харин дараа нь хүйтэн агаар халж бас л дээшээ чиглэдэг. Дээр байгаа агаар сэрүүсэвч доороос ирж буй дулаан агаарын улмаас буцаж доошлох боломжгүй болно. Гэхдээ буцаж доошоо урсан хажуугийн салхи болон бууж, дахиад л сэрүүн салхи үүсдэг. Салхины хүч нь мөргөлдөж байгаа агаарын хоёр урсгалын хэмийн зөрүү хол байх тусам нэмэгддэг. Жишээлбэл газрын гадарга дээр 50 хэмийн халуун, агаарт мөн хэмжээний хүйтэн буюу тухайн хэсэгт устай үүл хуралдсан байвал гамшиг тарихуйц салхи үүсгэж замдаа таарсан бүхнийг хамна. Салхи үүссэн бүсийн төвд тэнгэр баганадан хуйларч байвал дээшлэх салхи их хэмжээгээр үүссэнийг илтгэж байгаа юм. Хажуугийн салхи ч дээшлэх салхинаас дутахааргүй хүчтэй, их хэмжээний хор хөнөөл учруулдгаас шинжлэх ухаан энэ үзэгдлийг хар салхи гэж нэрлэжээ. Салхи босохоос өмнө сонсогдсон дүнгэнэсэн дууны хувьд агаар хэт халахаар үүсдэг ажээ. Дээшлэх салхи буюу тэнгэр баганадсан хуйлрааны дээр улаан гал авалцан байсан гэдэг нь соронзон орон, үрэлтийн хүч, цахилгаан орны нөлөөллөөс үүсдэг байна. 

Шинжлэх ухаанд итгэж “орон нутгийн шинжтэй хар салхи харин ч бага хохирол учруулжээ” хэмээн дүгнэх нэгэн байхад үүнд үл итгэх нэгэн ойролцоох лам, хувраг руу хадаг барин гүйх нь ч байгааг нутгийн иргэд ярьж байна. Хашаат сумын төвийнхөн ийм байр байдалтай байх агаад зүүн урагш Номгон уулыг чиглэн хөдөлж 30 орчим км давхихад байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл болсон Хөөвөр, Бор хоолойд хүрнэ. Гамшигт үзэгдэл болсон газрыг таньж төвдөх зүйлгүй. Бор хоолойн урд дэнжээс эхлэн бага Номгон уулын тэртээд ямар ч өвсгүй улаан халзан газар дурайна. Ийм зүйл болсныг үзээгүй нэгэн айл зусаад саяхан нүүсэн газар гэж андуурмаар.

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ.

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ.

“Заан” Гантөмөр гэр орноо, зуслангийн байшингаа гамшигт нэрвэгдэхийг харсан бөгөөд “портер” машинтайгаа чанх хойшоо хэсэг давхихад зам нь ч харагдахаа больсон учраас зогсчээ. Тэдний зогс­сон газарт гэрийн тоононы хэсэг, хугархай унь, эсгий туурга хийсэн ирж байсан гэнэ. Тэднийхээс зүүн тийш буюу хар салхины замд өндөр настай ээж нь мөн отроор ирээд байжээ. Ээждээ, ах дүү нартаа санаа зовж байсан ч давхин хүрч туслах, сэрэмжлүүлэх боломж олгоогүй байна. Хар салхи анх үүссэнээсээ хойш хагас цагийн хугацаанд таван хот айлыг түйвээж арав гаруй км үргэлжлэн шуурахдаа хүч их, дагаж боссон шороо тоос бүүр ч их байснаас хурдан хөлтэй адгуус хүртэл амиа тээн зуг­тан гарч чадаагүй байгаа юм. Мал хорогдох шалтгаан нь олон жилийн цасан болон, шороон шуурганд орж байсан сү­рэг шуурганы уруу хошуурч зогсдогоос болсон хэмээн нут­гийнхан тайлбарлаж байна. 

Азаар “заан” Гантөмөрийн ээжийнх буюу нутгийнхны нэрлэдгээр Сүжиг эмээгийнд салхи хүрч аюул тарьсангүй. Бүр байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар мэдээ ч үгүй байжээ. “Хүчтэй хуй дайраад өнгөрөх шиг боллоо” хэмээн хуучлаад сууж байж. Шуурганаас зугтсан хэд ч бууриа нэг эргээд айл саахалтынхандаа туслахаар очицгоосон аж.   

 Ийн хоёр ч хот айлыг хаман авсан хар салхи цааш эрчилсээр малчин Б.Батжаргалынх руу дөхөж иржээ. Энэ үед хонин сүрэг нь гэрийнхээ баруун талд идээшиж байсан байна. Хуйларсан салхийг зайнаас ажихад хониных нь хойд захаар ороон нэг хэсгийг нь тасдан авчээ. Төд удалгүй төв хуйлраанаас нь хонь, ямаа шидэгдэн гарч “малаар бороо орж” байгаа мэт харагдаж байсан гэх. Б.Батжаргалын гэр ч салхины хүчинд цохигдон дэрвэж байсан агаад хар салхины цөм гэрийг нь чиглэн эрчилсэн байна. 

Тэнд байсан хүмүүс ч зугтах нь зугтаж, ойролцоо бүгэх нь бүгж амиа хоохойлохоор тэмүүлж байхад мориных нь уяа модонд бараг тулж ирээд байж. Ингээд аюулд нэрвэгдлээ гэж байтал салхины чиглэл өөрчлөгдөн цаашаа хуйларч эхэлсэн байна. Уяаны хоёр шонг бараг 70-80 см ухаж түгжсэн байсан бөгөөд нэгийг нь салхи дайрч суга татан авсан бол нөгөө нь зүв зүгээр хоцорсон аж. 

Гамшигт нэрвэгдсэн дараагийн айл нь малчин Доржсүрэн, Гэрлээгийн хот. Энэ хоёр айлын гэр мөн л эвдэрч сүйдсэн. Салхины исгэрэх чимээнээр бүгд л гэр гэртээ орж чагтагнаасаа зууралдацгаасан байна. Эртнээс хүчтэй хуй, шороон шуурга болоход тоононыхоо чагтаганаас хүнд зүйл дүүжилдгийн адилаар арга хэмжээ авах гэсэн ч дөчийн бедонтой ус дүүжлэх завдал өгөлгүй гэрийг нь балбаж эхэлжээ. Тооноор нь, хатавч, хаяагаар нь шороо пургиж гэр доторхийг ч харах боломжгүй болж. Аажмаар өрх нь гэрийн дээрээс нүдэхээ больсон нь хийсэн алга болсных байжээ. Улмаар гэр нь бүхэлдээ шидэгдэж гэрт байсан хүмүүс халхлах зүйлгүй хоцорсон байна. Шуурганы хүчинд сэмэрсэн дээвэр, туурга газар алгадан хийсч, унь, хананы шажигнан хугарах чимээнээс өөрийг сонсолгүй хэсэг хором өнгөрсөн аж. Малчин Доржсүрэн гэрээ нурахад ухаан алдсан байжээ. Ухаан ортол салхины хүч ч бага зэрэг саарч ойр тойрны зүйл харагдахуйц болсон байж. Гэхдээ л нүүр нүдгүй шороо балбан хүүхэд нь газраас хөөрч, бууж байсан  байна. Ухасхийн хүүгээ барьж аван дээрээс нь нөмөрлөн хэвтжээ. Ийн хэсэг хугацаанд гэрийнхнээсээ зөвхөн хүүгээ тэвэрч байснаа мэдэж байсан бөгөөд бусад хүмүүс хаагуур байгааг ч мэдэх сөхөөгүй байж. Ийм гамшигт нэрвэгдэхээр хүн чанга хашхирах ч тэнхэлгүй болж, хоолой сөөнгөтөн, дуугарсан ч амнаас гарсан үг бүхэн салхинд замхран алга болдог юм байна гэлцэнэ. Гэрлээгийнхэн ч ийм байдлаар гэр орноо алдаж орох оронгүй болжээ. “Гэрлээгийн хувьд гэр нь хийсэхээс өмнөхөн хүүхэд нь жингүйдэж байсан гэнэ билээ” хэмээн нутгийн олон хуучилж байлаа.  

Аюул ард гарсны дараа түрүүлж өндийсэн нь гэрийнхнээ дуудан хашхирч эхэлжээ. Ямартай ч хүнд бэртэл аваагүйгээр барахгүй зарим нь шалбархайгүй босч ирсэн байна. Шуурга өнгөрсний дараа үс, хувцсанд нь битүү шороо шигж, уруул нь омголтон, нүүр нь тоосонд битүү дарагдан хүн цочмоор царайтай байснаа санаж байсан гэнэ. Юу болоод өнгөрснийг ухаарах ч тэнхэлгүй тэд хэсэг уймарсны дараа гэрийнхээ буйрыг тэмтэрч үзэн үл итгэсээр байсан аж. 

Доржсүрэнгийн гэрийн буйран дээр шалны хоёр хэсэг л үлдсэн байсан бөгөөд бусад хогшлыг нь талын энгээр нэг тараасан байжээ. Гэрийн унь хамгийн багадаа гурав хуваагдаж төмөр цагаан орноос л гэхэд никель толгой нь үлдсэн байж. Гэрийн брезент хэдэн хэсэг хуваагдаж хаалга нь углуурга бүрээрээ салж бутарсан байж. Тооно ч ялгаагүй цамхаг, даага нь заадал заадлаараа салсныг олж авчирчээ. Авдранд байсан хатуу эдлэлийнхээ ихэнхийг олоогүй бөгөөд уяа модныхоо ойролцоогоос эмээлний мөнгөн даруулга нэгийг олж авсан байна. Энэ айлаас хийссэн зүйлсийн ихэнх нь ойр хавьд байгаагүй бөгөөд олдоогүй зүйл олон байгаа гэсэн. Бүр гурван км-ийн цаана байх гүний худгийн усны сангийн зузаан төмрийн тасархай ч гэрийнх нь гадаа ирсэн байсан ажээ. Барагцаагаар таван см-ийн зузаантай төмрөөр хийсэн ус агуулах савыг моторт худгийн блокон амбаар дотор цементээр цутган бэхэлж суулгасан байж. Гэтэл салхины хүчинд төмөр урагдан тасарч хийсч ирсэн нь энэ гэнэ.  

Гэрийн эд хогшлыг хайхад хэдхэн алхмын цаанаас эхлээд тав, зургаан км хол шидэгдсэн нь ч байж. Үнэтэй алт, мөнгөн эдлэл бүү хэл төмөр орны пүрж ч ор сураггүй алга болжээ. Шуурганд өртсөн таван айлын эд хогшил багцаагаар арван км-т тарж таньж мэдэхийн аргагүй холилдсон байсан тул эцэст нь бөөгнүүлж шатаасан байна. Дахин хэрэглэж болох зүйл гэвэл гэрийн эсгий туурга, дээвэр л байсан аж. Гар аргаар хийсэн эсгий бат бөх, хийссэн ч урагдалгүй бүтнээрээ үлддэг юм байна хэмээн шагшицгаана.  

Ийн Номгон уулын урд бэлээр арваад км цацагдсан эд хогшил бүгд хог болон хэд хэдэн “Портер” машинаар татаж устгажээ. Харин аюулд хамгийн их өртсөн Ч.Баярсайханы байшингийн найман метрийн урттай дүнзийг цуглуулахад гурван машин болжээ. Дүнз модыг тоолж үзэхэд байшинд орсон нийт модны 20 хүрэхгүй хувь нь үлдсэн байж. Үйрч бяцран бутарсныг түлээнд хэрэглэхээс өөр аргагүй гэж үзээд сүүлд хамахаар орхисон байлаа.

Гамшигт өртсөн өрхүүд амьд мэнд гарсандаа баярлаж байгаа ч цаашид хэрхэх вэ гэдэг асуудал бий. Уулзсан хүн бүрийн ярихыг сонсвол “Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорлоо. Аймгийн удирдлагууд гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд нэг, нэг гэр хандивласанд нь талархаж байна. Хоромхон зуурт юу ч үгүй болж хоцорсондоо хоёр хоног өнгөрчихөөд байхад итгэж өгөхгүй юм. Ийм зүйлийг кинон дээрээс харж, өөр тивд болсон талаар сонч байснаас сонирхож хүчтэй салхины үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй болох тухай боддог ч үгүй байж. Өөрийн бие дээр буусны дараа л толгой руу орох юм. Уг нь салхины замаас хөндлөн зугтаж гарах ёстой юм байна. Үүнийг сая л мэдлээ. Дэлхийн дулаарал гэдэг зүйл Монгол орныг дайрч цаг уурын тааламжгүй нөхцөл байдал үүсэх болжээ. Тиймээс энэ мэт зүйлээс сэрэмжтэй байж, үүссэн нөхцөл байдалд амьд мэнд гарах тухай ойлголтыг авч баймаар юм байна” хэмээн өгүүлцгээнэ.

Нутгийн иргэдийн хувьд тухайн өдрийн цаг агаарыг бараг хараагүй байсан юм байна. Хоёр өдрийн өмнө, долоо хоног, сарын өмнө цаг агаар харсан нь ч байх. “Ямар ч гэсэн хүмүүсээс асуухад хоёр хоног бороо орж магадгүй гэж ярьцгааж байсан. Харин гамшиг болсны дараа Өмнөговь аймгийн Цаг агаарын хэлтэс манай аймаг руу ярьсан байсан. Танай аймагт гамшиг болж магадгүй байна. Танай аймагт агаарын хэмийн хэт халалт үүссэний зэрэгцээ Алтайн уулсыг давж орж ирсэн сэрүүн, тунадаст хуйлраа өнөөдөр Архангай аймгийг дайрч магадгүй байна, сэрэмжтэй байгаарай гэснийг аймгаас ирсэн албаныхан өгүүлж байсан” гэж байв.

Шуурга явсан хэсэг ямар ч ургамалгүй болжээ

Монгол орны цаг агаарын утга 1996-1997 оны зуд тохиосноос хойш алдагджээ. Хүлэмжийн хий, орчин цагийн хог хаягдал, байгаль экологийн тэнцвэр алдагдсанаас үүдэн дэлхийн дулаарал явагдаж буй. Энэ нь Монгол оронд ч сөргөөр нөлөөлж Монголын цаг агаар шинэ схемд шилжсэн байна. Шууд хэлбэл төв Азийн цаг агаар 1997 оноос өмнө нэгэн цикльтэй байсан бол дараагийн цикль нь эхлээд бараг 20 жил болж байгаа аж. Ингэснээр зундаа халуун орны цаг уурын үзэгдэл зонхилж өвөлдөө сэрүүн бүсийн (тундрийн) нөхцөл байдал хүчтэй идэвхжиж байгаа юм байна. Тиймээс Монголын зун халуун орны шинжтэй болж хар салхи бусад байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх хандлага илэрчээ.

Одоогоор Хашаатад боссон хар салхийг ямар нөхцөл, шалтгаантай байв гэдгийг судлах мэргэжилтэн, байгууллага Монголд алга. Бусад орнуудын шинжилснээс харахад хар салхи үүсэхэд хоёр хүчин зүйл шууд нөлөөлдөг гэнэ. Үүний нэг нь машины утаа. Автомашины мотороос ялгарсан хөө тортог бөөгнөрч агаар дахь чийгийг өөртөө шингээснээр мөндөрийн үүл үүсэхэд хүргэдэг ажээ. 

Ийм шалтгаанаар үүссэн хэт сэрүүн агаарын масс нь дулаан масстай мөргөлдсөнөөр хар салхи босдог байна. Гэхдээ хор хөнөөл дундаас бага, 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжилдэг аж. Харин 15 минутаас удаан үргэлжилдэг хар салхинд цэвэр байгалийн үзэгдлүүд нөлөөлснөөр үүсч хор хохирол ихээр учруулдаг юм байна. Дэлхий нийт аж үйлдвэржсэнээс хойш тохиож буй хар салхи мэтийн урьдчилан таахын аргагүй, хүчтэй үзэгдлүүд нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй үүсдэг болсныг олон орны эрдэмтэд тогтоогоод байгаа юм байна. 

Монгол орны хувьд сүүлийн 40 жилд байгалийн энэ үзэгдэл хоёр дахиа тохиож байгаа нь энэ. Ер нь төв Азид эртнээс хар салхи босдог байсныг монголчуудын “луу унжих” гэж нэрлэдгээс нь мэдэж болох. Гэхдээ тун ховор байсныг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин бусад оронд тэр дундаа хойд Америкт жилд мянга гаруй хар салхи босдгийг эрдэмтэд тогтоожээ. Хар салхинд ихээр өртдөг орны иргэд ч гамшгаас өөрдсийгөө хамгаалах дээд зэргийн мэдлэг, мэдээлэлтэй болсон байна. Тэгвэл монголчууд гамшгийн үед авах арга хэмжээний талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байдгийг сая Хашаатад боссон хар салхи харууллаа. Гамшигт нэрвэгдэх үед гэр орон, эд хогшлоо орхин салхины төвөөс хоёр тийш зугтан гарах ёстой байдаг бол Номгон уулын бэлээр зусч байсан малчид бүгд л гэр гэр рүүгээ тэмүүлсэн байгаа юм. Гамшгийн үед амиа алдсан Ц л гэхэд худгаас ус авчихаад гэр рүү давхихын оронд салхины төвөөс 300 орчим метр зайлаад гарчихсан бол эмгэнэлт явдал болохгүй байж. 

Тэр бүү хэл хар салхи босохыг харсан иргэд тав, 10 км-ийн цаана айлд, мал хариулж явсан ч бүгд л гэр рүүгээ хятад мотоциклийн тэнхээ мэдэн давхилдсан гэж байгаа. Тэдний нэг нь Н.Чимэд. Тэрээр гэрээсээ арваад км-ийн цаана Эвтэй дөрвөн амьтны хөшөөн дээр Талын лам буюу Хар хорины хөл нүцгэн Ганбаад тусалж байжээ. Эвтэй дөрвөн амьтны хөшөөг тохижуулах ажлыг Ганбаа лам хийж байгаа бөгөөд Н.Чимэд бүтэн өдрийн турш тэнд байсан гэж байгаа. Ингээд оройн 18 цаг дөхүүлээд харихаар зэхэж байтал үүл бүрхэн мөндөр хаялж гэрийнх нь ойролцоо их тоос босон тэнгэрт хаджээ. Байдал эвгүйтсэнийг мэдээд хужаа мотоциклио асаан гэрийн зүг харвасан байна. Хурдны хэмжүүр 80-100 км цагийг зааж байсан ч амжиж очиж чадсангүй. Салхи хэдийнэ болж өнгөрөөд замдаа өртсөн бүхнийг сүйтгэсэн байлаа. Хар салхи 17 километр яваад замхарсан. Чимэд мотоциклиороо 80-аас дээш км цагийн хурдтайгаар арав орчим км замыг туулахад хоцорсон нь гамшигт үзэгдлийн хурд хүч ямар байсныг тогтоож болохоор. Азаар Чимэдийн гэр орныг нь салхи дайраагүй бөгөөд их, бага Номгон уулын урд хөндийн зарим хэсгийг атаршуулсан мэт болгож өртсөн айлуудын эд хогшил хог болон бүрхсэн байжээ. Алсаас харахад аймгийн төвийн хогийн цэг мэт болсныг хараад Ч.Баярсайхан нарын таван айлаас мэнд мултарсан нь үгүй байх гэж эмээж байсан байна.

Ингээд Н.Чимэдээс болсон явдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Та хар салхи босохыг хараад гэр рүүгээ ирсэн юм байна. Болсон үзэгдлийг бүтнээр нь харав уу?

-Миний байсан газар тэрүүхэндээ хотгор юм. Номгон уулын тэртээд буюу манай гэрийн тийш тэнгэр нижигнэж, үүл хуралдаад эхлэхээр нь хартал их тоос цойлж тэнгэрт хүрсэн байсан. Дөнгөж эхэлж байхад нь л би мэдсэн. Тэгээд мотоциклио асаан халхлаад байсан довцог дээгүүр гарч ирэхэд Ч.Баярсайханы зусч байсан довцгийн ар дээгүүр хуйлран орж байсан. Өөрийнхөө гэрийн зүгт харцаа шилжүүлээд л буцаахад тэр салхи тэдний хотыг нөмрөн авсан байна билээ. Үнэхээр хүчтэй, хурдтай явж байсан болохоор хүн бүр сүрдэж юу хийхээ мэдэхгүй сандчиж байсан юм билээ. Би ч дэмий л мотоциклио хаазлахаас өөрөөр яаж ч чадаагүй. 

-Тэгээд юу болсон бэ?

-Таарсан бүхнээ идэж байгаа аварга том амьтан шиг л байсан. Тэр том хуйлраа Ч.Баярсайханы гэрийн дээр хэсэг хургаж хуйларч байснаа цааш эрчилэхэд тэдний байсан газар тэгширч үлдсэн. Замд нь таарсан бүхнийг хаман авснаа буцаан гаргаж цацаад үнэхээр аймшигтай юм. Ядаж хажуугаар нь том том мөндөр бууж ирээд явахад бэрхтэй байсан ч би хамаг хурдаараа гэр рүүгээ давхисан. Ингэж явахад мөндрийн нэг ширхэг нь мотоциклийн их гэрэл дээр буусан нь төмрийг нь шамбийлгаж, шилийг нь хагалсан байгаа юм. Монголчууд 24 км цагаас илүү хүчтэй салхийг хэмжиж чаддаггүй юм байна ш дээ. Манай энд ирсэн мэргэжилтнүүд нэг тийм үг хэлчих шиг боллоо. Ер нь байгалийн тийм хүчний өмнө хэн ч сөхөрмөөр юм билээ. Дэлхийн сүйрэл, үхэл, хагацал муу юм бүхэн хамгийн түрүүнд бодогдож байсан. Цаашаа явсаар дөрвөн ч хот айлыг дайраад өнгөрөхөд онгойсон хар буурь л үлдэж байх жишээтэй. Байгальтай хамгийн ойр, бүх зүйлийг нь мэдэрч байдаг адгуус мал хүртэл дайжин гарч чадаагүй гээд бодохоор үнэхээр гэнэтийн, хурд хүч нь хэмжээлшгүй байсныг нотолно. Юу харснаа ярихаар зарим хүмүүс “битгий даваадуулаад бай” гэж байгаа юм даа. 

-Та бүхэн бүхэн өөрсдөө хар салхины талаар хэр мэдээлэлтэй байв?

-Ганц хоёр кинон дээрээс харсан төдийхөн. Огт үзээгүй зүйлтэйгээ нүүр тулахаар балмагдахын зэрэгцээ амиа аврах мэдлэггүй байдаг нь ямар ч боломжийг олгодоггүй бололтой. Гамшгийн үед нас барсан хүн л гэхэд амьд үлдэх өчнөөн боломжтой байсан юм билээ. Мэдлэг, мэдээлэл дутмагаас л ийм зүйл болчихлоо. Өнгөрсөн хойно нь сум, аймгаас хүмүүс ирж туслахын хувьд болж байна. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар хуй салхи дайраад өнгөрсөн юм шигээр асуудалд хандаж байгаа нь эмгэнэлтэй байна. Ер нь төр засаг энэ талаар анхаарч байгаа шинж огт алга. Ийм зүйлийг судалж, шинжилж, ард иргэддээ сэрэмжлүүлээд, аюулаас амьд мултрах аргыг нь зааж өгмөөр юм шиг байна.

-Танай нутгийнхан ч асуудлыг мухар сүсэгтэй холбож ойлгоод байх шиг байна даа?

-Шинжлэх ухааны үүднээс тайлбарласан л байдаг байх. Шинжлэх ухаанд нэр нь орсон зүйлс нэг дор бөөгнөрөөд л ийм гамшиг болсон байлгүй. Монголчууд мэдээж газар усаа хилэгнүүлснээс боллоо гэнэ шүү дээ. Би ч тийм л бодолтой явдаг хүн. Нас барсан эрэгтэй Хөвсгөл аймгийн гарвалтай, тэндээ амарч байгаад ирсэн юм билээ. Ирэхдээ нуурынхаа уснаас, загас жараахайнаас нь баахныг авчирсан байсан гэсэн. Тэгээд л ийм зүйл болж өөрөө амь эрсдээд, бусад хүмүүс нь хомрогонд нь өртлөө гэж нутгийн олон ярьж байна. Бодохоор тийм ч юм шиг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлачихсан бол ийм дэмий яриа гарахгүй шүү дээ. Асуудал хариуцсан сайд дарга нь анхаараад, ард түмэндээ хандаж бодит байдлыг мэдээлэх л хэрэгтэй байх. Малчин бид чинь төр засаг руу байнга чих тавьж байдаг хүмүүс шүү дээ. Тэгээд гэнэтийн ийм үзэгдэлд өртсөн айлуудад тусламж огт олгодоггүй юм шиг байна. Аймгийн удирдлагууд нэг гэр өгөөд болоо. Үгүй дээ л сэтгэл санааны туслалцаа хэрэгтэй л байдаг бололтой. 

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *