Categories
мэдээ нийгэм

Зоогийн газрын зөөгчийг ажлын байранд нь хүчирхийлжээ

Он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд булаах, дээрэмдэх гэмт хэрэг маш ихээр бүртгэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ялангуяа шөнийн цагаар гэмт хэрэг гарах болжээ. Тэр тусмаа гэрэлтүүлэггүй, камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй газрыг сонгон гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх нь ихэсчээ.

Тухайлбал, өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 26-ны өглөө үүрээр 05:00 цагийн үед “Шөлөндөө” 24 цагийн цайны газрын нэгэн салбарыг дээрэмдэж, ажилчныг нь хүчирхийлсэн онц ноцтой хэрэг гарчээ. 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Шөлөндөө” түргэн хоолны газар нь 24 цагаар ажилладаг бөгөөд шөлөөр төрөлжсөн, таван салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн газар нь камерын хяналтгүй байсан бөгөөд хэрэг гарах үед “Шөлөндөө”-гийн тухайн салбарт Чингэлтэй дүүрэгт оршин суух, 42 настай тогооч, Сонгинохайрхан дүүргийн харъяат, 24 настай зөөгчийн хамт хоёулханаа ажиллаж байжээ. Шөнийн 03:00 цагийн үед цахилгаан нь тасарч, харанхуй болох үед гэмт этгээдүүд гаднаас орж ирэн халджээ.

Гэмт этгээдүүд тухайн үед хар бараан хувцастай, баг зүүсэн байсан бөгөөд нэг нь өндөр, нөгөө нь намхан, 20 орчим насны залуус байсан талаар хохирогчид мэдүүлсэн байна. Тэд хохирогчдыг айлган сүрдүүлж, гар хөл, амыг нь скочдож, тэр өдрийн орлого болох 200 мянган төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй зөөгч болох 24 настай бүсгүйг хүчирхийлээд зугтжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *