“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Миний хайрт, миний хуримын гэрч”, “Сүрэг” романы зохиогч Todko Samsonтой ярилцлаа.
-Таны “Вангийн нулимс”, “Сүрэг” гээд хоёр ч роман “Интер ном”, “Аз хур” номын их дэлгүүрийн бестселлерт аман хүзүүдэж явна лээ?
-Тийм. Интерномд бол тавуулаа явж байгаа. 2018 оноос хойш цувралууд маань гарсан. Хамгийн сүүлд есдүгээр сард “Сүрэг” роман хэвлэлтээс гарч уншигчиддаа хүрч байгаа нь энэ.
-Todko Samson гэдэг зохиогчийн нэр үү?
– Тодко гэдэг нь гэрийнхэн авгайлж дууддаг нэр, Samson гэдэг нь өөрийн нэрэн дээр нэмсэн нийтлэлчийн нэр.
-Яагаад гадаад нэр сонгосон бэ, гадаадад амьдарч байсантай чинь холбоотой юу?
-Гадаадад амьдарч байсан. Австри, Германд байхад намайг Samson гэж дууддаг. Монголчууд, ах дүү, найз нөхөд маань Тодко гэдэг. Энэ хоёрыг нийлүүлээд Todko Samson болсон юм. Гадныхан Т.Мягмартогтох гэдэг урт нэрийг дуудаж чаддаггүй учраас зүгээр л Samson гэдэг байсан. Би урт үстэй байсан. Залуу арслан гэсэн утгатай үг л дээ.
-”Чамд хэн итгэх юм бэ?” цуврал гэхээр содон сонсогдсон л доо. Яагаад ийм цуврал бичихээр болсон юм бэ?
-Бид итгэхийн аргагүй цаг үед амьдарч байна л даа. Ардын хувьсгал, их хэлмэгдүүлэлт, социализм, бүтээн байгуулалтын цаг үе, ардчилал маань ч загварчилсан капитализм л юм. Бидний туулсан амьдрал, одоо туулж байгаа амьдралд итгэхийн аргагүй зүйлс маш олон бий. Бидний ингэж өрнөнө гэж бодож байсан түүхүүд худлаа болж хувирах, итгэж үнэмшиж, үнэн гэж бодож явсан нийгмийн өөрчлөлтүүд ардаа ямар дүр эсгэсэн байдаг, эрүүл мэнд гэж чухалчилж ярьдаг вакцины ард гэхэд л бизнес, улстөрчдийн ханцуйн доторх наймаа явагдаж байдаг гэх мэтчилэн түүх нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гэх мэтээр энэ таван цувралд таван өөр сэдвийг хөндөж, гаргасан. Итгэхийн аргагүй зүйлсийг би олж сурвалжилж, уншсан хүн ч уншсан зүйлдээ итгэхийн аргагүй үнэнийг олж мэдэг гэсэн юм.
-Таны сэтгүүлч мэргэжил уран зохиолын ном бичихэд тань ч хэрэг болжээ?
-Энэ бол баримтат уран зохиол гэдэг төрөлдөө орно. Уран зохиолын хувьд уран зохиол гэхдээ доторх мэдээлэл, орон байр, цаг хугацаа, дүрүүд баримтат гэсэн үг. Баримт орсон. Нэгдүгээрт, миний сэтгүүлчийн мэргэжил нөлөөлсөн байх. Би сэтгүүлчээр удаан ажиллаагүй. Хоёрт, их аялж, баримтын араас хөөцөлдөж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг уран сайхны хэлбэрт оруулж уран зохиол болгож гаргасан гэсэн үг л дээ.
-Уншигчдын сэтгэгдлийг харж байхад таныг манай үндэсний томоохон эмийн компанитай энэ романаас болоод муудалцсан, тэдний зүгээс шахалт үзүүлсэн гэх яриа хөөрөө өрнөсөн байна лээ?
-Үндэсний компани битгий хэл, өчнөөн газруудтай янз бүрийн асуудал гарна. Монголчууд баримтат уран зохиолд дасаагүй байна л даа. Түүхэн уран зохиолдоо л ач холбогдол өгдөг. Түүхэн уран зохиол бичдэг, уншдаг учраас баримтат биш, зохиож бичиж байгаа зохиолуудад дадсан учраас гэнэт төр, нийгмийн үйл явдал, ямарваа нэгэн байгууллага, нийгмийн тогтолцоо, салбарын үйл ажиллагааг хөндөөд эхлэхээр цочирдсон байх. Түүнээс болж сошиалын маргаан, иргэний хэрэг, өргөдөл гомдлууд ч үүсч байсан. Аливаа зүйл хоёр талтай.
Яаж ч өрнөсөн уран зохиол бол уран зохиол. Эцсийн мөчид бардам хэлэхэд “Чи намайг биччихсэн юм уу” гэх юм бол тэр хүн өөрийгөө мэдэж байна л гэсэн үг. Чи манай байгууллагыг биччихсэн юм уу гэвэл өөрийнхөө байгууллагыг мөн гэж нотолж байгаа гэсэн үг учраас одоо ийм юм ярьж чадахгүй л дээ.
-Таван цувралыг богино хугацаанд бичсэн байна. Баримтаа цуглуулахад хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Энэ таван цуврал таван жилийн хугацаанд бичигдсэн. 2015 оноос хойш дэлхийн 28 улсаар аялж, тухайн улсынхаа шинжлэх ухаан, түүхийн академи, утга зохиолын салбарын хүмүүс, төлөвлөсөн хүмүүстэйгээ уулзах, дэлгэрүүлэх судлах “ухаж” явж, таван цуврал бичигдсэн л дээ.
-Та Т.Мягмартогтох гэдэг бодит нэрээрээ олон нийтийн өмнө гарч ирье гэж боддог уу?
-Миний номны хавтсыг сөхөөд үзвэл Түмэн-Өлзийгийн Мягмартогтох гэж нэр байгаа. Гэхдээ бид кибер цаг үед амьдарч байна. Технологийн цаг үед амьдарч байна. Өөрийнхөө нэрнээс татгалзаж байгаа юм биш. Цаг үе, маркетинг гэж бий. Би зөвхөн монгол уншигчиддаа зориулж бичдэг бол хамаа алга. “Вангийн нулимс” арваннэгдүгээр сард англи хэлээр гарах гэж байна. Үргэлжлээд бусад бүх цувралууд англи, герман хэл дээр гарна. Олон улсын зах зээлд, олон хэлтэй уншигчдад хандахад овог, нэрийг маань уншиж чадахгүй. Тамирчин бол яах вэ нэг удаа цоллуулаад, дуудуулаад өнгөрнө. Уран зохиол, ном, оюуны салбар бол мөнхийн дурдагдаж, санагдаж байх учраас зохиолч нар нийтлэлчийн нэр ашиглах нь түгээмэл. Дэлхий дахинд байдаг л соёл. Зохиолыг дагалдах хэл ам, хэрүүл шуугианд эцэг, эхээс заяасан өөрийн нэрийг хөндөхгүй байх гэсэн далд санаа ч бас бий.
-”Тэг цэгийн тэмүүлэл” арга хэмжээг бямба гаригт хийх юм байна. Нэрнээсээ авахуулаад өвөрмөц сэтгэгдэл төрүүлж байна. Энэ талаараа тодруулж яриач?
-Аялал, санхүү, хүний хөгжлийн гээд янз янзын ном зохиол гаргаж үзсэн залуучууд нэгдээд “Self Publishing” гэж өнгөрсөн жилийн өдийд байгуулсан юм. Бид уншигч залууст зориулсан сургалт, лекцүүдийг зохион байгуулдаг. Саяхан миний “Сүрэг” роман гараад, сонгуулийн үе байсан учраас номын нээлтээ хойшлуулсан. Ирэх бямба гаригт “Тэг цэгийн тэмүүлэл” гээд илтгэл, лекц, номын хэлэлцүүлэг, уншлагатай арга хэмжээ болох юм. Энэ арга хэмжээнд миний үеийн таван лектор оролцоно.
Ч.Ганжавхлан-“Хүн бай” нөлөөллийн илтгэл (Лантуун дохио ТББ-ын тэргүүн)
2. Г.Мөнгөн-“Хадгал” хувь хүний санхүүгийн эмх цэгц (Лектор, коуч, санхүүгийн зөвлөх) Тэр “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ”, “Тархины блок” номуудыг бичсэн.
3. Garret Wilson “Бүү зогс” motivation илтгэл (Гэрэгэ криатив Солюшнз ХХК)
4. Г.Наранбаатар “Хайрла” сэтгэл, нөлөөлөл (Гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор)
5. Todko Samson “Тэг-цэгийн Тэмүүлэл” намтарчилсан илтгэл (зохиолч сэтгүүлч) тавьж оролцох юм.
Нэг нь америк залуу, бусад нь монгол.
Араас нь “Чамд хэн итгэх юм бэ?” цуврал романы тухай хэлэлцүүлэг хийх үетэй.
Зохиолч Б.Наминчимэд, эртний Монголын гүн ухаан судлаач Т.Баярхүү, судлаач, нийтлэлч Д.Ганхуяг, утга зохиол шүүмжлэгч Д.Төмөр-Очир, найруулагч, зураач, “Боролдой” С.Мягмар нар оролцох юм. Төгсгөлд нь “Тархиа бүлээн байгаа дээр” оны сүүлээр гарах цомгийн амьд уншлагатай. Номын нээлтийн өдөрлөг гэж ойлгож болно доо.
-Тэг цэг гэж юуг хэлж байна вэ?
-Би “Тэг цэгийн тэмүүлэл” гэж лекцийг сүүлийн нэг сард хоёр, гурван удаа тавьсан. Үүнийгээ ирэх бямба гаригт дэлгэрүүлээд ярих юм. Ер нь хүнд илүү шунал, хүршгүй мөрөөдөл атгаг зүйлсээс илүү хүн бүүр юу ч үгүй болохыг хүсэх үе ч байдаг гэсэн утга санаатай. Найз нөхөд, ах дүү хамаатан садан, үр хүүхэд, мөнгө төгрөг, ажил мэргэжил юу юу ч байхгүй болохыг хүсэх үе ирдэг гэдэг. Өөрийн амьдрал дээр суурилсан намтарчилсан лекц тавигдах юм.
-Монголд зохиолч номын орлогоор амьдрах боломжтой юу. Нууц биш бол та өөр орлогын эх үүсвэртэй юу?
-Би өөр бизнестэй байлгүй яах вэ. Ном гэдэг архинаас цөөн тоогоор зарагдаж байгаа зүйл. Тэгэхээр зөвхөн түүгээр амьдарч, бизнес болгох боломж байхгүй. Ном нийгмийг тэр чигт нь эрүүл байлгах, ухамсартай, цензуртай байлгах, ганц зэвсэг. Телевиз радио, утас, сошиал хэзээ ч энэ орон зайг нөхөж чадахгүй. Хүний ухамсрын хөгжил тархины тэжээл бол зөвхөн ном байдаг. Миний ном сайн зарагдаж байгаа. Буцаад энэ маань уншигч нартаа хүрэх дараагийн бүтээлийг санхүүжүүлэх, аялал, сурвалжлага, судалгаанд зарцуулагдана. Манай гэр бүл, миний өөр санхүүгийн эх үүсвэрүүд бий. Би номоо бичиж байхдаа хэзээ ч мөнгөний тухай боддоггүй. Хамгийн чанартай, төгс байдлаар, надаас гарч болох хамгийн дээд хэмжээгээр бичиж гаргахыг хичээдэг. Дараа нь уншигчид дүнгээ тавина. Би өөрөөсөө ухаантай хүмүүст зориулж ном бичиж байгаа шүү гэж өөртөө дандаа хэлдэг. Тэр хүмүүс мэдээж шүүн тунгаагаад бүтээл болж уу, бүтээгдэхүүн болж уу гэдэгт дүн тавихаас хойш надад мөнгө бодох сэдэл байхгүй.
Хэрвээ мөнгө, тооцоо бодож бичсэн бол үнэхээр хөгийн ном байх болов уу.
-Таны нэг зургийг харсан. Номоо төлөвлөхдөө схем гаргаж, үйл явдал, газар нутаг, дүрүүд гээд салбарлаад маш их тооцоо бодож бичдэг юм шиг санагдсан?
-Тэр тооцоо биш л дээ, төлөвлөгөө. Дүрийн мөн чанарыг гаргаж ирэх, дүр, үйл явдал, цаг үеийг амилуулах хэрэгтэй болдог. Түүнээс биш тийм байсан байж магадгүй гэж амьгүй, голгүй юм хийж болохгүй. Орчны зураглалгүй, салхи нь сэвэлзэхгүй, нар нь төөнөхгүй, өвс нь үнэртэхгүй бол уран зохиол биш л дээ.
-Та зохиолынхоо схем төлөвлөгөө гаргахдаа үнэхээр ханан дээрээ зурчихдаг юм уу?
-Ханандаа ватум цаас наагаад зурна. Төлөвлөгөөгөө гаргана. Миний номонд гол дүр гэж байдаггүй. Бүгд гол дүр. Тийм учраас уялдаа, үйл явдал, дүр, мөн чанараар холбогдох учиртай. Үүн дээр алдаа, нээнтэг гарч болохгүй. Ингэж төлөвлөж ажилладаг.