Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллана DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн биелэлтийг хангах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор хэлбэрээр ашиглах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны санг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу нөхөх олговор болгон өмчлүүлэх хэлбэрээр газар чөлөөлөлтийн ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гэр хорооллын суурьшлын бүсэд зургаан дэд төвийн инженерийн дэд бүтцийн хангамж, нэн шаардлагатай зарим барилга байгууламжийг барьж байна. Нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь хийгдэж барилгажуулах ажил үргэлжилж байна.

Инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдсэн Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбар газрыг чөлөөлж 12000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1503 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр газар эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, 1238 нэгж талбарын газрыг бүрэн чөлөөлөн, 1235 нэгж талбарт нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр бүрэн олгосон. Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааг газар чөлөөлөлт хийгдсэн 13 га талбайд зарлаж, үнэлгээ хийх ажил явагдаж байна.

Товч мэдээ
·      Бүсчилсэн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор боловсруулж, батлуулсан татварын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдсан татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *