Categories
мэдээ нийгэм

ЗГ: Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт явуулна DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд үүрэг өгчээ.

Манай улсын мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн болон дулаан аргаар боловсруулсан үхэн, хонь, ямааны 106 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын ашиг олсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, үйл ажиллагаатай танилцсан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, холбогдох хуулийн байгууллагад хандсан байна.

Уг асуудалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮЯ, ЭМЯ болон хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгууллаа.

Цаашид хүнсний аюулгүй байдал, хүний амь нас эрүүл мэнд, зам, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг хүний аюулгүй байдалтай холбоотой асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж байх шаардлагатай байна.

Хэдийгээр Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсооно гэдэг нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гэсэн үг биш.

Тиймээс хууль хяналт, тагнуулын болон мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ойрын өдрүүдэд хяналт шалгалт явуулна. Олон нийтэд тухай бүрд нь мэдээллийг нээлттэй хүргэж байх болно” гэлээ.

-Эмээлт орчимд гаднын хөрөнгө оруулалттай мах бэлтгэдэг компани байдаг вэ. Хууль зөрчсөн компаниудын тусгай зөвшөөрлийн цуцлахаас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юу?

-Эмээлт орчим нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Хоёрдугаарт, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж байдаг.

Хамгийн гол тухайн үйлдвэрүүд стандартгүй байна. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, стандарт хангуулах чиглэлд ажиллах шаардлага байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *