Бээжин-2022 өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Токио-2020 зуны олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдад нэг удаагийн 10 сая төгрөгийн дэмжлэг олгож байсан. Тиймээс өвлийн олимп, паралимпын эрх авсан тамирчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ нь өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад бэлтгэл сургуулилалтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд сэтгэл зүйн болон санхүүгийн бодит дэмжлэг гэж үзэж байгаа аж.
2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар гурван тамирчин өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх аваад байна. Мөн цаашид эрхийн тоогоо гурваар нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгааг холбогдох албан тушаалтнууд мэдээлжээ.