Өчигдөр буюу 2023.11.13-ны өглөө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тус 326 дугаар ангид талийгаачтай хамт алба хааж байсан цэргийн албан хаагчдын эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ уулзах, эрүүл мэндийн үзлэгт оруулах хүсэлт тавьсан юм. Тэдний хүсэлтийг хүлээн авч тус ангид алба хааж байгаа цэргүүд эцэг эхтэйгээ өчигдөр уулзжээ.
Харин өнөөдөр тус ангийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Тус хэргийн талаар ЗХЖШ-аас мэдээлэл өгсөн бол алба хаагчдын ар гэрийнхэн үүсээд буй нөхцөл байдлыг 326 дугаар анги дээр очиж тодруулжээ.
ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал “Өглөө “сэрэх” командаар сэрээгүй тул нас барсан болохыг нь мэдсэн. Шуурхай бүлэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх шинжилгээний байгууллага үзлэгээ хийгээд, шийдвэрээ гаргаад цогцсыг аваад явсан” гэж өчигдөр орой 22 цагийн үед мэдэгдсэн.
Харин Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-өөс “Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна” гэх мэдээллийг өгсөн юм.