Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зээлдмэл нэршил

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Аль ч хэлээр ярьдаг үндэстэн дунджаар 12-15 мянган үгээр хэлэлцдэг гэнэ. Англи хэл хамгийн сайн бүртгэгдсэн баялаг хэл гэгдэх. Тэд хэдэн жилийн өмнө нэг сая дахь үгээ бүртгэн авчээ. Гэхдээ англи хүн өдөр тутамдаа мөнөөх 15 мянган үгээ хэрэглэх болохоос үлдсэн “англи” гэх сая шахам үгээ мэдэх ч үгүй, мэдэх шаардлага ч байхгүй. Арав гаруй жилийн өмнө англи хэлний бүртгэлд “зуд” гэсэн монгол үг орсон боловч үүнийг дундаж англи хүн огт мэдэхгүй, хэрэг ч байхгүй. Гэхдээ өргөн уудам талбайд цас ихээр орж тодорхой урт хугацаагаар үргэлжилснээс болж нүүдлээр бэлчээрлэдэг гэрийн тэжээмэл амьтад өвс олж идэж чадахгүй бөөнөөрөө өлдөж үхэх процессыг илэрхийлсэн тийм нэр томьёо англи байтугай бараг аль ч хэлэнд байдаггүй учир бүртгэл сайтайгаараа англи хэл монгол хэлнээс зээлдэн авч буй хэрэг юм.

Орчин үеийн хүн үүсээд 100-120 мянган жил болсон гэх. Гэвч өнөөгийн аль ч үндэстний сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг нарийн төвөгтэй өгүүлбэр бүхий хэл ердөө 15-20 мянган жилийн өмнө буй болжээ. Хүмүүс олон мянган жилийн турш зөвхөн нүдэндээ харагдсан ил зүйлсийг л нэрлэдэг хэмжээний хэлтэй байжээ. Хэл нь олон арван мянган жилийн туршид аажмаар хувьсан дэвшсээр философи илэрхийлэл гаргаж чадахуйц нарийн бүтэцтэй болжээ. Судлаачдын тогтоосноор аль ч хэлэнд өөрийгөө төлөөлөхдөө “м” авиагаар (манай, миний), бусдыг төлөөлөхдөө “т” авиагаар (танай, чи) эхэлсэн үг хэрэглэдэг гээд энэ нь хүн төрөлхтөн эрт дээр үед нэг цэгээс тал тал тийш таран нүүдэллэсний илэрхийлэл гэдэг.

Тарж нүүсээр газар зүйн асар уудам талбайд биенээсээ үл хамааран аж төрөхөд хэлүүд бие даан хөгжжээ. Цааш хэл болгон салбарлан төрөл хэлүүд үүсчээ. Өнөөдөр хүн төрөлхтний хэлнээс хамгийн олон яригчтай нь энэтхэг-европ овгийн хэл юм. Энэ нь анх Хималай хавьцаа нутаглах санскрит хэмээх ганц хэлээс түүхийн явцад салбарлан хинди, Персээс эхлээд эртний ба орчин цагийн герег хэл, латин, англи, орос хүртэл үргэлжилнэ. Эртний ромчууд латин хэлээр ярьдаг байж, өдгөө энэ нь салбарлан роман язгуурын гэх франц, итали, испани, румын гэх мэт тун ойр төрөл хэлүүд болон өргөжжээ.

Монгол хэл нь Алтай овгийн хэлд багтана. Нүүдэлч удамтай алтайчууд хэдэн мянганы турш асар уудам талбайг байлдан дагуулж байсан учир өдгөө алтай овгийн хэлтнүүд Газар дундын тэнгисээс Номхон далай хүртэлх их том нутагт амьдардаг. Түүхийн энэ урт удаан хугацаанд монгол хэл хувьсан өөрчлөгдөж амьд организм мэт өсөн дээшлэхдээ юун түрүүн төрөл садан хэлүүдээсээ асар олон үг зээлдэн хэрэглэжээ. Түрэгээс монгол хэлэнд орж ирсэн: зарлиг, засаг, тамга, отог, туг, таг, сарьдаг, тайга, алаг, тансаг, тамир, таяг, хавх, харш, хашаа, худаг, шорлог, сэмж, хоног, хударга, хуяг, хөг, ирвэс, согоо, марал, тором, хайнаг, хэрэм, шаазгай, аргамаг, хөлөг, молцог, аз, бас, билүү, ертөнц, оточ, солгой, таар, яр, ярга[чин], тоос, хог, бэх (бат бэхийн), хор гэх мэт. Түрэг гэдэг нь өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан эртний түрэг угсаатан ба хожим тэндээс салбарлаж азэрбаджан, түрэг, татаар, хархалпаак, узбек, хасаг, хиргис, түркмэн гэх мэт олон үндэстэн салбарлан буй болжээ.

Монголчууд бичиг үсгээ уйгараас авчээ. Уйгар нь согдоос, согд нь армайгаас, армай нь финикүүдээс авсан гэж үздэг. Энэ урсгалаар Уйгар хэлний: аяга, дарь, жад, суварга, тус (тус дэм), хөрш, эрлэг, Герег хэлний: ном,; Согд хэлний: титэм, хурмаст, чавганц гэх мэт үгс орж ирсэн бололтой. Магадгүй тэр үед, эсвэл хожим нь Чингисийн байлдан дагууллын үед Перс хэлнээс: байшин, бар, арслан, болор, дуран, дэвтэр, саадаг, сав (сав суулга), шатар, тогос, болд, хүхэр; Араб хэлнээс: бэрс, цув мэтийн үг зээлдэгдсэн байх. Хэбрай гаралтай гэх болд, архи зэрэг үг персээр дамжсан болов уу.

Хятад нь нүүдэлчдийн хувьд өндөр иргэншилтэй мөнхийн хөрш байсны хувьд тэндээс худалдаа наймаа эд бараа хоол хүнсний нэрс үе үеийн турш орж ирэн өөриймшдөг байв. Хэл судлалын хүрээлэнгийнхэн хятад гаралтай мянга орчим монголжсон үг олж тогтоосон гэх. Хятад хэлнээс: бантан, гоймон, гуанз, мантуу, манжин, ёотон цэс зэрэг хоолны төрөл (байцаа лууван гээд явбал маш олон бий); буу, хувин, хүүдий, гаанс, хямсаа, яндан, шуудай, гулууз, чийдэн, чүдэнз, зуух, сойз, пуужин, пянз, индүү, лаа, шон, лангуу, лонх, лоовууз гэх мэт эд зүйлс; яам, жанжин, мужаан, инжаан шавь, ноён зэрэг захиргаа болон мэргэжлийн; зос, данс, чамин, хонжоо, түнш, дэнчин, зээл, маапаан, сачий зэрэг худалдааны; болон жоом, муур, мэгж, хав, хус, тагна[х], тайван, түүчээ, тэнхим, ханш, шагн[ал], шуу, эрлийз, ямбий, янз, биш, бүү, зэв[рэх] гэх мэт.

Манжийн захиргаанд орсноос хойш болов уу Манж хэлнээс: авга, сэлэм, үрэл, халим, хэргэм, элбэнх, хурандаа, гавал гэх мэт нэршил орж иржээ.

XVI-XVII зуунаас Түвдийн шашин Монголд нэвтэрч улмаар оюун санааны гол хөтөч болсноор санскрит, төвд хэлний маш олон үгс орж ирэн өөриймшлөө. Шашны нарийн ширийн нэршлийг гэлгүй нийтлэг хэрэглэгддэг үгс гэвэл Санскрит (самгардь хэмээн бичгийн хэлээр бас нэрлэх) хэлнээс: цэрэг, самбар, гадил, судар, шарил, ууль, зул, маргад, цамхаг, хясаа цамц, үс, хас, мутар, агаар, сансар, тив, авьяас, хот, амар, аян, буян, бэртэг[чин], заль, сугар, хийд, цааз, шашин, шүлэг гэх мэт; Хинди хэлнээс: тоть; Түвд хэлнээс: бурам, нян, шүгэл, шүр, элээ, янгир, баг, бамбай, гуалин, дарцаг, илд, домбо, хадаг, нярав, сэтэр, цэг, дон, дэглэм, завхр[ал], лазан, хонзон, луйвар, мадаг, маяг, мунаг, мунхр[ах], намба, намтар, нандин, сая(тоо), тартаг, хамхум гэх мэт.

XVII зуунаас хойд талаараа Оростой хиллэх болсон монголчууд тэндээс нэлээд үг зээлжээ. Орос хэлнээс: замаг (бууны), мохоор, овьёос, онигоо, оочир, пүрш, хаймар, өшөө, чүд чүд, халтуур, ходоок, шимээсэг, цөлхөөв, харандаа, цүнх, хулиган, хонтоор, бэржээнх гэх мэт. Таваар гэх үг маш эрт орж ирсэн боловч монгол бичгээр “в”-г нь гадаад үгийн “в” тавьснаас болоод үргэлж гадаад үг харагддаг. Харандааг анх Швейцарийн Ашэ хотод хийснээр Ашэгийн үзэг гэсэн “карандаш” монголоор харандаа болжээ. Молоко бол монголоор “сүү” гэсэн үг биш, лаазалж өтгөрүүлсэн сүү. Төмөр замын хөндлөн гарцыг пэрээзэр гэдэг нь “переезд” гэсэн орос үг. Монголчууд пилээтгийг (плитка) лавтай 60-70 жил хэрэглэж байгаа ч хүлээн зөвшөөрдөггүй учир ямар ч толинд байдаггүй.

ХХ зуунд техник технологи, шинжлэх ухааны хүчээр гол төлөв орос хэлээр дамжин маш олон үг монгол хэлний санд орж ирсэн юм. Герег хэлний: антологи, арифметик, барометр, геологи, геометр, диаметр, театр, техник, физик, ион, математик, механик, олимп, симфони; Испани хэлний: парад, хунт; Итали хэлний: банк, паспорт; Араб хэлний: алгоритм, алгебр, адмирал, альманах, зенит, кофе, карат, тариф, цифр, юбка; алс Америк тивийн Азтэк хэлний: какао, тэкила, томат, шокалад гэх мэт.

Цаашилбал, Латин хэлний: автобус эффект, экватор, цикл, автомобиль, ассистент, бюллетень, индукци, максимум, вакуум, вектор, оптимум, локомотив, реферат, радиус, инфляци, интервал, конспект, сегмент, постулат, субстанц, корпус, декан, дедукци, проект; Герман хэлний: ландшафт, абзац, маршрут, маштаб, лозунг, кноп, лагерь, коструль, канистр, айсбэрг, фартук, шницель, шайб, цайтнот, туфль, рюмк, слесерь, пункт, процент, офицер, официант, шпорот, штанг, шрифт, Холанд хэлний: пиджак, яармаг, манекин; Франц хэлний: билет, кондуктор, ресторан, авангард, шедевр, сорт, лимузин, биде, пинцет, аванс, котлет, барак, азарт, билярд, балет, банкет, пипетк, ампул, атташе бельтаж, трусик, бандаж, гарнир, крем, гуашь, жанр, бокал, жижүүр, тунель, жест, кафе, купе, коньяк, журнал, мансард, пальто, мэр, экипаж, шифр, теннис, тужурк, шанс, шантаж, парашют, соус, портфель, розетк, руль, сюжет, сеанс, рагу; Чех хэлний: пистолет, робот, колгот гээд явж өгнө. Энд зөв бичгийн дүрмийг орос бичлэгээс одоо баримталж байгаа монголчилсон хувилбараар бичив.

1990 оноос нийгэм нээлттэй болсон, гар утас, компютэр, сансар гэх мэт техник технологийн асар хурдацтай дэвшил гарсан зэргээс болж гол төлөв англи гаралтай нэр томьёо шууд орж ирэх боллоо. Бизнис, хуулийн: аутсорсинг, бизнис, брокэр, дилер, дифольт, дистэрбүтэр, лизинг, копирайт, маркэтинг, мэнэжэр, пиар, франчайзэр, холдинг, офшор, продакшн, офис, промоушн, рэгистрэшн; Спортын: бадмингтон, бокс, гоол, нагдаав, кикбокс, накаут, гандбоол, пэйнтбоол, пэнальт, рэкорд, таймаут, рэгби, ринг, плэй-оф; Мэдээлэл, компютэрийн чиглэлийн: апгрэйд, байт, баннэр, бит, блог, вэб, дисктоп, интэрнэт, лэптоп, линк, микропроцэссор, онлайн, сэрвис, спам, транзистор, файл, софтбэр, хардвэр, хакэр; Физикийн: кварк, лазэр, мазэр, радаар, спин; Өөр бусад: айтсайдар, бакс, бойкот, бүмэранг, жийнс, кастинг, сэкс, лобби, лийдэр, мэйкап, постэр, нау-хау, рэйтинг, скрининг, спикэр, ток-шоу, шоу, шопинг, хот-дог, мак, хит, форвард, фастфүүд гэх мэт. Мөн Япон хэлний: сумо, каратэ, караоки, нинжа, сакэ, судоку, татами, харакири; Солонгос хэлний: кимчи. Эдгээр шинэ үгсийг цаад хэлнийх нь дуудлагаар бичив.

Аль ч хэл гадаад үг зээлдэн авахдаа өөрийн аялага, онцлог, дүрэмдээ тохируулан авч бичигтээ буулгадаг. Мөн өөрийн хэлний төстэй үг рүү ч ойртуулан өөриймшүүлэх нь бий. Сигнал гэдэг үгийг чагнах гэдэгтэй ойртуулан “чагнаал”, амартизатор гэдгийг амрах гэдэгтэй ойртуулан “амаржий” гэх маягтай. Япон хэл заавал эгшиг гийгүүлэгч холилдож явдаг учир ink (бэх-англи)-инку, badge (тэмдэг-англи)-бажу гэх маягтай. Окэй гэсэн англи үгийг япончууд “окэй машта”, хятадууд “окэй ла” гэдэг нь өөрийн болгож буй хэрэг.

Монголчууд эрт үед ч, өнөө үед ч гадаад үгийг өөриймшүүлэхдээ аялга хэллэгтээ тохируулан хэлэлц-дэг: Ажил мэргэжлийн: гачигаар, сэлээсэр, мончоор, гүрүүшиг, сэстраа, саньтаар, жижүүр, хаминдаа; Ахуй амьдралын: лоом, лапаатаг, дүрүүжба, канон[дах], остоол, шкаав, түмбүүшиг, гүүпэр, ботроон, болкоон, чардаак, поорчиг, соосог, поошиг, нийвий, хороом, лээвчиг, бандааш, түрүүсэг, госчоом, жэлээтэг, түжүүрэк, пэрчаатаг, польтоо, хүүрчиг, бажийнк, хээт, пүүз, таавчиг, шэлээп, кээпэг, дараап, пилээтэг, холоотог, зовууд, таваар, арзээтаг, ишнүүр, араажав, таанц, тэлвийз, эсмэтаан, барээнь, хомпоод, бараашиг, галавсай, яавлаг, гулиаш, поончог, пэрэшкий, пяраанаг, күлүүб, пүүшиг, мэрзээвтэр, пийвар, гостроол, горшоонк, битаан, эсэглаад; Цэргийн салбарын: эрмээнь, таагчиг, нагаан, халиавар, бянтаав, пульмаат, ниваал, застаав, пийшэг, шинээль; Техниктэй холбоотой: шимээсэг, гачаалк, борной, пэрээс, гүүзүү, ноцоосог, сонсмоол, бүлтүүзэр, рүүль, хааз, хардаан, хорооп, хярлаа, халаапан, зозоор, аржаатар, поржоотор, авьтийрак, моост, гачаалдах, нармаалдах, ганжинсаатар, поомп, хоонс, данхраад, чагнаал, мийл, маниул, хумляатор, шалаанк, ханийстар, бахрийшиг, хаймар, эрзээн, таранбүлүүр, каасчир, тооромсог, шаариг, шалаанз, бикаав, автууз, мийкр; Бусад: соовэст, сэроозны, балтаалах, заяд[ах], микроов гэх мэт эдгээр үгсийг хэллэгээр нь бичихэд ойлгохгүй монгол хүн бараг үгүй болов уу.

Галавсайг хиам, яавлагийг алим, сэстрааг сувилагч гэх мэтээр заримыг нь монгол үгээр орлуулан хэлж тогтсон боловч дээрх ихэнх үг энэ байгаагаараа хэрэглэгддэг. Эдгээр нь яаж ч харсан бүрэн өөриймшсөн монгол үг болсон боловч бид ингэж бичдэггүй. Үүнд юун түрүүн бичиг үсэгт илүү ойр байдаг сэхээтнүүд цаад орос бичлэгийг нь мэддэг учраас ийн бичих нь соёлгүй санагддаг юм уу, ингэж хэрэглэдэг. Гэтэл нэгдүгээрт, орчин цагийн кирил монгол бичиг нь Дамдинсүрэнгийн үсгийн дүрмээр халх аялгад тулгуурладаг юм бол, хоёрдугаарт, манж, санскрит, хятад хэлнээс орж ирсэн үгсийг аялага хэллэгтээ тааруулан бүрэн монголчлон бичиж болж байхад голдуу европ зүгээс зээлдсэн үгийг хэллэгээсээ өөрөөр бичих нь логик муутай мэт. Тэгээд ч цаад угшил болон хэллэг нь өөр хэлний гаралтай үгийг заавал орос бичлэг хэллэгээр бичдэгийг баримтлах нь утга муутай санагдана. Хайнрих Хайнэ гэсэн герман хүний нэрийг Гейнрих Гейне гэж оросууд шал өөрөөр дуудаж бичдэг нь орос хэлний өөрийнх нь дүрэм билээ. Еэвэн гэхэд ордог “е” бол монгол дуудлага нь “е” болохоос ”э” биш шүү дээ. Орос хэлний дүрмээр “п” авиаг зөөлөн дуудвал “пх” гэж тэмдэглэдэг учир Пхеньян гэж бичдэг. Үүнийг шууд орос бичлэгээр тавьснаас болоод бид П-хх-еэ-нянь хэмээн тун ч төвөгтэй хэлэх болжээ. Уул нь Пэньян л даа. Орос дүрмээр Завхан-ыг “Дзабхан” гэж бичдэг нь өөрсдийн аялага хэллэгт ойртуулж буй хэрэг. Улан-Батор, Урга гээд ийм жишээ ховор бус.

Бусад аль ч хэлний нэгэн адил монгол хэлний өргөн хэрэглэгддэг мөнөөх 12-15 мянган үгийн сангийн лавтай 20-30 хувь нь гарал үүслээр нь хөөвөл гадаад гаралтай. Дээр авсан бүх жишээнд өргөн хэрэглэгддэг нэршлийн заримыг авсан болно. Үүнээс цаашлан лавшруулбал маш олон бий. Дээр нь уул ус, газар зүйн гадаад угшилтай нэрсийг тоочвол бүр ч аймаар юм болно. Хүний нэр нэмбэл…? Гаднаас орж ирж буй хараал, этгээд хэллэг? Энэ бүхэн ичээд байх зүйл биш, ерөөсөө хэл бол амьд учраас хоорондоо үгсээ солилцон зээлдэлцэн баяжиж хөгжиж буй хэрэг. Сүүлийн үед орж ирсэн зээлдмэл үгсийг харилхан гадуурхаж, орноос нь хэн нэгний зохиосон монгол гэгдэх үгээр орлуулахыг шаардах тулгах нь нийтэд ойлгомжгүй. Тухайн үедээ “Геометрийн сурах бичиг”, “Органик химийн сурах бичиг”-ийг бүрэн “монголчилж” катед, тригнометр, паралель, ион, валент гэх мэтийн тогтсон нэршлийг ориг монгол үгээр орлуулан хэвлэж байсан нь хэнд ч ойлгогдохгүй бөөн будилаан тарьж байв. Тухайн хэлэнд юуг яаж хүмүүс өөрснөө тогтон ойлголцдог болохоос хэл шинжээчид, эрдэмтэд, нэрт хүмүүс үүнийг тогтоон буй болгодоггүй нь хэл амьдын баталгаа юм. Хүмүүс яаж ярьж байгааг судлан тогтоогчдыг л хэл шинжээч гэдэг шүү дээ. “Тоортыг монголоор юу гэх вэ” гэхээр нь “Идэхээр бялуурдаг юм бол бялуу гэе” гэж Ренчин гуай хариулснаас өдгөө бялуу болсон гэх. Жижиг юмыг дөрвөдөөр “бицэл” гэдгийг академич Цэрэн “бичил” гэж тэмдэглээд микро- гэсэн үгийг орлуулсан гэх. Иймэрхүү нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн монголчлол байдаг боловч тун ховор. Дээр дурдсан пилээтэг гэсэн үгэнд олон жилийн турш олон мэргэд янз бүрийн нэр санал болгосон боловч пилээтэг пилээтгээрээ л үлдсэн. Нэршил юун түрүүн ярилцагч олноор аяндаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм. СПИД гэж ярьж бичдэг байснаа ДОХ болон хувирахад яггүй олон жил шаардсан. Яахаараа ч орос гаралтай палааж харь үг учир “платье” гэж бичих ёстой мөртөө хятад гаралтай “даашинз”, “бошинз” ориг монголд тооцогддогийг ойлгоход бэрх.

Эрдэмтдийн тооцоолсноор өнөөдөр дэлхийн хүн ам зургаан мянга орчим хэлээр ярьдаг ч жилд 50 орчим нь мөхдөг гэнэ. Шинэ Гвинэйн арлын нэг үзүүрт орших долоон сая папуачууд шал өөр 500 орчим хэлээр ярина. Тэд гадаад үг зээлж ярьдгаас хэл нь мөхөөд байгаа юм биш, дэндүү цөөхүүлээ, өөрийн бичиг үсэг үгүй, хорвоогоос тасархай бөглүү нөхцөлд амьдардаг, хоорондоо ойлголцдоггүй учир аль нэг хэлийг дундын болгохоос өөр гарцгүй зэргээс болж нэг л мэдэхэд уг хэлээр ярьж ойлгодог хүнгүй болдог аж. Бразилийн шугуй, Индонези, Филиппиний уулс, Австралийн цөл, Умард туйлын мөс, Африкийн ширэнгэд ийм байдлаар мөхөж буй хэл олон бий. Зүүн хойд Азид өдгөө 70 орчим хэлээр хэлэлцдэг гэх авч тун удахгүй хятад, орос, япон, монгол, солонгос гэсэн тавхан хэл үлдэнэ гэж судлаачид хэлж байна.

Алив хэл гадагшаа амьд холбоотой байж, тэндээсээ нэршил төдийгүй хэлц, зүйрлэл, санаа зээлдэн авч байж улам баяжин хөгждөг болохоос гадаад үгнээс болж мөхдөггүй. Өнөөдөр хамгийн олон үгийн нөөцтэй баян нь гэгдэн олон улсын харилцааны голлох гүүр болж чадсан англи хэл үүний жишээ юм. Кэльт, вали зэрэг үндэстнүүд амьдардаг Британийн арлыг VIII зууны үед герман овгийн саксон, ют, англиканчууд эзлэн суурьшжээ. Түүхийн явцад тэд арлын уугуул иргэдээс асар их үг хэллэг зээлснээс гадна хөрш дани, холанд, исланд, франц, испани хэлнээс олон үг өөриймшүүлжээ. Шашны шалтгаанаар маш олон латин үг орж ирэв. Дундад зууны үед хэдийгээр хаад дээдэс нь германаар ярьдаг байсан ч ард түмний дунд англи хэл бүрэн төлөвшин буй болжээ. Британичууд дэлхийд ноёлон газар газрыг эзэлж аялж, жуулчилж, судалж явахдаа энэ хорвоод хүн төрөлхтөн ярьдаг үй олон хэллэг, нэршлийг зоригтойгоор өөриймшүүлжээ. Одоо хамгийн том толь бичиг болох Википэдиад испани, япон, хятад, итали хэлээр нэг сая орчим, франц, герман хэлээр хоёр сая орчим толгой үг байгаа бол англиар таван сая 375 мянга гэж бичсэн байна.

2017.3.25

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *