Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж байна DNN.mn

Завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх голуудын эрэг дагуу зорчсон 2306 иргэнд аюулгүй байдлыг хангаж, голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг гол усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс Онцгой байдлын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 13 хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 2,8 сая иргэнд олон нийтийн сүлжээ болон биетээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, завьт эргүүлийн аврагчид усанд осолдож болзошгүй дуудлагаар ажиллаж 67 иргэний амь насыг усны ослоос авран хамгаалж, буцалтгүй нэрвэгдэгч таван хүний цогцсыг гаргаж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг эрэн хайх ажлыг зохион байгуулан ажилласан юм.

Иймд гол, усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж дараах сэрэмжлүүлгийг ОБЕГ-аас хүргэлээ.

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранги нь явуулж тоглуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *