УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль зүй, дотоод хэргийн яамны урд “шударга ёс” гэж нэмж байгаа юм байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэршил. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу. Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр бол хамгийн бага стандартыг тогтоох ёстой” гэв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хуулийн байгууллагын асуудлыг засах, зөв ойлголтыг нийгэм мэдэх гэдэг агуулгаар ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэх нэршлийг оруулж ирж байгаа юм. Прокурор, мөрдөх байгууллага, шүүхийн байгууллагын дунд байгаа бараг найз нөхөд байдаг юм. Хууль хяналтын байгууллагад хяналт тэнцэл гэдэг зүйл байхгүй болоод удсан. Тэр агуулга руу явуулахаар олон улсын нийтлэг жишгийн дагуу оруулсан.
Ер нь мөрдөх байгууллага Засгийн газрын харьяанд байдаг. Прокурор нь УИХ, шүүх нь тусдаа байдаг гэх ойлголттой. Бодит байдал дээр шударга ёс томилсон хүмүүстээ үйлчилдэг бүтэц байдаг” гэсэн юм.
Улмаар хуралдаанд оролцсон 20 гишүүний 17 нь хуулийн төслийг дэмжсэнээр УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар дараагийн хэлэлцүүлгийг хийх юм.