Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх нар Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр “Зургаадугаар сарын 29-ний сонгуулиар ардчилсан нам ялчихсан байсан юм шиг ярьдаг. Тэр битгий хэл МАН 65 гишүүнтэйгээрээ Ардчилсан намын ялалтыг булааж авсан гэсэн мэдээллийг тараагаад байгаа.
Анхдугаар хуралдаанд 33 төлөөлөгчөөс 17 нь буюу олонхи хуралд ирсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасныг зөрчөөгүй учраас хуралдааны бүхий л шийдвэр хүчин төгөлдөр хэмээн тодорхойлсон байгаа.
Үүнийг бид өнөөдрийг хүртэл тэвчиж, харж явсан. Тэвчээрийн хязгаар гэж байдаг. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэдэг. Ийм байдлаар гишүүдээ ч тэр, Монголчуудыг ч тэр бүхэлд нь төөрөгдүүлж байгааг засаж залруулах ёстой.
Мөн хууль бусаар анхдугаар хуралдаан зохион байгуулж, Засаг дарга, иргэдийн хурлын даргыг сонголоо гэсэн худал мэдээлэл ч тараасан.
Одоогоор жагсаал, суулт зохион байгуулагчдын шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй, ямар ч гарын үсэггүй тийм зүйл байгаа юм.
Суултын шаардлага ойлгомжгүй, үнэхээр сууж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байтал улс орны хэмжээнд хүртэл буруу мэдээлэл явуулж байгааг мөн засаж залруулмаар байна.
Олон хүний эрх ашгийг хөндөөд, төрийн албаны ажил хийлгэхгүй байгаа асуудалд Цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулах байх” хэмээв.