Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн салбарын долоон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Зам тээврийн салбарын долоон үйлчилгээ нэвтэрсэн тухай Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах талаар олон ажил төлөвлөсөн байгааг тэрээр мэдээллийн эхэнд онцлоод, энэ хүрээнд зам тээврийн салбарын нийт 90 гаруй үйлчилгээний 49 нь буюу 50 хувь нь цахимжсан гэдгийг тодотголоо. Цаашид 2020-2024 онд бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллана гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв. E-Mongolia портал системд одоогийн байдлаар,

  • Жолоочийн оноо, эрх шалгах, лавлагаа авах,
  • Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа,
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа,
  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах,
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах,
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах ,
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээ нэвтрээд байна.

Цаашид цахим шилжилтийн хүрээнд ухаалаг тээврийн системийг боловсронгуй болгох мастер төлөвлөгөө боловсруулж байгааг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллийн үеэр тэмдэглэв. Энэ хүрээнд БНСУ-ын холбогдох байгууллагын дэмжлэгээр төлөвлөгөөг боловсруулж байгааг тодотголоо.

Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт суулгаж буйг онцлов. Өнөөдрийн байдлаар, зорчигч тээврийн тасалбар цахимаар олгох үйлчилгээ дуусах шатандаа оржээ. Үүнд авто болон агаарын тээвэр, төмөр замын салбарт бүрэн хийгдээд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia гар утасны аппликейшнийг 61 829 хүн татан авч ашиглаж байна. Үүнээс 138 891 хүн цахим үйлчилгээ авсан. Энэ нь дээрх аппликейшнийг 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд иргэд идэвхтэй ашиглаж буйг харуулж байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллийн үеэр танилцуулсан. Тэрбээр, “Уг аппликейшнээр иргэний үнэмлэх захиалсан иргэдэд эхнээсээ хүргээд эхэлсэн. Мөн өчигдрөөс E-Mongolia-гийн фэйсбүүк цахим хуудсаар “24/7″ буюу өдөр шөнө, амралтын өдөр харгалзахгүй мессенжерээр мэдээлэл авах боломжтой болж байгаа” гэв.

Мөн тус аппликейшнд “Чимэгэ” дуу хоолой таних технологи нэвтэрч байгааг дуулгалаа. Тодруулбал, гар утсаараа дуу хоолойгоороо үйлчилгээ хайх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр, хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт иргэд E-Mongolia системийг ашиглах бололцоотой болж байгаа гэдгийг тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *