Categories
мэдээ нийгэм

Захуудын чингэлгийн худалдааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөлд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Меркури”, “Эрдэнэбулган”, “Энхжин”, “Бөмбөгөр” зэрэг долоон зах, худалдааны төв болон 980 түрээслэгчийг шалгалтад хамруулсан байна.

Шалгалтаар нийт 446 зөрчил илэрч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаа эрхлэж байсан “Нарантуул”, “Барс” захуудын павильон, чингэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, зогсоосон байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бүхий л худалдааны төв, захуудад хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа зөрчил нилээдгүй илэрсэн. Эдгээр зах, худалдааны төвүүдэд торгууль, шийтгэвэр оногдуулж ажиллалаа. Зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа “Нарантуул”, “Барс” захуудын чингэлгийн худалдааг зогсоосон. Мөн таван аж ахуй нэгжид 28 сая төгрөгийн, 44 иргэн 7.4 сая төгрөгийн, эрх бүхий албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн” гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *