Цахилгаан зуухан дээрээ нэг цаг ус буцалгахад дунджаар 122 төгрөг зарцуулна. Харин гар утсаараа нэгцагийн турш ярихад 4200 орчим төгрөг төлнө. Гар утсаараа нэг цаг ярихгүй тэвчиж болох ч цахилгаангүй нэг хором байх боломжгүй болсон эрин үед бид амьдарч байна. Бид эрчим хүч өөрөөр хэлбэл цахилгаан, дулаан үйлдвэрлэгч “ДЦС-4” ТӨХК, дамжуулагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК,түгээгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
1500 ГАРУЙ ХҮН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАН ЭРЧИМ ХҮЧИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
“ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагааггаднаас нь харж,уурын хэдэн яндангаар нь л төсөөлдөг байв. Бид хэтэрхий өнгөцхөн төсөөлөл, бас нимгэн мэдлэгтэй явдаг гэдгээ станц дээр очоод мэдэрсэн. Станцын төв байранд ороход үүднийх ньзааланд хоногийн мэдээ том дэлгэцээр урсана. Тэнд байгаа мэдээллийг уншихад урьд шөнө ямар нэгэн хүндрэл учраагүй бололтой. Ер нь Түлш дамжуулах, Зуухан, Турбин, Цахилгаан гээд цехүүдэд очиход бүгд хоногийн мэдээ, одоо байгаа нөхцөл байдлаа мэдээлж байлаа. Монгол Улсын эрчим хүчний зүрх нь учраас ажилтан, албан хаагчид нэг хором ч хариуцлага алддаггүй нь эндээс мэдрэгдэж эхлэв. Нэг ажилтны ард олон хүний ажил амьдрал, тодруулбал нэг улсын хувь заяа багтаж байгаа учраас хариуцлагатай байх ёстойг бүх ажилтан нь баримталдаг. Тэд асар их дуу чимээ, тоос шороо, халуун орчинд ажилладаг.Станцын ерөнхий инженер нь үйл ажиллагаагаа танилцуулж байхдаа “Түлш дамжуулах цехийн ажилчид олон жил нүүрс, тоос, тортог дунд ажилласаар байгаад арьсны нөсөө нь хүртэл өөрчлөгдөн бараан царайтай, харин Зуухан цехийнхэн халуунд ажилласаар байгаад улаан царайтай болдог.Энд ажиллагсад сахарын өвчнөөр их өвчилдөг” гэж ярьж байлаа. Эндээс харахад эрүүл мэндээ золин байж эрчим хүч үйлдвэрлэдэг нь харагдана. Гэхдээ удирдлагууд нь хамт олныхоо эрүүл мэндэд сайн анхаардаг гэдгийг ажилтнууд нь ярьсан.
ЯДАЖ ӨРТӨГӨӨ НӨХДӨГ БОЛЧИХВОЛ...
“ДЦС-4” ТӨХК анх байгуулагдснаасаа хойш байнга өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа. Гэвч эрчим хүчний хэрэгцээ, ачаалалтай харьцуулаад хувилаад үзвэл багахан хувь нь шинэчлэгдэж,ихэнх тоног төхөөрөмж нь хуучирч, элэгдэн хэзээ нэг өдөр Монгол Улс гал алдаж мэдэхээр болжээ. “ДЦС-4” ТӨХК үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэтэрхий бага үнээр борлуулдагаас болж ханган нийлүүлэгчдийн дунд өрийн сүлжээ бий болжээ. Хямд үнээр цахилгаанаа нийлүүлдэг атлаа одоогоор эрчим хүч хэрэглэгчдээс 21 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Цахилгааны үнэ жаахан ч гэсэн нэмэгдвэл өртөгөө нөхөөд, засвар үйлчилгээгээ хийгээд явах боломж байгааг тус станцын удирдлагууд ярьж байсан юм. Эрчим хүчний энэ хямд үнэ тариф уул уурхайн салбарынханд ч бас нөлөөлж байна. Ядаж л тэдэнд нүүрсээ нийлүүлдэг Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайнууд бас л хамгийн бага үнээр нүүрсээ өгч, эрчим хүч үйлдвэрлэгчид хэзээ мөнгөтэй болохыг хүлээгээд сууцгааж байгаа гэнэ.
ЭРЧИМ ХҮЧ ДАМЖУУЛАХ БАЙГУУЛАМЖУУД ШИНЭЧЛЭЛ НЭХЭЖ БАЙНА
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК эрчим хүч үйлдвэрлэгчээс цахилгааныг нь авч хэрэглэгчдэд дамжуулах үүрэг хүлээдэг. Зах зээлийн жамаараа бус төрөөс хааж, боосон үнийн хязгаарлалт тус компанийн үйл ажиллагааг ч бас хүнд байдалд оруулжээ. Тодруулбал, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд уулын оройд шугам байрлуулах шаардлага гардаг. Гэтэл тэнд хүрч очдог машин байхгүй. Хуучны ЗИЛ-130 машинаараа зүтгэхээс өөр аргагүй. Анх байгуулагдахдаа суурилуулсан тоног төхөөрөмж нь цагийн аясаар муудаж, шинэчлэл нэхэж эхэлжээ. Нэг дүрсгүй нөхөр цахилгаан дамжуулах шугам дээр гараад суучихсан хэрэг өнгөрсөн онд гарч нийслэлийн баруун хэсэг тэр чигээрээ цахилгаангүй болж байсан. Тэр үед л гэхэд ажилтнууд гар мухардаж, согтуу нөхрийн амийг аврахын тулд бүтэн хоёр цаг цахилгаан тасалж, багагүй хохирол амссан гэнэ.Агаарын шугамуудыг шинэчлэх, дэд станцууд байгуулах гээд асар их хөрөнгө мөнгө шаардсан ажил тэднийг бас л хүлээж байна. Байнга засвар хийлгэдэг шугам сүлжээ, тэнд ажиллах багаж төхөөрөмж, машин техник байхгүй болохоор тус байгууллагад олон жил ажилласан боловсон хүчин нь өндөр хангамжтай компаниуд руу урвачих гээд байдаг болжээ. Эрчим хүчний үнийг бодит байдалд нийцүүлвэл дээрх хүндрэлүүдээс гарах боломжтойг бас хэлж байсан юм.
САЛБАРЫН ДОГОЛДОЛ ЭЦСИЙН ШАТАНД Ч ХҮНДРЭЛ ДАГУУЛЖ БАЙНА
Наймаагаар бол жижиглэнгийн худалдаа эрхлэгчтэй зүйрлүүлж болохуйц байгууллага бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК. Дулааны станцад үйлдвэрлэж, дамжуулах сүлжээгээр урсан гарсан эрчим хүчийг тус компани эцсийн хэрэглэгчдэд түгээж, борлуулах үүрэг хүлээдэг, нийтдээ 258 534 хэрэглэгчтэй том айл.Тус байгууллага тоног төхөөрөмжийнхөө засвар, үйлчилгээг нэгмөр хойш тавьж, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр нийт тоног төхөөрөмж, дэд станцуудынх нь42-67 хувь нь30 жилээс дээш жилийн настай. Ашиглалтын хугацаадууссан 12 дэд станц, газар хөдлөлтөнд тэсвэргүй гэж тогтоогдсон 40 дэд станц ажиллаж байна. Үүнээс гадна ашиглалтын хугацаа дууссан модон тулгууртай агаарын шугам нийт агаарын шугамын62.3 хувийг эзэлдэг гэсэн тоо түгшүүрийн харанга дэлдэж байна.
УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү “Нийслэл хотод хүн амын механик өсөлт бий болсоор байна. Зөвшөөрөгдсөн газарт буусан ч цахилгаан авч чадахгүй байгаа 3700 айл өрх байна. Тэдэнд хүрч үйлчлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Харамсалтай нь хөрөнгө мөнгө байхгүй учраас цахилгаанаар хангаж чадахгүй байна. Эрчим хүч хэрэглэгчдийн тоо байнга өсөж, ачаалал ихэссэн ч бид зардлаа хэмнэх үүднээс орон тоо нэмдэггүй, харин ажилчдынхаа ажлын ачааллыг нэмдэг” гэж ярилаа.УБЦТС ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв гэхэд 22 мянга гаруйхэрэглэгчдэд үйлчилдэг. Энэ хэрэглэгч нарын тоолуурын заалтыг авахаар 14 хүн өглөө оройгүй явдаг гээд бодохоор үнэхээрачаалал ихтэй ажилладаг гэдэг нь илт.
ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖЭЭГҮЙ ГАНЦ САЛБАР
Эрчим хүчний салбар бол төрийн бодлогоор зах зээлд ороогүй үлдсэн ганц салбар. Үнэ тарифыг нь төрөөс хатуу тогтоосон. Үр дүнд нь Монгол Улс гал алдахад ойрхон байна. Уг нь УИХ 2010 онд “Түлш эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх, тус салбарын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах… ” тухай 72 дугаар тогтоол баталжээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнт зах зээлийн жамаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шийдвэр гаргасан байна.Энэ тогтоол өнгөрсөн онд хэрэгжиж дуусах ёстой байлаа. Энэ хугацаанд өнөөх төрийн бодлогод боомилогдсон эрчим хүчний салбарын техник, тоног төхөөрөмж хуучирч, өрийн сүлжээ үргэлжилсээр л… Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл Монгол Улс цахилгаан, дулааны асуудалд орж эрчим хүчний салбараа өндийлгөхөд хэцүү болох вий дээ. Ийм сануулгыг салбарынханхолбогдох байгууллагуудад тавьсаар байна. Гэвч эрчим хүчний үнэ тарифыг тойрсон улс төржилт байнга гарч байдаг.Эрчим хүчний салбар үнэ тарифаас болж хөгжиж дэвжих нь бүү хэл хөдөлж чадахгүй болж магадгүй байгааг манай зарим нэг улстөрч ойлгодоггүй, ойлгосон ч түүнийгээ ил гаргадаггүй. “Үнэ нэмлээ” гэж улстөржүүлж, “Цахилгаан, эрчим хүчний үнийг буулга” гэж хашгирсныхаа төлөө иргэдээс саналын оноо цуглуулж байна гэж ойлгодог хүн ч цөөнгүй. Өнөөдөр нэг кВт.цаг эрчим хүчний дундаж үнэ 144 төгрөг,хэрэглэгчдэд дунджаар 122 төгрөгөөр борлуулна. Үүний зөрүү даруй 22 төгрөгийн алдагдал хүлээнэ. Уг нь 22 төгрөг гэдэг бага мөнгө. Гэхдээ энэ 22 төгрөгнөөс болж эрчим хүчний салбар алдагдалд орж, эдийн засгийн хувьддоройтож, техник, технологийн шинэчлэлт хийж чадахгүй байгааг иргэд ч, эрх баригчид ч ойлгох цаг болжээ. Эрчим хүч бол улсын аюулгүй байдалтай холбогддог онцгой салбар. Тэр утгаараа хэвийн ажиллах нөхцлөөр хангагдах ёстой. Ийм нөхцлийг хангахын тулд УИХ-ын 72 дугаар тогтоолоо бүрэн хэрэгжүүлэхийг салбарынхан нь хүсч байгааг уламжлая.
Б.ЦЭЦЭГ