Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 маршрут байдаг.
Эдгээрээс хамгийн том нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрут юм. Энэ чиглэлд амралтын өдрүүдээр л гэхэд 4000-5000 иргэн ирдэг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашины бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байна.
Түүнээс гадна зохион байгуулалт, дэд бүтэцгүйгээс болж хог хаягдал маш их байдаг хэмээн уугуул иргэд болон тэнд аялж, зугаалж, явган аялал хийдэг хүмүүс багагүй гомдол ирүүлдэг аж.
Иймд энэ хүндрэлийг арилгах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран Зайсангийн аманд явган аяллын замын эхэнд 12620.3 м² /1.2 га/ газарт авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг авто зогсоолын цогцолборт зориулж 3 тэрбум орчим төгрөгийн төсвийг ИТХ-аараа батлуулаад байна.
Нийтдээ 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоол зэргийг бий болгох юм.
Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч байгууллагуудаас 1.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэх аж.
Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болно гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.
Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу хугацааны хувьд баяр наадмаас өмнө энэ ажил дуусах аж.