Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-УИХ өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа бололтой. Зарим нь өмч хувьчлал нэрийн дор луйврын үйл ажиллагаа явуулах гэж байна гэх юм. АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Өмч хувьчлалд хардлага дагуулсан асуудал үүсгээд байгаа нь Засгийн газар оруулж ирсэн тогтоолын төсөлдөө тодорхой үндэслэлүүдээ гаргаж өгөөгүйтэй холбоотой. Тухайлбал, аль, аль объектыг яагаад хувьчлах гэж байгаа юм, хувьчиллаа гэхэд холбогдох салбаруудад нь ямар үр дүнтэй байх нь тодорхойгүй байна. Уг нь энэ асуудлыг салбар яам нь Төрийн өмчийн хороотойгоо нэгтгэсэн байдлаар, өмчлөх гэж байгаа объект тус бүр дээр тодорхой санал оруулж ирвэл гишүүд ойлгоно. Гэтэл нэг амьсгаагаар баахан олон объектуудыг оруулаад ирэхээр “Ийм аж ахуйн нэгжүүд байх хэрэггүй юм байна. Одоо алдагдалтай байдаг, муу менежмэнттэй, зарим нь гэхдээ сайжирчихсан” гэх зэрэг логикийн зөрчилтэй харагдаад байгаа юм. Тийм болохоор “Яагаад энэ олон объектуудыг хувьчлах гээд оруулаад ирэв, цаана нь хэн авах гээд байна вэ” гэсэн хардлага яваад байна л даа. Засгийн газар оруулж ирж байгаа тогтоолын төсөл дээр тун муу ажилласан. Төрийн өмчийн хороо, салбарын яам хоёрынх нь байр суурь ерөөсөө нэгдээгүй. Энийг хувьчлаад ямар үр дүнд хүрэх гээд байга юм гэсэн тооцоо байхгүй. Ийм юм хийгээд хэрүүлийн алим тариад, Их хурлын гишүүдийг хооронд нь талцуулж болохгүй. Эцсийн дүндээ өмч хувьчлалыг АН эсэргүүцээд байгаа юм шиг улс төр хийгээд байгаа нь үнэхээр зохимжгүй байна. Иймд Засгийн газар тогтоолын төслөө буцааж татаад, объект болгон дээр нь тодорхой байр суурьтай, нэгдмэл санаа зорилготойгоор оруулж ирмээр байна.
-Ер нь өмч хувьчлалыг яаж явуулах ёстой юм бэ?
-Өмч хувьчлах гэж байгаагийн зорилгоо бодох ёстой. Төрд ачаа үүрүүлээд байгаа аж ахуйн нэгжүүдийг хувийн өмчлөлд шилжүүлэх нь зөв гэдэг зарчмын байр суурин дээр бүх гишүүд зогсч байгаа. Гэхдээ тухайлсан объект болгоноор ярихад “Хувьчлахад бэлэн үү. Хувьчлаад үнэ цэнэ оруулах боломж байна уу. Тэрийг хувьчилснаар манай улсын хөгжлийн бусад хөтөлбөр төслүүдтэйгээ үзэл баримтлалтай нь нийцэж байна уу” гэх зэрэг асуудал дээр судалгаа хийгээд Засгийн газар оруулаад ирэх юм бол бид дэмжихэд бэлэн байгаа.
-Хөрөнгийн биржийг хувьчлах ёстой гэдэг асуудал байнга хөндөгддөг. Тийм болохоор энэ объект олны анхаарлыг яах аргагүй татаж байгаа. Харин та ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс санхүүгийн зах зээл, тэр тусмаа хөрөнгийн зах зээлээ олон улсад нээлттэй сайн үйл ажиллагаатай бирж болгоё гэж байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоолын төсөлд “Хөрөнгийн биржийнхээ тав хүртэлх хувийг Лондонгийн хөрөнгийн биржид өрөндөө өгнө” гээд бариад ороод ирж байна. Ингэх юм бол манай хөрөнгийн зах зээл сайжирна гэж үү. Хөрөнгийн биржийнхээ таван хувийг өрөндөө өгчихсөн байхад бусад хөрөнгө оруулагч энэ зах зээл дээр орж ирнэ гэдэг итгэл төрөхгүй байна.
-Төрийн банкийг хувьчлах асуудал олон хүнд хардлага дагуулж байна. Зайлшгүй хувьчлах ёстой объект мөн үү?
-Төрийн банк бол системийн хэмжээнд ач холбогдолтой банк. Жижиг зээл ихээр гаргадаг. Менежмэнт нь улс төрийн оролцоо ихтэй учраас хоёр, гурван жилийн дараа үйл ажиллагаа нь доголдох магадлал өндөр. Гэхдээ одоогоор Төрийн банк төлбөрийн чадварын эрсдэлд ороогүй. Стратегийн хувьд санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогч. Энэ банкийг төрд байх нь утгагүй юм гэдэг өнгөц шалтгаанаар хувьчиллаа гэж бодъё. Тэгвэл банкийг авсан хөрөнгө оруулагч аль болохоор зардал багатайгаар, ашиг өндөртэй бизнес явуулахыг хүснэ. Хэрвээ салбаруудыг нь татан буулгаад зөвхөн хамтын ажиллагаа тал руугаа бүтцээ өөрчилье гэвэл манай орон нутагт санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн байхгүй болчихно. Эргээд арван хэдэн жилийн өмнөх шигээ “Хаан банк”-ны өндөр хүүтэй зээлэн дээр оочирлодог шиг нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тиймээс Төрийн банкны өмч хувьчлалыг бодолтой хийх хэрэгтэй.
Төрийн банкаа орон нутгийн хөгжлийг дэмждэг, тусгай зориулалтын банк болгож яагаад болохгүй гэж. Ийм жишээ бусад оронд бий. Өнөөдөр төрөөс үзүүлж байгаа тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээнүүд, ЖДҮ, орон нутгийг хөгжүүлэх бүх хөгжлийн хөтөлбөрийн дагуу төсвөөс гарч байгаа хөрөнгүүдийг олгодог тусгай зориулалтын банк болгох боломжтой. Гэтэл өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн болон орон нутгийн хөгжлийн сангийн зээлүүд бүгд ямар ч мэргэжлийн санхүүгийн байгууллагаар дамжихгүй байгаа учраас эрсдэл нь тооцогддоггүй. Тухайн орон нутгийн хөгжилд үнэхээр хэрэгтэй төсөл үү, үгүй юу гэдэг дүгнэлт хийгддэггүй. Зүгээр намын томилгоогоор үнэлгээний хорооны хэдэн хүний үзэмжээр шийдэгдээд, төсвийн хөрөнгөөр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зарцуулалтын үр өгөөж нь муу байна. Тэгэхээр энэ байдлыг сайжруулахын тулд Төрийн банкийг тусгай зориулалтын банк болгоод үүгээр Төрийн бүх үйлчилгээг дамжуулж болно шүү дээ. Ингэж хяналтыг нь сайжруулаад тодорхой хувийг төр аваад, зарим хэсгийг нь нийтэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлээд явах боломжтой. Энэ мэтчилэн хувьчлах бүх хувилбар хэлбэрүүдээ тал талаас нь гаргаж чадахгүй байна. Тийм хувилбар орж ирэхгүй байгаа учраас хардлага төрүүлээд байна.
-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэхийн тулд 511 тэрбум төгрөгийг төрөөс гаргах тухай хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Арилжааны банкууд хүүгээ бууруулахгүй хэр нь төрөөс хөрөнгө оруулалт татах гэж байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Банкуудыг дахин хөрөн-гөжүүлэх хууль батлагдах ямар ч шаардлагагүй. Төв банкны эрх хэмжээг өгсөн хангалттай заалтууд бий. Банкны өөрийн хөрөнгө гэдэг бол тэр банкинд оруулсан хувь нийлүүлэгчдийн мөнгө. Банкаа зөв сайн удирдаад эрсдэлгүй зээл олгоод явж байвал тэр зээл нь мууд ангилагдаж, сан байгуулах ямар ч шаардлагагүй. Санг банкуудын эздийн өөрийн өмчөөс нь байгуулдаг. Тиймээс банкныхаа зээлийг муу болгож, эрсдэл их үүсгэсэн банкууд дээр сан байгуулахаар өөрийн хөрөнгө нь хорогдоод, нэмэлтээр хөрөнгө гаргах шаардлага тавигдаж байгаа. Хэрэв тухайн эзэн нь нэмэлт хөрөнгө оруулаад банкаа удирдаад авч явж чадахгүй бол түүний оруулсан хөрөнгөөр нь алдагдлыг нь хүлээлгээд дараачийн хөрөнгө оруулагчид санал болгоно. Дараагийн хөрөнгө оруулалтыг төр албадлагын хэмжээгээр авах бүх заалт нь банкны хуулинд байгаа. Энэ бол банкинд бизнес хийх гэж буй хөрөнгө оруулагчид хамгийн их хариуцлага хүлээлгэдэг механизм. Гэтэл одоогийн орж ирсэн хуулиар банкны өөрийн хөрөнгө нь дутагдсан байвал төр тэнд нь мөнгө хийж байх харилцааг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын хариуцлагыг чангатгах биш харин ч “Би хөрөнгөө оруулж чадахгүй бол төр дахин хөрөнгөжүүлээд аваад явчихна” гэдэг хандлагыг илэрхийлж байгаа юм. Төр хувийн өмч рүү орох ямар ч хэрэггүй. Банкууд дээр үнэхээр муу зээл байгаа бол тэрийг нь тэнцүү хэмжээний харилцах хадгаламжтай нь нийлүүлээд бусад банкуудад зараад, үнэхээр банкаа ажиллуулж чадаагүй хүмүүс хариуцлагаа хүлээлгээд явах ёстой. Хамгийн гол нь хадгаламж эзэмшигч, харилцагч нар хохирохгүй, хадгаламжийн даатгалын сангаас тэр хүмүүс учирч болох эрсдлийг нь даах байдлаар одоогийн хууль эрхзүйн орчныг ашиглаад явах бүрэн боломж байгаа. Тэрийг заавал Их хуралд оруулж ирээд нэг удаагийн шинж чанартай дахин хөрөнгөжүүлэх асуудлыг байнгын болгож хуулийн зохицуулалтад оруулж ирж байгаа нь буруу.
-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүний хувьд ямар зарчмаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу. Иргэний хөдөлгөөнийхөн ажлын хэсгийг айлын талд үйлчилж байна гэж шүүмжилж байгаа. Бас ард түмэн Оюу толгойгоос 51 хувиа эзэмших иргэдийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлжээ?
-Эхлээд мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон дэд ажлын хэсэг дүгнэлтээ гаргах юм. Дэд ажлын хэсгүүдийн дүгнэлт, хийж байгаа ажлын явц ямар байгаа ч том ажлын хэсэг дээрээ сонссон. Зарим тодруулах шаардлагатай асуудлуудыг хэлсэн. Дэд ажлын хэсэг эцсийн байдлаар дүгнэлтээ гаргасны дараа ажлын хэсэгт орсон Их хурлын гишүүд дүгнэлттэй танилцах юм. Үүний дараагаар нэгдсэн дүгнэлт гарах ёстой. Одоогоор судлах шатандаа явж байна. Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй байхад манай иргэд болон төрийн бус байгууллагууд хөдөлгөөн өрнүүлэхгүй байвал зүгээр юм. Тэд ажлын хэсгийн дүгнэлт бодитой гарахад нөлөөлөл орох нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг бодитойгоор гаргахын төлөө ажиллаж байгаа.
-Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Гэтэл зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчөөд байна гэдэг асуудал байгаа?
-УИХ-ын гишүүд чуулганыхаа хуралд хариуцлагатай оролцож, ажил хэрэгчээр санал санаачилгатай байж, сайн хуулиуд гаргах үүрэгтэй гэдэг дээр 100 хувь санал нэг байна. Өргөн барьсан хуульд УИХ-ын гишүүдийг эргүүлж татах тухай асуудал нь Үндсэн хуульд заасан хоёр тохиолдлоос илүү гарсан заалт байгаа учраас үүн дээр эргэж харах нь зүйтэй байх. Ер нь бусад орны парламент дээр санал хураах, гишүүд саналаа хэлэх процесс яаж явагдаж байгааг бүх гишүүд явж туршлага судалсан. Ер нь хуулийн төсөл хэлэлцэж байхад гишүүд зайлшгүй хуралдаанд биеэрээ оролцож саналаа өгч байх ёстой гэх зэрэг заалтыг оруулах нь гэмгүй.