– “ГАЗПРОМ” АШГАА БОДОЖ БАЙВАЛ ХИЙН ХООЛОЙГ ЕРДӨӨ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР Л ТАВИНА –
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.Яагаад хориг тавихаар болов?
-Төсвийн гурван хэсэгт хориг тавьсан. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хоёр хувиар нэмээд 174.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөнд хориг тавьж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээр олох орлого талаасаа 174.2 тэрбумыг хасна гэсэн үг. Сүүлийн 20 жил нийгмийн даатгалын шимтгэл тогтвортой явж ирсэн. 2016 онд МАН УИХ-д олонх болмогцоо нэмж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НДШ гурван хувь нэмэгдчихээд байна. Дахиад хоёр хувь нэмэгдэх нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байсан. Энэ хоригийг хүлээж авах юм бол УИХ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувиа зогсоох хуулийн өөрчлөлтийг хийх үүрэгтэй болж байгаа. Түүнээс зарим гишүүд, сайд нарын тайлбарлаад байгаа шиг гурван жилийн өмнө батлагдсан хууль дээр хориг тавьж байгаа юм биш.
Зөвхөн 2020 оны төсөв дотор байгаа Нийгмийн даатгалын сангийн орлогод тооцогдсон байгаа 174.2 тэрбум төгрөгт хориг тавьсан.
-Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа гэх тайлбарыг зарим гишүүд өгсөн. ОУВС-гийн хөтөлбөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү?
-ОУВС нь Монголын сонгуульд оролцоод ялаад улс орныг удирдаж байгаа биш, МАН л сонгуульд ялсан.МАН л энэ шимтгэлийг нэмж байгаа. Нэмэхгүй байх бүрэн боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй нэгж болон ажиллагсдыг татвараас илүү дарамталдаг. 20 хувиараа яваад болоод байсан шүү дээ.
Хамгийн гол нь МАН 2016 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт “татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн амлалт өгсөн. Гэтэл хадгаламжийн хүү, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхи, согтууруулах ундааны, суудлын автомашин, шатахууны татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) зэрэг есөн татвар, шимтгэл, төлбөр нэмжээ. Долоон татвар, нэг шимтгэл, нэг төлбөр нийтдээ есөн татвар нэмсэн гэсэн үг. Арав дахь нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүллээ. Хэрэв та нийслэлд амьдардаг бөгөөд приус машинтай бол авто зам ашигласны төлбөрт тав дахин их мөнгө буюу 100 мянган төгрөг төлдөг болох нь. Жийп машинтай хүн 300 мянган төгрөг төлнө. Тэгэхээр сонгогдохдоо нэг юм амлаад гарсан хойноо тэрнийхээ эсрэг байдаг балмад үйлдэл байж болохгүй. Түүхий эдийн үнэ өссөн энэ үед татвар нэмэхгүйгээр эдийн засгаа удирдаад аваад явах бүрэн боломж байсан. Нүүрс, зэс, алт гээд манай экспортын бүхий л бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гэтэл дээр нь татвар нэмж байна.
Саяхан дампуурсан “Капитал” гээд банкинд 240 тэрбум төгрөгийн НДШ-ийн мөнгө алга болсон. “Капитал” банкны эздүүдийн хөрөнгийг хураагаад энэ мөнгөө олоод авчих юм бол НДШ-ийг хоёр хувь нэмэхгүйгээр хоёр жилийнхээ төлөвлөсөн зарлагыг гаргаж болно. Энэ мэтээр идэх уух нь хэтэрсэн. Үүнийг нь нөхөхийн тулд Улаанбаатарын иргэд арав, хөдөө орон нутгийнхан есөн татвар, төлбөр, шимтгэлийн нэмэлтэд дарлуулах нь. Ядаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн орлогыг болих нь зүйтэй гэж төрийн тэргүүн үзэж байгаа.
-Үүнээс гадна төсвийн хоёр хэсэгт хориг тавьсан.Тэдгээрийг тодруулаач?
-Хөрөнгө оруулалтын жагсаалт дээр 2020, 2021, 2022 он дамжиж баригдах 386 барилга, арга хэмжээн дээр хэсэгчлэн хориг тавьсан.Эдгээрийн нийт дүн нь нэг их наяд 424 тэрбум 277.3 сая төгрөг. Үүнээс 2020 онд хэрэгжих нь 350 тэрбум 846.7 сая төгрөг. Эдгээрт хориг тавьж байгаа. Энэ УИХ-ын хугацаа ирэх зургадугаар сард дуусна. Дараагийн УИХ ийм үрэлгэн төсөвтэй санал нийлэхгүй байж болно. Гэтэл дараагийн УИХ-ын ажиллах 2020 оны сүүл хагас, 2021, 2022 оны төсвийн орлогыг урьдчилаад зарцуулчихаад байна л даа. Хэрэгтэй, хэрэггүй маш их барилга барьж байгаа.
-Яг ямар барилга байгууламжууд байгаа юм бэ?
-2020 ондоо багтаж дуусах барилгуудад хориг тавиагүй, энэ Их хурлын бүрэн эрх юм даа гэж бодсон учраас. Харин 2020 онд эхэлж 2021, 2022 онуудад үргэлжлэх бүх барилгуудад хориг тавьж байгаа. Оныг нь харгалзан үзсэн болохоос тэр энэ гэж цохож зааж тусгаагүй гэсэн үг. Энэ объектууд угаасаа баригдаж эхлээгүй, зураг төсөв ч байхгүй юу ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр хоёроос гурван жилийн турш үргэлжлэх 1.4 их наяд төгрөгийн 386 барилга алга болно. Гэхдээ үүний 350 тэрбум нь 2020 онд зарцуулагдах юм. Ингэснээр төсвийн алдагдал буурна. Ийм эерэг үр дүн гаргахыг Ерөнхийлөгч зорьж байгаа.
-2022 он гэхэд баригдаж дуусна гэгдээд буй Улсын драмын театр, Дуурь бүжгийн театр, Байгалийн түүхийн музейн барилгуудын төсөв хоригт багтсан уу?
-Тийм. Эдгээр барилгыг 2022 онд барьж дуусгахаар төсөвлөсөн. Иймэрхүү 386 барилгыг 2020-2022 онуудад барьж дуусгахаар төлөвлөсөн нь дараагийн УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. Магадгүй дараагийн УИХ нураахгүйгээр ч шийдэл олж болно. Хориг хүлээж авбал сая нураадаг Байгалийн түүхийн музей шиг болохгүй гэсэн үг.
-Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан нь ямар учиртай юм бэ?
-Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан. Ирээдүй өв сангийн мөнгийг Сангийн яамнаас өөр корпораци байгуулж удирдуулах хуультай юм. Манай Их хурлын үед гарсан хууль. МАН-ын УИХ, Засгийн газар гарсныхаа дараа энэхүү корпорацийг байгуулалгүй өнөөдрийг хүрсэн. Уг корпорацийг байгуулагдах хүртэл Сангийн яам Ирээдүй өв сангийн менежмэнтийг хийнэ гэдэг нь төсвийн цоорхой нөхнө л гэсэн үг. Төсвийн цоорхой нөхдөг учраас л Сангийн яамаар удирдуулахгүй гэж түрүүчийн Их хурал үзсэн байна шүү дээ. Тиймээс Сангийн яам удирдах нэмэлт, өөрчлөлтийг болохгүй гэж үзэн хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авбал корпораци байгуулж, тэрхүү хуулийн заалтын дагуу удирдлагыг нь хэрэгжүүлж, ашгийг нь арвижуулах юм. Ирээдүй өв сангийн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчингүй боллоо гэхэд төсөвт ямар ч ачаалал байхгүй. Тэр санг хэн удирдах тухай ярьж байгаа болохоос тоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Ийм гурван хэсэг хориг байгаа.
-Төсөв хэлэлцэх, батлах хуулийн хугацаатай. Энэ хоригийг хүлээж авахаар төсөв задарч таарна. Энэ нь хуулиараа боломжтой юм уу?
-Задрах ёстой бол задарна шүү дээ. Ирээдүйд гарах УИХ-ын захиран зарцуулах төсвийг урьдчилаад зарцуулчихаж байгаа УИХ-ыг яах юм. Төсвөөс дээр дурдсан 386 объект хасагдана. Эдгээр барилгад төсөвлөсөн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаас хасагдана. Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр зүйлд хоёр хувийн өсөлтөөс НДШ санд төвлөрч зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийг хасна. Ингэснээр НДШ хоёр хувь нэмэгдэхгүй болно. Үүнээс гадна Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн нэмэлтийг хүчингүй болгосугай гэсэн ганц өгүүлбэр гаргачих нь. Хоригийн үр дүнд төсөв сайжирна. Өөр ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.
-Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд мөн хориг тавьсан.Түүний зүгээс “Өмгөөлөгчдийн холбоо”-г дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Үүнийг тодруулаач?
-Өмнө нь тусдаа байсан Хуульчдын холбоо, Өмгөөллийн холбоог хууль гаргаад нэг байгууллага болгосон юм. Хуульч, өмгөөлөгч Хуульчдын холбоондоо татвар төлнө, тэгж байж хуульчаар ажиллах сертификатаа авна. Өмгөөллийн холбоо байснаар өмгөөлөгч дахиад л тус холбоонд давхар татвар төлнө гэсэн үг. Өмгөөлөгчийн,шүүгчдийн, прокуроруудын зэрэг холбоо байхыг болиулаад дэлхийн жишгийн дагуу нэг холбоо байгуулсан юм. Хэдэн мянган төрийн бус байгууллагаас дөрөв, тавхан нь л өөрийн гэсэн хуультай байдгаараа ялгагдаж байдаг. Нэг нь энэ Хуульчдын холбоо. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Компаниудын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагууд юм. Эд бүгд өөрийн гэсэн хуультай. Хуультай байдгийнхаа хувьд улс даяар ганцхан л байх ёстой. Хуульчдын холбоо нь хуульчдыг сургах, сонгон шалгаруулах, лиценз өгөх, зөрчил гаргах юм бол лицензийг нь хураах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг түүнийхээ төлөө гишүүдээсээ татвар авах юм. Хуучин хууль зүйн яамны хийдэг байсан үүргийг энэ холбоонд хуулиар шилжүүлээд өгчихсөн хэрэг. Хоёр дахь холбоог хэрхэвч байгуулж болохгүй шалтгаан нь төрийн бодлогын эсрэг болчихоод байгаатай холбоотой. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байх шиг байна. Уг хууль батлагдвал Монгол Улсад тухайн асуудлаар ганцхан л мэргэжлийн холбоотой болно.
Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60, 70 холбоо бий. Ерөнхийлөгч чиглэл өгснөөр эдгээр холбоод нэгдэж “шүхэр холбоо”-той болсон. Хуулиар компаниуд тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах ёстой, хэрэв ажиллуулаагүй бол тухайн компани төлбөр төлдөг. Тэр төлбөрийг хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам авдаг байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод “шүхэр холбоо”-той болж чадвал тэр мөнгийг өгье гэсэн юм. Тэр мөнгөний захиран зарцуулах эрхийг яам биш холбогдох холбоонд нь өгье гэхэд 60, 70 холбоотой байгаа юм. Тиймээс нэгдэж нэг холбоо болох чиглэлийг өгсөн хэрэг. “Шүхэр холбоо” нь чухал үүрэгтэй. Тэд аж ахуйн нэгжүүд дээр очоод хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгана. Ажиллуулаагүй байвал төлбөрөө авна. Ингэж хагас төрийн байгууллага шиг ажиллана. Олсон мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай болгоно. Холбоог нэг болгож, онцгой эрх өгөх гэсний учир нь төр өөрийнхөө үүргийг жинхэнээс нь шилжүүлж өгөх гээд байгаа юм. Төр бүгдийг нь хариуцаж даахгүй байна шүү дээ. Компани бүрээр яваад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгаад, тоолоод явах хүн хүч, орон тоо байхгүй учраас хариуцсан хүнд нь орлогыг нь өгөөд, жил бүр тайланг нь авч байх юм. Цаашид холбоодын үйл ажиллагааг жигдрүүлэх, дарга нь тодорхой хугацаанд солигдож байдаг дүрмүүдийг хуульчилж өгөх юм. Хэрэв энэ шалгуурыг даахгүй бол төрөөс өгсөн эрхээ буцаагаад авчихна. Хуульчдын холбоо нь Өмгөөллийн холбоо болоод хоёр хуваагдчих юм бол хуульчдын холбооны тухай хууль дээр байгаа сертификат өгдөг эрхээ буцаагаад авчихна гэсэн үг. Нэг холбоо болсноор өмгөөлөгч шүүгч, прокурорт үнэлгээ өгнө. Шүүгч, прокурор нь өмгөөлөгчдөө үнэлгээ өгнө. Ажлаа хийж чадахгүй нэгнийг холбооноосоо хасчихаж болно.Энэ хүн хуульчаа хийж чадахгүй гэдэг л үнэлгээнд хүрнэ. Угтаа Хуульчдын холбоон дотор Өмгөөлөгчийн дэд холбоо байдаг. Хуульчдынхаа холбоонд төлсөн нэг л татвараар дэд холбоо нь санхүүждэг. Холбоо байгуулъя гэсэн хүн бүрт хууль гаргаж өгөөд байх юм бол дахиад л замбараагүй байдал руугаа орно.
-Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад ирлээ. Хийн хоолойтой холбоотой тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлт байсан ч дорвитой шийд гарсангүй. Судлаачдын зүгээс хоёр хөрш хийн хоолойг Монголоор дамжуулах сонирхолгүй ч гэх юм.
-Яагаад.
-Товчхондоо хоёр хөрш манай улсад тийм давуу талыг өгөхгүй гэж байгаа.
-Манайхаар явах зам богино, уул намаг байхгүй, хоолой тавих зардал нь хямд учраас эдийн засгийн хувьд ашигтай юм. Богино замаар хямдхан хүргэхийг л хоёр хөрш сонирхож байгаа.
-Саяын айлчлалаар энэ асуудал хөндөгдсөн үү?
-Манайх хийн хоолойн талаар баримтлах бодлогоо Ерөнхий сайдын ярианы сэдэвт оруулаад явуулчихсан байгаа.Түүнийгээ танилцуулсан. Одоо нөгөө тал судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргах ёстой.
-Яг хэдийд ажил хэрэг болох вэ?
-Энэ өөрөө бизнес юм. Дэлхийн хамгийн их хий экспортолдог ОХУ, хамгийн том импортлогч БНХАУ руу хэдэн хийн хоолойгоор очих вэ гэдгээ л бодож байгаа болохоос биш очихгүй байх тухайгаа бодохоо больсон. “Газпром” ашгаа бодож байвал хийн хоолойг ердөө хоёр жилийн дотор л тавина. Гол нь тогтвортой байдал чухал. Украйн шиг дундаас нь хулгай хийгээд байж болохгүй шүү дээ. Түүний баталгааг л манай улс өгөх ёстой.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж авлаа гэх шүүмжлэл гарч, Цэц ч үүнийг нотолж шийдвэр гаргасан.Ийм нөхцөл байдалд хүртэл нь лоббидсон хүн нь таныг гэх юм. Энэ үнэн үү. Мөн Цэцийн шийдвэр гарах хүртэл багагүй хэмжээний татварын алдагдал хүлээсэн гэж байгаа. Энэ тухайд?
-АМНАТ-ийг татвар гэж ойлгодог Сангийн сайдад л хамаг учир байгаа юм. Энэ бол татвар биш. Үндсэн хуулийн дагуу ашигт малтмал нийт ард түмний өмч. Түүнийгээ олборлож байгаа компанид нь таван хувиар зардаг. Энэ оны гуравдугаар сар хүртэл зөвхөн А лицензтэй олборлогч нарын төлдөг энгийн төлбөр байсан. Харин олборлоогүй компани төлөх хууль гаргаснаас бүх юм буруудаж байгаа.Тэглээ гээд ашигт малтмалын А лицензгүй боловсруулдаг үйлдвэрүүд нэг ч төгрөг төлөөгүй, энэ төлбөрийг нь эсэргүүцээд. Сангийн сайдын ярьж байгаа АМНАТ-ийн тухай асуудал бол татвар гэдгээс үүдэлтэй туйлын буруу ойлголт. Үүнээс зугтах арга байхгүй. Тиймээс энэ төлбөр хэзээ ч зогсохгүй. Төлбөрөө төлөөгүй хүнд бараагаа зээлээр өгдөггүйтэй адил АМНАТ хуулиас болж зогсохгүй. Ямартаа ч энэ асуудлыг дараагийн Их хурал засаж залруулах байх. А лицензгүй 38 үйлдвэр хаалгаа барьсан. Д.Бямбасүрэн гуай “Малчнаас 200 мянган төгрөгөөр хонь авлаа. Гуанзан дээрээ өнөөх хониороо бууз хийж зараад 400 мянган төгрөг болголоо. Гэтэл малчин давхиж ирээд олсон ашгаас чинь би авна гэж заргалдадгүй биз дээ” гэж их ойлгомжтой тайлбарласан байна лээ.
Би Монголын баялаг эх орондоо ямар нэгэн бүтээгдэхүүн болоосой гэж лоббидож байгаа. Тухайлсан компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Тэр бол гүтгэлэг. Цагдаад өргөдөл гаргасан, гүтгэснийг тогтоовол зөрчлийн хуулиар торгох байх.
-УИХ АМНАТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ.
-Ашигласан компаниудаас нь авна гэдэг хуучин хуулиа л сэргээсэн.
-Тэгэхээр эргээд Цэц дээр унах юм биш үү?
-МАН-тай заргалдаад нэмэргүй юм байна л гэж харж байгаа байх. Монголын А лицензгүй бүхий л ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдийн хаалгыг барих бодлого явуулж байгаа бол яая гэхэв дээ. Хаахаас л биш. Ажилгүй болсон 18 мянган хүн нь л дараа нь сонголтоо зөв хийг.
-УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулах эсэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн хуулийг эрх барьж байгаа нам өөрчлөх байх. Аль нь зөв, буруу гэж хэлэх аргагүй. Учир нь эд нар дотроо хэрэлдээд байгаа юм. Хэнийх нь тал дийлэхийг мэдэхгүй. Ер нь бол холимог тогтолцоог Үндсэн хуульдаа оруулж, гишүүдийн тоог 108 болгон, гишүүдийн хагас нь нэг мандаттай тойргоос, үлдсэн хагас нь намын жагсаалтаар сонгогддог байх саналыг Ерөнхийлөгч өгсөн боловч УИХ хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй мөртлөө холимог тогтолцоог авч байгаа нь сонин. Сонгуулийн мажоритар систем нь сонгогчдын саналыг алдаатай тусгадаг буюу гээгдүүлдгээрээ алдартай. 2016 онд МАН сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын 76 суудлын 65-г нь буюу 85.5 хувийг авсан.Хоёр дахь сонгуулийн систем болох пропорциональ нь санал гээгдүүлэхгүй сайн талтай боловч хүний төлөө бус намын төлөө өгдөг гэдгээрээ дутагдалтай. Ийм сайн, муу хоёр системийг хослуулан холимог болгож хэрэглэх нь УИХ-д сонгогчдын өгсөн санал зөв тусгал болох учраас Монгол Улсын хувьд чухал юм. Хэдийгээр сонгуулийн үндсэн хоёр систем, түүнийг хольсон гурав дахь холимог систем байдаг боловч саналын хуудас, санал тоолох аргачлал зэргээсээ хамаараад 100 орчим болж задардаг. Энэ 100 замын алиныг нь сонгохыг мэдэхгүй. Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр ийм зүйл хийж байгаа бол батлагдах магадлалтай л байх. Гэхдээ түүнийг нь эсэргүүцсэн олон гишүүн байгаа гэсэн. Ямартаа ч холимог болох юм бол сонгуулиас сонгуульд гардаг энэ их савлагаа багасна. Энэ төсөв дээр маш тодорхой харагдаж байгаа юм. Огт хэрэггүй зүйлд маш их мөнгө үрж байгаа. Улс орны хэмжээний том бүтээн байгуулалтад нэг ч төгрөг тавихгүйгээр өөрийнхөө тойрогт амбаар шовойлгож, тууз хайчлахыг илүүд үзэж байна.
-50:26-аар явбал намаар дулдуйдсан, тэр дундаа рейтинг өндөртэй нэгнийхээ далбаан дор нуугдсан нөхдүүд гараад ирэхгүй юу?
-Намаар дулдуйдсан хүмүүс гарахгүй байхаар ярьж байгаа юм билээ.Өргөн барихаас өмнө ярьж байсан яриаг нь сонсоход 50 хүн жижиг тойргоос сонгогдоно. Гурван тойрогтой байсан аймгууд хоёртой болно. Нам болгон 26 хүнийг жагсаана. 10 нам байлаа гэхэд 260 хүн жагсана. Нам өөр, өөрсдийн 26 хүнийг жагсаалаа гэхэд ард түмэн сонголтоороо дэс дарааллыг нь өөрчилнө. Өөрчилсөн дэс дарааллаас хувьчилж бодно.
-Хувь тэнцүүлчихээр өндөр санал авсан байлаа ч гишүүн болж чадахгүй.Энэ нь шударга бус юм биш үү?
-Тэрийг нь МАН өөрөө шийдэх ёстой байхгүй юу.
-Сонгогчдод түвэгтэй байдал үүсгэхгүй юү?
-Би Шведэд очиж сонгуулийнх нь үеэр ажигласан юм. 260 хүнийг нэг хуудсанд бичдэггүй юм билээ. Намуудын өнгөтэй цаасан дээр нэр дэвшигчдийнх нь л нэрийг биччихдэг. МАН байвал улаан, АН байвал цэнхэр ч гэдэг юм уу. Сонгогч сонголтоо хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд өрсөлдөж буй бүх л намуудын нэр дэвшигчдийн нэрстэй цаасыг аваад бүхээгтэй ороод суучихдаг юм. Харин бүхээгт орсныхоо дараа дэмжиж буй намынхаа цаасыг аван, нэр дэвшигчээ сонгодог.
-Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Бүх намын санхүүжилт ил тод байх ёстой. Ардчилсан нам түрүүлж ил болгосноороо шүүмжлэл хүлээгээд байх шиг байна. 76 хүн бүгдээрээ бие дааж явж байгаад гарчихдаг сонгууль байхгүй болсон.Тэдний нийтлэг сурталчилгааг явуулахын тулд зардал гарах ёстой. АН түүнийгээ олигархуудаас авахгүй байхаар шийдсэн. Харин нэр дэвшиж байгаа хүмүүстээ үүрүүлэхээр шийдсэн байна лээ. Энэ нь бодлогын хувьд зөв л дөө. Одоо АН-ын 100 сая төгрөгийг шүүмжлэхийн оронд МАН, МАХН, Иргэний зориг нам болон бүх намууд сонгуулийн зардлаа хэрхэн цуглуулах гэж байгааг анхаарах хэрэгтэй.АН-ынх ойлгомжтой. Сонгуульд оролцох гэж байгаа хүн бүр 100 сая төгрөгийн хандивыг намдаа цуглуулж өгнө. Хувиасаа өг гэсэн үг биш шүү дээ. Би нэр дэвшье гэж бодож байгаа бол “Энхболдыг УИХ-ын гишүүн болгоё гэж дэмжиж байгаа бол АН-д 100 сая төгрөгийн хандив өгнө үү, арванхоёрдугаар сарын 15-наас өмнө 40 сая төгрөгийн хандив өгнө үү” гэх хандивын арга хэмжээ явуулна гэсэн үг. Таньдаг компаниуд руугаа утасдана. Улс төрийн намын тухай хуулиар дээд тал нь компани 10 саяыг, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгнө. Нэг сая төгрөг өгөх 40 найз, эсвэл 10 сая төгрөг өгөх дөрвөн компани олон хэрэгтэй.
-Та мэдээж УИХ-д нэр дэвшинэ байх. Хэзээ ЕТГ-ын даргын ажлаа өгөх вэ?
-Хуулиараа би ажлаа өгөхгүй ч байж болно. Улс төрийн албан тушаал, сайдтай адилхан гэсэн үг.
-Гэхдээ та сонгуулийн сурталчилгаагаа хийнэ биз дээ.
-Хийнэ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх, тойрогтоо ажиллах зэрэг олон ажлууд бий. Сонгуулийн хууль нь эхлээд ойлгомжтой гараг дээ. МАН дотроо үзэлцээд л байна. Аль бүлэглэл нь дийлэхийг харж л байя.
-Та намдаа хандиваа өгчихсөн үү?
-Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө олж өгнө. Би Ардчилсан намд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хандив цуглуулахад нь тусална. Миний оруулсан хандивыг над дээр бүртгэнэ. Хандивын бүх орлого нь шилэн, ямар компани хэн гэдэг хүн хэдэн төгрөг өгснийг мэдэх боломжтой. АН-аас бусад намууд хандиваа ил тод болгох хэрэгтэй.
-Та Өвөрхангайд нэр дэвших юм уу?
-Хаана ч дэвшиж магадгүй.
-Хэрэв сонгууль 50:26-аар явбал та жагсаалтад орохуу?
-Нам бүр ялахын тулд эхлээд тойрогтоо танигдсан рейтингтэй 50 хүнээ явуулна.26 хүн дээрээ улс даяар рейтинг өндөртэй хүнээ явуулж таарна.Аймаг, нийслэл гэлтгүй улс даяар сонгогчид таньдаг нэр дэвшигчдийг олж явуулна гэсэн үг. Зарим гишүүд зөвхөн өөрийнхөө зургаан суманд л танигдаад байна шүү дээ. Сонгуулийн систем нь тийм юм чинь. Гэтэл улс даяар таньдаг хэсэг хүн байгаад байна л даа. Холимог систем нь жижиг намуудад шаанс өгч байгаа. Гэхдээ таван хувийн босго давсан тохиолдолд.
-Эмэгтэй болон шинэ залуу улстөрчдийн боломж багасах юм биш үү?
-Эсэргээрээ шүү дээ. Нам бүр 26-гийн жагсаалтыг хийхдээ тодорхой тооны эмэгтэй, залуу улстөрчдийн төлөөллийг оруулна. Учир нь эмэгтэй улс төрч тухайн тойргоос эрэгтэй хүн шиг өрсөлдөөд гарч ирэх шаанс нь үргэлж бага. Мөнгө цуглуулах талаасаа ч тэр. Сонгуулийн чухал элемент чинь мөнгө шүү дээ. Тэр мөнгө нь хуулийн дагуу цугларч, зарцуулагдах ёстой.