“Альянс-Тех”
ХХК-ийн ерөнхий захирал З.Баясгалантай ярилцлаа.
-Юуны өмнө танд
баяр хүргэе. Танай компани МҮХАҮТ-ын “ENTREPRENEUR” 2015 шагнал гардуулах ёслолоос
“Эрчим хүчний шилдэг байгууллага” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэж, Эрчим хүчний
яамнаас “2015 оны шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар шалгарсан байна. Та
компанийхаа тухай эхлээд танилцуулна уу?
-Манай компани эрчим
хүчний салбарт үйл ажиллагаа явуулаад арван таван жил болж байна. Бид энэ хугацаанд
салбартаа эрчим хүчний тоног төхөөрөмж угсарч суурилуулах, шинэ техник технологи
нэвтрүүлэх, эдийн засгийн хэмнэлттэй, эрчим хүчинд дутагдаж байгаа шинэ эх үүсвэрийг
бий болгох тал дээр судалгаа шинжилгээ хийн,
ажиллаж байна.
-Та 2015 онд хийсэн
гол ажлуудынхаа талаар яриач?
-Бид 2015 онд Шинэ
Яармаг хороололд зориулсан 2,4 км урт 600, 700 мм-ийн голчтой дулааны шугамыг барьж
байгуулах ажлыг хийлээ. Энэ ажлыг хийснээр шинээр төлөвлөгдөж байгаа орон сууцны
хороолол бусад барилгуудыг төвлөрсөн дулааны эрчим хүчний системд холбон дулаанаар
хангах боломж бүрдэж байна. Мөн Улаанбаатарын IV цахилгаан станцын хүчин чадлыг
нэмэгдүүлсэнтэй холбогдуулан энэ нэмэгдсэн хүчин чадлыг хэрэглэгчдэд хүргэхээр
IV цахилгаан станц дотор 1000мм-ийн голчтой 1,3 км шугам, коллектор станц шинээр
барих ажил, хуучин коллектор станцыг өргөтгөх багц ажлыг хийсэн.
2016 онд АСЕМ-ийн
уулзалт болохтой холбогдоод манай улс бэлтгэл ажлыг эртнээс хангаж эхэлсэн. Үүний
нэг болох “Их тэнгэр” цогцолборын чиглэлд дулааны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх
ажлыг бид хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг нэмж хийснээр АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл
ажил нэгдүгээрт хангагдаж байна. Хоёрдугаарт Маршалын гүүрний хажуу талын шинээр
баригдаж байгаа хорооллуудыг дулаанаар хангах бололцоо боломж нэмэгдсэн. Гуравдугаарт
өмнө нь энэ шугамаас хангагдаж байсан хэрэглэгчдийн найдвартай ажиллагаа, тав тухтай
байдал нэмэгдэж байгаа юм. Эдгээр ажлуудыг бид цаг хугацаанд нь чанартай хийн ажиллагаанд
залгаад байна. Бидний хийсэн дээрх ажлуудыг маань үнэлж энэхүү шагналыг өгсөн байхаа
гэж бодож байна.
-Сүүлийн үед эрчим
хүчний салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт Чингис бондын мөнгөөр хийгдэж байна.
Үүний талаар та ямар санал бодолтой явдаг
вэ?
-Улаанбаатар хотод
хамгийн тулгамдсан асуудал бол утаа, утааг шийдэх гарц нь Улаанбаатар хотыг орон
сууцжуулах юм. Төр засгаас Чингис бондын хөрөнгөөр дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд
тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Үүнийг зөв зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр орон сууц барихад дэд бүтэц
л хэрэгтэй. Тэгэхээр энэ дэд бүтцийг бий болгоод орон сууц барихад Улаанбаатар хот
утаагүй болно. 1 сая хүний эрүүл мэнд, аж амьдралд таатай нөлөөлнө.
-Таныг сагсанбөмбөгийн
спортыг сонирхдог мөн багтай гэж сонссон юм байна?
-Тиймээ манай
компаний дийлэнх нь залуучууд бөгөөд спортоор байнга хичээллэдэг.Хамт олны
дундаас энэ оны спортын сайчуулыг товч дурьдвал, Ч. Баттөр Монголын
бодьбилдингийн холбооноос зохион байгуулсан “Монголын мистер 2015” тэмцээнд +65
кг жинд мөнгөн медаль, Э.Дөлгөөн Монголын туялзуур сэлэмний “Хотын аварга”
тамирчинаар тодорсон. Мөн манай “Альянс-Тех Харцага” баг нь 2013-2014 оны
Үндэсний супер лигийн “Дэд аварга, 2014-2015 оны Үндэсний супер лигийн аварга
баг болж амжилттай тоглож байна
-Танай компанийн
цаашдын зорилго?
-Манай компани цаашдаа
эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, эрчим хүчний салбарт бий болж байгаа шинэ техник
технологиудыг аль болох Монгол Улсад нутагшуулан, хэвшүүлэхийг зорьж ажиллаж байна.
Тийм ч учраас бид 2015 онд Европын эрчим хүчний салбарт тэргүүлэх чанартай бүтээгдэхүүн
нийлүүлэх АВВ компанийн албан ёсны дистрибьютер болон ажиллаж байна. Энэ компанийн
тоног төхөөрөмжийн давуу тал нь хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээ анхны үнэ нь
өндөр боловч хөрөнгө оруулалтаа нэгээс хоёр жилдээ нөхөж гурав, дөрөв дэхь жилээс
эхлээд тухайн хэрэглэгчийн эрчим хүчинд зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг хэмнэж,
эдийн засгийн хувьд асар их хэмнэлтийг бий болгож чаддаг. Нэн ялангуяа давтамж хувьсгуур
нь дэлхийд нэг номерт үнэлэгддэг тоноглол юм. Иймд бид АВВ-ын бүтээгдэхүүнийг эрчим
хүчний салбарт аль болохоор нийлүүлэх зорилготой байгаа.
Эрчим хүчний салбарт
том бүтээн байгуулалтад аль болох их оролцохыг хүсч байна. Гэхдээ тендерийн хуулиар
худалдан авалт зохицуулагдаж байдаг. Бид тендерт ялаад ажил авсан тохиолдолд өөрийн
компанийн зүгээс хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж, богино хугацаанд хамгийн
чанартайгаар хийж гүйцэтгэх болно.
-2015 онд та бүхэнд
хүндрэл, бэрхшээлтэй зүйл байсан уу?
-Эдийн засгийн хувьд
2015 онд бидэнд хүндрэлтэй байсан. Гэхдээ амьдрал урагшаа явж байгаа учраас ямар
ч хүндрэл байсан давж туулан урагш явах ёстой гэдэг зарчмаар ажилласан. Энэ онд
томоохон ажлуудыг хийхэд ямар ч компани зээл авч л гүйцэтгэж байна. Манайд арилжааны
банкнуудын зээлийн хүү өндөр, олон шалгуурууд тавьдаг нь бидний ажилд хүндрэл
учруулдаг тал байдаг боловч бид энэ олон жил түншилж ажилласан банкуудынхаа хамтын
хүч чармайлтаар 2015 онд энэ ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2016 онд ч бид түншүүдтэйгээ
хамтарч ажиллаж эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулж, өмнөө тавьсан зорилгоо
биелүүлэн улс эх орондоо бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн итгэл найдвартай байна.
-2016 он бол сонгуулийн
жил. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Би бол улс төр нэг
их сонирхдог хүн биш л дээ. Гэхдээ нэг үг байдаг даа “Чи улс төрийг сонирхохгүй
бол улс төр чамайг сонирхоно гэж” миний хувьд
аль болох л Монгол улс минь хөгжөөсөй, зөв зүйтэй юм хийгээсэй, гарч ирсэн улс төрийн
хүчин өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн
бодолтой, ард түмний сайн сайхны төлөө юм хийдэг байгаасай л гэж боддог. Тэгэхээр
төрийг хүндэтгэх утгаар зөв үйл ажиллагаа явуулж байгаа аль ч нам, улс төрийн хүчнийг
дэмжиж ажилладаг.
-Бидэнд цаг зав
гаргасан танд баярлалаа.