Categories
мэдээ улс-төр

З.Бадмаараг: Сонгуулийг цахимаар явуулах талаар судалж байгаа

-ИНГЭСНЭЭР УИХ-ЫН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЖ БАЙНА-

Сонгуулийн ерөнхий хорооны референт З.Бадмаарагтай ярилцлаа.


-Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс эцсийн байдлаар тодорсон уу?

-Сонгуулийн ерөнхий хороо дөнгөж сая(өчигдөр) хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Түрүүчийн долоо хоногт тус хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох найман нам, нэг эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримт бичгээ ирүүлснийг тус Хороо өнөөдрийн(өчигдөр) хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч оролцохоор болж байгаа юм. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр гардуулна.

-Нууц биш бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гурван хүний нэг нь хэн байсан бэ. Аль тойрогт нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан байв. Ямар шалтгаанаар хасагдсан юм бол. Танайд дахиж хандаагүй юу?

-УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч байсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан талаарх баримт ирүүлээгүй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-т заасан Улсын дээд шүүхийн лавлагаа, 32.2.5-д заасан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт зэрэг баримтыг дутуу ирүүлсэн тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

-Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хэзээнээс эхлэх билээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэдийд ил болгох вэ?

-УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан байдаг. Бүх үйл ажиллагаа хуульд заасан, товлосон хугацаатай.

Тухайлбал, 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдана. Санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу маргааш нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос нэг дор олгож, нийтэд мэдээлнэ. Энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Мөн энэ өдрөөс эхлэн нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулах хуулийн заалттай.

Хэдэн өдрийн өмнө Иргэний зориг ногоон намаас бусад улс төрийн намуудад хандаж, сонгуулийнхар машин”-ыг ашиглахгүй, бүх зүйлийг гараар явуулахыг уриалсан байсан. Ер нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжид эргэлздэг хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Монгол Улс 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталснаас хойш өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байна. Уг хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх хүртэл заалттай. Сонгуулийн автоматжуулсан систем нь санал тоолох төхөөрөмж (New Image Cast)-ийн иж бүрдэл болон бүртгэлийн техник хэрэгслээс бүрддэг. Эдгээр нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэхэд хүний оролцоо бага, түргэн шуурхай, найдвартай, үр дүнтэй арга хэрэгсэлд тооцогддог. Дэлхийн нийтэд хэрэглэгдэж байгаа хамгийн боловсронгуй, ил тод, нээлттэй, нууцлал өндөртэй техник, технологийг сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг гол болгож байгаа. Хэрвээ санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс санаачлан иргэдийн эргэлзээг тайлах зорилгоор санал тоолох төхөөрөмжийг олон нийтэд нээлттэй тайлбарлан таниулах, үйлдэл бүрийг нь хянаж, шалгуулахаар иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд олон улсын ажиглагч, шинжээчдийг урьж, байлцуулан урьдчилсан сорил, туршилтыг 4-5 удаа хийсэн. Хөндлөнгийн хараат бус ажиглагч, шинжээчид тухайн үед өгсөн үнэлгээ, дүгнэлтээс үзэхэд ихээхэн ам сайтай, эргэлзээ, төсөөлөл нь тайлагдсан шинжтэй байна лээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр уншуулахаас гадна 100 хувь гараар дахин тоолж байгаа. Одоогоор дүн зөрсөн тохиолдол гараагүй. Гараар тоолох ажиллагаанаас үүдэлтэй хүний эрх зөрчигдсөн гашуун сургамжийг монголчууд мартаагүй. 2008 оны долдугаар сард ямар үймээн болсныг сануулах илүүц биз. Иргэдийн язгуур эрхийг хангаж ажиллахын тулд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллага төдийгүй түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг олон талт төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг тухай бүрд байгуулагдан санал тоолох болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн иж бүрдлийг шалган туршиж баталгаажуулдаг хуультай. Энэ үйл ажиллагаанд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, хянах эрх бүхий иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавьж оролцдог. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжтэй танилцах нь бүх хүнд нээлттэй.

-Нөхөн сонгуулийг ил тод явуулахад Сонгуулийн ерөнхий хорооноос ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг ил тод байлгах үүднээс тухайн тойргийн санал авах байруудад камер байршуулж, бүхий л үйл явцыг нэгдсэн том дэлгэцээр нийтэд харуулахаар бэлтгэж байна. Санал хураалтын ирц, дүнгийн мэдээллийг бас нэг дэлгэцээр харуулдаг уламжлалтай. Өндөр хурдны үйлдэлтэй эдгээр дэлгэцүүдийн тусламжтайгаар мэдээллийг түргэн, шуурхай, ил тод харуулахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм. 2021 оны аравдугаар сарын 6-наас эхлэн дээр дурдсан техник, тоног төхөөрөмжүүдийн туршилтуудыг хийнэ. Энэ үйл ажиллагааг та бүхэн сурвалжлах, хүссэн хүн бүр үзэж танилцах боломжтой.

-Технологийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед онлайнаар саналаа өгдөг болгох тал дээр Сонгуулийн ерөнхий хороо ямар байр суурьтай байдаг вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй, чирэгдэл багатай болгоход анхаарч, цаашид цахимаар санал авах боломжийг судлан УИХ-д санал хүргүүлээд байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *