Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Юанийн ханшийн уруудалт Монголын эрдсийн ханшид эерэгээр нөлөөлнө

Өнгөрсөн сард юанийн ханш ганцхан өдрийн дотор 1.9 хувиар суларсан нь сүүлийн хорин жилд тохиогоогүй үзэгдэл болов. Юанийн ханшийг ийнхүү сулруулсан явдал зарим орны мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлсөн жишээ бий. Жишээ нь Казахстаны тэнгэ. Чөлөөт хөвөгч ханшийн тогтолцоонд шилжих нэрээр нэг өдрийн дотор 20 гаруй хувиар суларсан нь ердөө саяхны жишээ. Харин Монгол төгрөг хоёр өдрийн дотор юанийн эсрэг дөрөв орчим хувиар чангарч, нэг юань 320.2 төгрөгөөс 308.7 төгрөгт хүрч байсан юм. Үндэсний мөнгөн тэмдэгтээ дэлхийн валютын нөөцийн сагсанд багтаах сонирхолтой Хятадын хувьд ханшаа ингэж сулруулсныг үзэгдэл гэхээс аргагүй.

Дэлхийн хамгийн том экспортлогч, хоёрдогч том импортлогч орон бол Хятад. Гадаад худалдаа нь 2001-2013 оны хооронд жилд дунджаар 19.1 хувиар өссөн бол юаниар хийгдэх төлбөр тооцоо 700 гаруй тэрбум ам.доллартай тэнцэж байна. Өнгөрсөн оны бүх Хятадын III Их Хурлаар эдийн засгийн өсөлт, зах зээлийн чөлөөт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор захиргааны хяналтыг урт хугацаанд бууруулахаа мэдэгдсэн нь юанийг олон улсын валют болгох сонирхлыг илтгэсэн гэж мэдээлж байгаа. ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн багцад оруулж нөөцийн валют болгохоор хэлэлцэгдэж эхэлсэн нь ч ийм учиртай.

Хятадын Ардын банкнаас юаниар нийт 24 улсын Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг байгуулсан нь 2.6 их наяд юань буюу 424 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа.

БНХАУ-ын Юанын ханшийн хэлбэлзэл

Юанийн ханшаа сулласан шалтгаан нь Хятадын эдийн засгийн удаашрал. Урд хөршийн удирдлага үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор ханшаа сулласан юм. Гэвч хөдөлж өгөхгүй байгаа эдийн засгаа түлхэх энэ оролдлогынх нь үр дүн гарч өгөхгүй л байна. Урд хөршийн удирдлагууд юанийн ханш дахин сулрахгүй, тогтворжино гэсэн байр суурийг хэвлэлээр илэрхийлсээр байгаа ч шинжээчид өөр бодолтой байна. Тэд оны сүүл хүртэл юанийн ханш уруудна, бүр хоёр дахин суларч магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Эдийн засаг нь сайнгүй хэвээр үргэлжлэх учраас юанийн ханшаа дахин суллахаас аргагүй гэж олон улсын банкуудын шинжээчид үзэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг суллавал эдийн засгийнх нь өсөлтөд дэм болно гэсэн таамаг бий аж. Юанийн ханш сулрах нь манай улсын хувьд эерэг, сөрөг хоёр талтай гэж шинжээчид хэлж байна. Монголын хувьд Хятад руу гаргаж мөнгө олдог гол зүйл нь зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн. Ханш унавал урд хөршийн зах зээлд борлуулах эрдсийн үнэд эерэг нөлөө үзүүлж мэдэх нь. Ханшийн сулралын манайд үзүүлэх сөрөг нөлөө нь мөн л ашигт малтмалтай холбоотой. Юанийн ханш сулрах хэрээр Хятад улс манайхаас худалдан авах эрдсийнхээ хэмжээг багасгах эрсдэл бий.

Хятад хэдий том зах зээл ч эдийн засгийн мөчлөгийг тойрох аргагүй. Эдийн засгийн мөчлөгөөр бол уруудсан цикл үргэлжилж байгаа. Сүүлийн жилүүдэд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт тогтмол буурч энэ оны хоёрдугаар улиралд долоон хувьд хүрээд буй. Хоёр сарын өмнө зарласан экспортын мэдээгээр 8.6 хувийн уналтыг үзүүлсэн мэдээ гарсан. Ахиулаад яривал үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тогтмол уналтыг үзүүлж эхэлсэн статистик бий. Хятадын Засгийн газраас эдийн засгаа сэргээх зорилготой хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа. Тухайлбал дэд бүтцийн төслүүдийг нэмэгдүүлэх, бодлогын хүүг бууруулах алхмуудыг хийж байна. Зах зээлийн анхаарал татсан алхам нь яах аргагүй өмнө дурдсан юанийн ханшийг сулруулсан шийдвэр байсан юм. Хятадын Ардын Банкнаас юанийн албан ханшийг сүүлийн 20 жилд анх удаа нэг өдрийн дотор 1.9 хувиар бууруулан тогтоосон нь ийм учиртай. Шалтгааныг нь экспортыг нэмэгдүүлэх, ханшийн бодлогыг зах зээлийн суурь нөхцөлд илүү ойртуулах зорилготой байсан гэж Хятадын удирдлагууд удаа дараа тайлбарласан юм. Хятадын хөрөнгийн захад үүссэн хөөсрөл, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг бас бус шалтгаан ч бий. Хятад Улсын нийт өр ДНБ-ийх нь 80 хувьд хүрсэн статистикийг энд онцолъё. Худалдааны гол түншүүдийнх нь эдийн засгийн хямрал гэсэн том шалтгаан байгаа. Бээжингээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд томоохон саад учруулж буй энэ мэт шалтгаанууд байна.

Азийн хямралаас хойш ам.долларын эсрэг тогтмол ханштай байсан юань 2005 онд анх удаа зохицуулалттай хөвөгч системд шилжсэн нь урд хөршийн бага ч гэсэн зах зээлээ нээлттэй болгох гарцыг нээсэн юм. Тогтмол байдлаас гарсан ханш урт хугацаанд чангарч ам.долларын эсрэг 21 орчим хувийн өсөлт үзүүлж чадсан билээ. Харин 2008 онд АНУ-д болсон эдийн засгийн хямралаас үүдэн дэлхийн худалдаанд ихээхэн уналт болж Хятадын экспортлогчид ч мөн асар их дарамтад орсныг шинжээчид онцолдог. Хятадын Ардын банк дотоодын экспортлогчдыгоо өрсөлдөөний дарамтаас аврах зорилгоор юанийн ханшийг дахин ам.долларын эсрэг тогтмол болгосон юм. Гэвч энэ байдал хоёр жил л үргэлжилсэн билээ. Ханшийн бодлогыг дахин сулласнаар юань жилд дунджаар таван хувиар чангарсан статистик бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *