“Арвагар хээр” уяачдын холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэнтэй ярилцлаа.
-Морин уралдааны орчин дахь хамгийн сүүлийн үеийн дуулиан шуугиантай үйл явдал бол Дүнжингаравын уралдаан байлаа. Хурдан морины орчинд байдаг хүний хувьд юу гэж дүгнэж байна?
-Хурдан морины уралдаан бол өвөг дээдсээс үндэсний гэж тодотгож ирсэн баяр. Энэ баярыг үзээгүй, мэддэггүй, аав ээж нь морьтой холбоогүй байсан нэг ч монгол хүн байхгүй. Энэ утгаараа монголчууд бөх, морь гэхэд нүд нь сэргэж баярладаг ард түмэн. Гэтэл сүүлийн үед бодитойгоор дүгнэлт хиймээр юм олон болжээ. Нэгдүгээрт уяачид эрлийз, монгол морь гэх зэргээр хоёр талцаж байна. Мөн уяачдын холбооны бодлого зөв, буруу явж байгааг дүгнэхээ больж. Үүнээс гадна морь уралдахад нэг талд алуурчид, нөгөө талд нь хүүхэд хамгаалдаг энэрэнгүй үйлстэнгүүд байгаа юм шиг болсон байна. Монгол Улсын тод манлай уяач цол авсан, олон жил Монголын соёлын төлөө зүтгэсэн хүмүүсийн ярьж байгаа ганц сэдэв нь л хурдан морь уралдуулах тухай яриа болчихож. Морио тариа хийгээд ч хамаагүй хурдлуулж наадмын түрүү авч цол хүртэх тухай л ярьцгаадаг болж. Үүнийг дагаад залуу уяачид энэ хэлбэр рүү орчихсон. Энэ дунд нэг насаараа морины төлөө зүтгэсэн доктор, профессорууд морины хөгжил төлөвшлийн талаар юу ч ярихгүй байна. Энэ л бидний хамгийн том алдаа. Жишээ нь, хурдан мориор улс төрийнхөн лобби хийж сонгогдож байна. 100 сая төгрөгөөр сэтгүүл хийж тарааж байснаас, хурдан морь худалдаж аваад наадамд нь айрагдуулчихвал амархан алдаршиж олонд танигдаж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт зөвөөр хийгдэж байсан учраас буруу нь ч юу байхав.
-Хурдан морины уралдаанд яг бодитой алдаа юу байна?
-Хүмүүс үндэснийхээ соёлыг дэмжээд эхлэх цаг үед нь хоёр аюултай зүйл гарч ирсний эхнийх нь хууль. 2003 онд үндэсний баяр наадмын хууль гарч ирээд “Засгийн газрын тогтоолтой уралдаан болон улсын их баяр наадамд тэдэн айраг түрүү авбал тийм алдарт уяач болно” гэх мэт амьдрал дундаас урган гараагүй, хэн нэгэн өөрийнхөө эрх ашигт тааруулсан хууль баталснаас бүх юм эхэлсэн. Тиймээс хууль эрх зүйн орчин буруу явсан нь том алдаа. Жишээ нь үндэсний бөх зөвхөн төрийн наадмын даваагаар л цол олгодог. Гэтэл хурдан морь болохоор улсын баяр наадам, зургаа долоон бүсийн уралдаанд түрүүлбэл цол олгодог болоод байгаа юм. Зөвхөн төрийн баяр наадамд л цол олгож байсан бол нэг жилд 30 хүн улсын алдарт цол авах боломжтой. Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдааныг хамаад оруулаад ирэхээр жилд 240 хүн цол авах боломж бүрдээд байгаа юм. Тэр 240 хүнийг тооны хойноос уралддаг болгож байгаа юм л даа. Өнөөдөр алдар цол аваад бахархуулах, хүндлүүлэх юм байхгүй болчихлоо. Монгол Улсын тод манлай уяач гэхэд 40,50 байна. Гэтэл үндэсний бөхөд дархан аварга цолтон гарын таван хуруунд багтахаар байгаа биз дээ. Тэгэхлээр Тод манлай уяач болж байгаа болзлуудыг эргэж харах шаардлага гарч ирж байна. Д.Даваахүү гуайг ярихад 61 жилийн морины түүх ярина. Гэтэл мөнгөтэй нөхөр сайн морь худалдаж авч, хүнээр уяулаад гурван жилийн дотор энэ цолыг авч байна шүү дээ. Адуун дээрээ ч цөөхөн очдог нэг нөхөр л ийм шагнал худалдаж аваад байна. Дээрээс нь нэг хууль бус үйлдэл нь эрлийз нас уралдуулж байгаа явдал. Баяр наадмын тухай хуулинд зургаан насны морь уралдуулна гэж заасан. Гэтэл наадмаар үндсэн зургаан насан дээр нэмж эрлийз гурван нас уралдуулж цол олгож байгаа нь хууль бус. Яагаад цол олгоод байгааг нь судлаад үзэхэд баяр наадмыг зохион байгуулах хороо нэг журам гаргасан байдаг юм байна лээ. Тэр журман дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурж цол олгож байгаа нь буруудаад байна. Энэ бүгдийг зөв голдрилд оруулья гэвэл баяр наадмын тухай хууль шударга, уяачийн гаргасан амжилтыг зөвөөр үнэлдэг байх явдал. Алдарт уяач болж байгаа хүний хамгийн эхний шалгуур нь уралдуулж цол авсан адууных нь 50 хувь нь өөрийнх нь унаган адуу байх ёстой гэдэг ч юм уу. Мэдээж тэр хүн заавал азарга адуутай байгаа. Тиймээс унаган адуугаараа улсад уралдахын тулд сүргийнхээ бүтцийг сайжруулна. Өөрийн унаган адуугаараа уралдаж айрагдахад уяач илүү сэтгэл ханамж авна. Энэ нь монголын уламжлалт үндсэн систем рүү хөтлөх юм л даа. Өнөөдөр ийм нарийн заалт байхгүй байгаа учраас элдэв аргаар цол авсан хүмүүс нийгэмд морин уралдааныг муухай харагдуулж байна. Дараагийн асуудал нь эрлийз адуу. Энэ нь ард түмнийг талцуулж үзэгчдийг байхгүй болгож байна. Эрлийз адууг тухайн үед оруулж байхад нь Монголын морин спорт уяачдын холбоо шинэ цагийн монгол адуу гэж өөрсдөө нэр өгөөд дэвэргэж давхиулж байхын оронд оруулж ирж байгаа хэдхэн тооны хүмүүсийн азаргыг нь бүртгэлжүүлээд, эрдэм шинжилгээний ажил хийлгээд явсан бол өөр хэлбэрт орох байсан. Өнөөдөр наадмаар эрлийз адуу түрүүлвэл мөнгөтэй хүний эсвэл Улсын Их хурлын гишүүнийх байдаг. Сүүлдээ нэг овооны наадам болсон ч өндөр адуу очоод түрүүлчихдэг. Дараа нь энэ нөхөр эрлийз уралдууллаа гээд хоорондоо хэрэлддэг. Үүнээс харахад ард түмэн шударга уралдааныг хүсээд байна шүү дээ. Нэг гараан дээр нэг стандартын адуугаар өрсөлдөхийг хүсээд байна. Дэлхийн стандарт ч ийм байдаг. Гэтэл манай зарим нэг мөнгөтэй хүмүүс “Энэ хэдэн уяачийг дээрэлхэж л байвал” гэсэн шиг эрлийз адуу уралдуулаад байдаг. Эхнээсээ хэцүү юм хийсэн хүмүүс шүү дээ. Монгол төрийн наадамд гадны цэвэр араб адууг хэдэн монгол адуутайгаа уралдуулаад л түрүүлэхэд нь цоллоод байсан хүмүүс. Гэхдээ мэдээж эрлийз адуутай хүмүүсийг бүр хориглож болохгүй. Энэ хүмүүс өөрсдөө бодлоготойгоор эрлийзжүүлж, сайн адуу гаргах хэрэгтэй. Тэрийг нь ямар уралдаанд уралдах шийдвэрийг эзэн нь биш төр юм уу, уяачдын холбоо гаргах цаг болсон байна. Харин монгол төрийн наадамд монгол адуу л уралдаг. Монгол адуугаа харж монголын ард түмэн сэтгэлийн цэнгэл эдлэг. Саяны Дүнжингаравыг дүгнээд хэлэхэд нэг талаасаа эрлийз адуунд хэтэрхий их мөнгө зараад, хэтэрхий их эрлийзтэй болсон хүмүүс үржүүлсэн адуугаа зарах зах зээлээ болгосон. Дүнжингаравт түрүүлүүлж хурдан гэдгийг нь батлах ёстой. Нөгөө талаас монгол адууны уяачид зөвшөөрөхгүй байсан зөрчил туйлдаа хүрээд л ийм зүйл болж байна.
-Монгол адууны үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэргийг яаж таних вэ?
-Хүн болгон л энэ шалтгаанаар ам таглаад байна. Гэтэл үүнийг өнөөдөр шинжлэх ухаан дээр тулгуурлаж ялгах ёстой. Нэг өндөр монгол адуу хөтлөөд ирэхэд нь хасаад байвал монгол морины уяач хохирч байна. Морь зохион байгуулах хорооныхонд итгээд явах боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр хүмүүсийн чинь ах нь, найз нь эрлийз морь мордуулавал яахав. Өнөөдөр бид адууны үс, цусаар нь шинжлээд ялгаж болно. Үүнд чинь ДНК нь хадгалагдаж байдаг. 1976 онд монгол эрдэмтэд үсээр нь шинжлээд баталчихсан шинжлэх ухааны бүтээлүүд байна. Үүнийг нь бид нар ашигладаггүй. Үүнийг томчууд ашиглахаас татгалзаад байгаа нь их сонирхол татдаг юм. Солонгост манайхтай ойролцоо юм болж л дээ. Англи адууг нутагшуулаад дундаас нь гарсан адууг хала адуу гээд нэрлэчихэж. Өнөө хала адуу чинь нутгийнхаа үндсэн адуутай уралдахад хол тасархай түрүүлээд байдаг. Тэгэхэд нь Солонгос эрдэмтэд судалгаа хийгээд Солонгос адууны цусыг шинжлээд стандартыг нь тогтоочихсон юм байна лээ. Дараагаар нь манайд тэдэн адуу байна, тэр нь Англи адуу, тэдэн хувь нь хала адуу гээд үнэмлэхжүүлсэн байна лээ. Тэгэхлээр хала нь халатайгаа, үндсэн чежү адуу нь хоорондоо уралдаад маргаан цэгцэрсэн юм билээ. Энэ судалгаан дээр манай Монголын эрдэмтэн Баатарцогт гэж залуу хамтарч ажилласан байна. Энэ сарын 18-нд энэ судалгааг ахалж хийсэн эрдэмтэн нь Монголд ирж байгаа. Бид уриад ийм шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ялгаж болох талаар сургалт зохион байгуулаад удирдах албан тушаалтнуудад ойлгуулмаар байна. Ингэвэл Монгол адуу 100 хувь эрлийз болоогүй учраас зохион байгуулалттай, хатуу хяналттай комисс гаргаж нутаг, нутгаас адуу, адууны дээжийг авчирч цусыг нь шинжилж стандарт тогтоох хэрэгтэй. Дорнод, Сүхбаатар чигээр хэтэрхий эрлийз болсон учраас хэцүү. Тэгэхлээр Өвөрхангай, Булган аймгаас ч юм уу адуу авчирч стандарт тогтоох хэрэгтэй. Хувь хүн үүнийг хийгээд явахад зардал өндөр гарах учраас төр өөрөө дэмжиж шийдмээр байна. Үүнийг далимдуулаад цусыг шинжилж дээжийг нь гаргаж ирсэн хүн чипийн системийг дэлгэрүүлэх хэрэгтэй. Чипенд нь тэрний тийм монгол адуу, тийм наадамд тэгж наадаж байсан гээд мэдээллүүдийг нь суулгаад өгчих хэрэгтэй. Энэ чинь ердөө л 20-30 мянган адууны л асуудал байхгүй юу. Энэ ажлыг хэрэгжүүлбэл улсын баяр наадамд морь барихад будилдаг бүх асуудал цэгцэрнэ. Зүгээр бар код бариан дээр уншуулаад л бүртгэл нь компьютер дээр гараад ирнэ. Яг л олон улсын уралдаан шиг болно гэсэн үг л дээ. Ийм ажлыг нэвтрүүлэх цаг аль хэдийнээ болсон. Ийм зүйл дэлхийн шинжлэх ухаанд нэвтэрчихсэн.
-Баатарцогт гэж эрдэмтэн монгол адуун дээр энэ судалгааг хэр хийсэн хүн бэ?
-Одоо бид хамтарч хэсэг монгол адуунд туршиж үзэхээр бэлдэж байна. Энэ туршилт амжилттай болбол монгол адуугаа тодорхойлж өгнө. Үүн дээр тулгуурлаж төр засаг үндэсний наадмыг, үндэснийхээр нь хийнэ. Ард түмэн наадаад олон мянган жилийг элээж ирсэн юм байдгаараа байг. Эрлийз адуунууд өдөр болгон уралддаг тойргийн асуудлыг яаралтай шийдэж, бооцоот тоглоомыг нь зохицуулаад өгөх хэрэгтэй. Одоо бид санхүү босгохын тулд уяачдаасаа мөнгө босгодог асуудал хуулийн хүрээнд ярихад бооцоот болж хувираад байгаа. Бооцоот тоглоомынх нь хууль өнөөдөр манайд байхгүй. Төр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр монгол адууны стандартыг тогтоож лабораторио байгуулж, чипийн системийг нэвтрүүлээд энэ соёлоо авч үлдэж болно шүү дээ. Нөгөө талд нь монгол адуутай улс нь цол зэргийнхээ төлөө уралдаад л алдарт, манлайгаа аваад л яваг л дээ. Эрлийз нь бооцоогоо тавьж уралдаад л олон улсын системрүү орж болно. Өдөр болгон ч хамаагүй уралдаж болно. Монголчууд морь үзэх дуртай, ирээд л үзнэ. Манай Максын Ганбаатар энэ жил тойруулга ашиглалтад оруулах гэж байгаа юм байна лээ. Ийм гаргалгаануудыг бид өнөөдөр харах ёстой. Энэ дунд уяачийн ёс зүй гэж асуудал байхгүй болчихлоо. Тав зургаахан жилийн өмнө наадам дээр түрүүлсэн мориныхоо хурдыг нь гайхаад уяачид нэгэндээ баяр хүргээд, амжилт хүсээд салдаг байсан. Өнөөдөр аймаг, сум, овооны наадам дээр ч мөнхийн хэрүүл зодоон. Шалтгаан нь эрлийз, монгол адуу. Сүүлдээ бие, биенийхээ амь насанд заналхийлж байна. Сайхан монгол уяачдын ёс зүй газарт унаад байна. Үүнийг монгол хэвээр нь авч үлдэхэд шинжлэх ухаанчаар хандахаас өөр арга байхгүй. Угаасаа сайн адуу хэнд байгааг нь мэддэг болчихлоо. Сайн адуу яаж гаргах ухаанаа ойлгодог болчихлоо. Одоо бие биедээ хүндэтгэлтэй хандаад эрлийз адуутай хүмүүс ухамсартай байж монгол адуутай уралдуулахаа болимоор байна. Энэ шинжлэх ухаанч бүтээлийг хэрэгжтэл хоёр жил орчим л болох биз. Энэ хугацаанд л манай уяачид уужуу, хүлээцтэй байвал ямарч асуудал гарахгүй.
-Хурдан морь унаач хүүхдийн асуудал байна. Зарим хүмүүс насанд хүрсэн хүнээр унуулах тухай ярьж байна?
-Ер нь энэ хэвээрээ яваад байвал 10-15 жилийн дараа морь унах хүүхэдгүй болно. Намайг бага байхад нэг морийг унах гэж таван хүүхэд хоорондоо өрсөлддөг байлаа. Тэгээд хэн сайн нь унадаг. Тааруу нь уйлаад хоцордог. Харин өнөөдөр таван адуун дээр нэг хүүхэд л үлдсэн байна. 2003 онд судалгаа явуулахад 30 мянга гаруй унаач хүүхэд тоологдсон бол өнөөдөр 10 мянга болсон байна. Одоо таван мянга, гурван мянга болно. Энэ тоо том сонсогдож байгаа ч 21 аймаг, 360 суманд хуваахад юу ч биш болж байгаа. Тэгэхлээр төрийн наадамд тав зургаахан морь уралдах гээд байна. Үүн дээр хүүхдийн төлөө байгууллага дөрөөлөөд зарим зүйл дээр арай буруу хандаад байна. Ямар нэг улс өөрийнхөө соёлыг зөв хадгалж байгаа тохиолдолд л оршин тогтоно шүү дээ. Бид өөрийнхөө соёлоо устгачихвал, ямар нэг үндэстэнд уусаад л алга болно. Энэ ч олон зүйл дээр харагддаг. Жишээлбэл, одоогоос 10 жилийн өмнө соёолон гараанаас гарахад Улаанбаатар хот хоосроод бүгд Хүй долоон худаг явдаг байсан. Өнөөдөр тэнд соёолон уралдахад хот түгжрээтэй хэвээрээ л байна. Залуучууд нь Туул гол дээрээ шар айраг уугаад сууж байна. Өнөөдөр морь уралдуулна гэхлээр хөдөөний малчны хийдэг ажил шиг хүлээж авч байна. Хотоос бол морь унадаг хүүхэд гэж ч байхгүй шүү дээ. Морь унаж соёлыг тээж байгаа хүүхдүүдийг буруутгах биш хүүхдийн төлөө байгууллага, төр засаг харин ч унаач хүүхдүүдэд гоц анхаарал тавимаар байна.
-Ирэх тавдугаар сард уяачдын холбооны долдугаар хурал болох гэж байна. Энэ хурлаас та ямар шийдэл хүлээж байна вэ?
-Монголын морин спорт уяачдын холбоонд мэдлэг боловсролтой олон хүмүүс байгаа. Урьдын хурлууд бол аймаг аймгаас таван хүн нэр цохогдож ирээд маазарч байгаад тардаг байлаа. Энэ удаагийн их хурал ажил хэрэгч хурал байх ёстой. Учир нь бид энэ өв соёлоо төр засагт, ард түмэнд яаж ойлгуулахав гээд тулгамдсан асуудал өмнө ирлээ. Бид маш зөв гарц олох хэрэгтэй. Хуралд 331 сумаас нэг нэг төлөөлөгч заавал ирэх шаардлагатай. Сум бүр хуралдаж тулгамдсан асуудлаа хэлэлцэж илэрхийлж чадах ганц төлөөлөгчөө илгээх хэрэгтэй. Үнэхээр зардал мөнгө болдоггүй бол аймгийн уяачдын холбоо хариуцмаар байна. Ийм өргөн хэмжээнд хуралдаж жинтэй шийдвэр гаргах хэрэгтэй.
О.ДАШНЯМ