Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2024.05.24) хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуралдааныг нээж, ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо Ёс зүйн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах саналыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 47 тоот албан бичгээр ирүүлсэн тул Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 7 дугаар сарын 4-ний 04 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчлөх, өөр саналтай гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчлийн шалтгааныг судлан дүгнэх, дүн шинжилгээ хийх, ёс зүйн зөрчлийн бүртгэл хөтөлж, нийтэд мэдээлэх, хяналт тавих зорилгоор цахим систем хөгжүүлэх, албан тушаалтны ёс зүйн талаарх гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх зэрэг чиг, үүргийг Ёс зүйн хороо хариуцан ажилладаг. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын ажиллах журмыг Засгийн газраас баталж, мөрдүүлж байгаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан бүх түвшний төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн санал, зөвлөмжийг тусган улмаар хөтөлбөрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилгаа, сургалтыг 21 аймагт зохион байгуулж, 14 392 албан хаагчид зөвлөмж, сургалт явуулжээ. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн учраас ийнхүү  дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна гэсэн юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Ёс зүйн хорооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, түүнд нийцүүлэн жил бүрийн төлөвлөгөө гаргаж ажиллах, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагуудын оролцуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргахаас гадна бүрэн эрхээ хэрэгжүүлэх,  тогтоол, албан даалгавар, зөвлөмж гаргах зэрэг зохицуулалтыг нэмэх санал тусгажээ. Түүнчлэн Ёс зүйн хорооны гишүүдийн бие даан хараат бус ажиллах нөхцөл, аюулгүй байдал, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, ёс зүйн асуудал гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэсэн байдлыг хянах, цахим мэдээллийн сан хөгжүүлэх, нийтэд мэдээлэх талаар дүрэмд нэмж тусгахыг төслийн саналд оруулсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийн хэлэлцээд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын хэл найруулгыг анхаарахыг сануулаад, Монгол Улсын Их Хурал “Ёс зүй” хэмээх мартагдсан үг, ойлголтыг анх удаа хуульчилж, гурван ч хууль, тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, сахилга хариуцлагын хуультай, үндэсний хөтөлбөртэй болсон. Цаашид соён гэгээрүүлэх бодлого, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолсноор тус Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *