Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Ирэх таван жилд улс орныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын талаарх асуудал тусгагдах нь зүйтэй. Бүх нийтийн мэдээлэл авах эрхийг цахим орчинд хангах, хүүхэд залуучуудыг үнэн, бодит мэдээллээр хангах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөлд тусгагдсан уу?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийн агуулга нэн чухал хэмээн тодорхойлсон. Энэ чиглэлээр Удирдлагын академи дээр хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байгаа. Мөн төрийн албан хаагчдын хүний нөөцийн нарийвчилсан бодлогыг ТАЗ тодорхойлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байх нь оновчтой. Төрийн албаны ёс зүй, хариуцлага, сахилгыг бүх түвшинд тэгш үйлчилдэг байх чиглэлээр тодорхой зорилтыг үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Мөн нотолж чадахгүй хөрөнгийн бүртгэлийн асуудалд анхаарал хандуулж, “нотолж чадаагүй хөрөнгө бүр авлига юм” гэсэн зарим орны жишээ рүү алхам хийх судалгааны ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн цахим орчинд үнэн зөв, бодитой мэдээлэл түгээдэг байх асуудлыг тодорхой түвшинд авч үзэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч байгаа.
Ёс зүйн асуудал нь сайн засаглалын төлөвшлийн нэг чухал хэсэг тул төслийн “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно” гэсэн 5 зорилгын хүрээнд 6 зорилтын хүрээнд нарийвчилсан байдлаар тусгасан.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн албаны ёс зүйг дээшлүүлэх, ажлын байрны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэг байх шаардлага, ач холбогдлын талаар тайлбарлаж, холбогдох саналуудыг гаргав. Төрийн албан хаагч хэмээн тодорхойлогддоггүй хэрнээ төсвөөс цалинждаг төрийн өмчит компани, байгууллагын албан хаагчдын албан тушаалын статус, ажлын гүйцэтгэлийн асуудлаар тоо баримт дурдан шүүмжлэлт байр суурь илэрхийлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал хэллээ.
Ийнхүү гишүүд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзлээ. Иймд дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Баделхан нар төрийн албаны орон тоог бууруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах талаар төсөлд ямар арга хэмжээ, зорилт тусгагдсаныг тодруулсан. Мөн төрийн өмчит компаниудын бүтэц, ажилтнуудын гүйцэтгэл, цалин хөлстэй холбоотой асуудлаар тодруулга хийсэн. Түүний асуултад Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өгсөн бөгөөд “төрийн өмчийн компаниудын бүтэц, орон тоо, давхардал, цалин, үр дүнгийн менежментийн асуудал дээр нэгдсэн байдлаар дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх дөрвөн жилд энэ чиглэлд нэлээд том реформ хийж, үр дүнг цалинтай уялдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ. Төрийн албан хаагчдын тоог бууруулах асуудлыг “E Mongolia” хөтөлбөртэй уялдуулан ажлын давхардал, хийдлийг арилгаж, шат дараалалтай цөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Энэ чиглэлээр тодорхой судалгаа, тооцоолол хийн тодорхой саналууд боловсруулснаа ТАЗ-д танилцуулж, зөвлөлдөнө гэв. Цаашдаа төрийн албыг цомхон, чадварлаг болгох чиглэлээр олон ажил, арга хэмжээг төлөвлөн, холбогдох талууд хамтран ажиллаж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр төрийн албаны ёс зүйн дүрмийг хуульчлах асуудал Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд тусгагдсан байгааг тайлбарлаж, мэдээлэл өгсөн.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд үзсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.