Categories
мэдээ цаг-үе

Явуугийн төрсөн бууцнаа яруу найрагчид чуулж, хутагтын хишигтнүүд тодорлоо

Зуны дунд сар эхэлж, зулзаган ногоо ургаж ахуй цаг дор Завхан аймгийг зориод ирэв. Зургадугаар сарын 4-ний орой нийслэлээс хөдөлсөн биднийг маргаашийнх нь үдэд Улиастай хотын угтал хаалганаа Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс угтлаа. Тэр өдөртөө Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн Алдархаан сумын Ар амны Тасархайн бууцны бэлд эгнүүлсэн хорь гаруй гэрт дөрөв таваараа байрлацгаав. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шаравын Бадарч, Мулцангийн Уянсүх, Аюурбуньяагийн Лхагва, МЗЭ-ийн шагналт зураач, яруу найрагч Мягмарын Амархүү бид тав нэгэн ам бүл болжээ. Гэртээ ороод харвал тооноор Тасархайн бууцны арын шовх элгэн улаан хад өнгийх нь сүрдэм. Аймгийн төвөөс арваадхан километр зайтай ч эл сайхан хайрханд янгир, шилүүс, ирвэс байдаг гэж байна шүү. Уулын гөрөөс байгаа газарт Улаан номын гайхлууд байх нь дамжиггүй л дээ. Ургахын улаан нартай уралдан боссон найрагчид унд зоогоо базаачихаад их найрагчийнхаа мэндэлсэн голомтын ардах байгалиас заяат хаан сэнтий мэт дөрвөлжин хадан суудалд тухалж бийр цаас нийлүүлж, билэг оюунаа уудлан, шүлэг юүгээн хэлхэцгээв. Цөөн хоромд туурвисан эл бүтээлүүдээр “Тасархайн бууцны шүлгүүд” гэсэн ном хэвлэх гэнэ. Явуу найрагчийн ерэн насны ойн баярын нээлтийг төрсөн бууцнаа нь хийсэн нь цаанаа л нэг ёслол төгөлдөр сайхан болов.

Цэцэгсийн анхилуун үнэрт намуухан сэвшээ хацар илбэж, дуниартсан өглөөний наранд агаар тэнгэр цэлмэн тэлмийгээд униартсан их холд ногооны хөөг цэнхэртэн нялхраад хүн бүхний царайд баярын мишээл тодорно. Уулын энгэрээр нэг тархан байрласан ерэн охид, хөвгүүд “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би” гэсэн “Би хаана төрөө вэ” шүлгийг уншихад дэлхийн дэвжээнд суудалтай утга уянгын их хаан Монголд заларсан нь юутай их хувь билээ гэсэн омголон бодол төрнө. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга, нийслэл дэх Завханы нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав, аймгийн Засаг даргын Тамгын газрынхан, ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн соёрхолт, Болор цомын тэргүүн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджав, “Явуухулан сан”-гийн тэргүүн Энхээгийн Чинзориг, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар, Жүмпэрэлийн Саруулбуян, хэл бичгийн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Дашлхүмбийн Галбаатар, Болор цомын тэргүүн яруу найрагч Жамсрангийн Баяржаргал, Лхагвасүрэнгийн Хасар болон “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцогчид, хүндэт зочид гээд хоёр гурван зуугаад хүн оролцож, монгол түмнээ танигдсан Бямбаа, Бямбацогт, Гантигмаа нар яруу сайхан хөтөллөө. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Явуухулан бол магтаалын цагаан яруу найргийг утга уянгын сор болгож чадсан агуу суу билэгтэн” гэсэн бол ардын уран зохиолч Т.Галсан “Ерэн жилийн өмнө Тасархайн энэ бууцан дээр анчин Бэгз гуайн гэрт ерийн усан нүдтэн биш, оюун билгийн охин тэнгэрийн зараалаар билэг билгүүн төгөлдөр нэгэн хүү мэндэлсэн нь их Явуу. Энэ хүү унасан орчлонгоо тэс ондоогоор харж тэнгэрийн орон болгосон” гэж өгүүлэх нь бахдал төрүүлсэн.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан найрагчдыг угтан авав. 2019.06.05

Яруу найрагч Ц.Бавуудорж “Хүрэл чоно улина” шүлгээ уншиж Явуудаа хүндэтгэл үзүүллээ. Морин хуурын найрал аялгуу хангай дэлхийг баясгаж, дэлхийд алдартай уртын дууч Хонгорзул гавьяатын шуранхай уулсын оргил дамжин дээд тэнгэр мандлын өехийд цуурайтах ажгуу. Нутаг орноороо овоглосон С.Батсүх гавьяат Бат-Энэрэл хүүгийн хамт Цаст их Очирваань хайрхан Отгонтэнгэрээ магтан бахдан дууллаа. Зургааны өдрийн морин цагт аймгийн номын сангийн үүдэн дэх их найрагчийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болсны дараа “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам боллоо. Энэ наадмын эхний шатанд 80 гаруй яруу найрагч сүүлийн таван жилд гаргасан ном болон Очирваань хайрханы тухай бичсэн шүлгээрээ оролцож, шилмэл 36 найрагч хоёрдугаар шатанд шалгарсан байсан. Наадмын хоёрдугаар шат Монгол Улсын төрийн шагналт зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит театрт болж, доктор Д.Галбаатар, Д.Сумъяа, яруу найрагч Б.Хүрэлбаатар, Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б.Баяржавхлан, Д.Дарьсүхбаатар нарын нутаг угшилтай шүүгчид арван хутагтын хишигтэн яруу найрагчдыг тодрууллаа. “Мял гэгээн, Цагаан дарь эхийн хувилгаан Нацагшугарын Цэрэндондовын хишигтнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Ишхүү, Буурал багшийн хувилгаан Гончигийн Гэндэнжамцын хишигтнээр Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал, Алт мөнгөн тамгат хамба гэгээн Ядамжавын Жамбалдоржийн хишигтнээр М.Амархүү, Арь гэгээн Бадраа овогт Чанравын хишигтнээр Монголын радиогийн сурвалжлагч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр, Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуусан хутагт Данзинванчүгийн хишигтнээр Болор цомын эзэн Л.Хасар, Халхын наян найман шидтэн Наробанчэн Данзанлхүндэвийн хишигнээр яруу найрагч А.Мягмаржав, Дилав хутагтын хишигтнээр яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Жалханз хутагт Данзанчойжийванчүгийн хишигтнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Ачит ламын хувилгаан Хаст овогтой Вандандоржийн хишигтнээр ӨМӨЗО-ы Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд, Билэгт ламын хувилгаан Батхүү овогт Дашдоржийн хишигтнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Гомбожавын Бямбажав тус тус шалгарлаа.

“Явуухулан сан”-гийн шагналаар яруу найрагч Гантогтохын Лхагвадорж, Ванягийн Нэргүй нар шалгарсан бол Монголын Бурханы шашны анхдугаар богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын соёмбо үсгээр бичсэн “Адистэдийн дээдийг хайрлагч Жанлавцогзол” номын өргөмжлөлт шагналыг яруу найрагч М.Уянсүх, Д.Сумъяа, А.Лхагва, Д.Оюундэлгэр, г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга (миний бие энд багтана) нар хүртсэн юм. Найргийн наадмын дараа Улиастай хотын Гайхамшгийн гайхуулгын өргөө (музей)-нд Явуугийн мөнгөн жүнзний ёслол болж, хутагтын хишигт найрагчид сүү ууцгаав. Энд нэгэн зүйлийг зориуд бахархан тэмдэглэхэд зохиогдож буй бүхий л үйл ажиллагаа архи дарсгүй болсноороо онцлог байсан. Зургадугаар сарын 7-ны өдөр Алдархаан сумын нутаг дахь Таван булгийн ариун дагшин хяраас Очирваань хайрхан Отгонтэнгэр ууланд сүслэх ёслол болсноор дөрвөн зүг, найман зовхисоос цугласан найрагч, зочид нутаг нутгийн зүг жолоо залцгаалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *