Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, дараагийн ерөнхий сайд болохоор боллоо. Тэрбээр намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 санал авахаас 257-г нь авч ялжээ. Түүний өрсөлдөгч Таро Коно 170 санал авсан байна. Ийнхүү Кишида Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, удахгүй Японы 100 дахь ерөнхий сайд болно.
Засгийн газрын шинэ тэргүүнд нэр дэвшигчийг батлах парламентын чуулган аравдугаар сарын 4-нд болно. Японы ерөнхий сайд
Сүга Ёшихидэгийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан ЛАН-ын даргыг сонгох сонгууль явагдсан юм. Тэрбээр өнгөрсөн жил Шинзо Абэг эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэхүү албан тушаалыг хашиж эхэлсэн билээ.
Фумио Кишида 1957 онд (64 настай) удам дагасан улстөрчдийн гэр бүлд төрсөн байна. Түүний өвөө болон эцэг нь ЛАН-ын гишүүд бөгөөд Японы парламентад сонгогдож байжээ. Кишида Японы нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Васэда их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэжээ. 1993 онд тэрбээр ЛАН-аас парламентын гол танхим болох доод танхимд анх сонгогдсон байна. 2007-2008 онд Кишида Окинава ба Хойд нутаг дэвсгэрийн (Өмнөд Курилын арлууд) сайдын албан тушаалыг хашжээ. 2012 оны арванхоёрдугаар сараас 2017 оны наймдугаар сар хүртэл Шинзо Абэгийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь тэрбээр ЛАН-ын улс төрийн зөвлөлийг удирдсан байна. Энэ үеэс хойш Кишида өөрийгөө намын даргад нэр дэвшигчээр идэвхтэй сурталчилж байв. Гэсэн хэдий ч Абэг өнгөрсөн онд огцорсны дараа Ёшихидэ Сүга ЛАН-ын дарга болсон юм.