Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Япон Улсад нийт 1000 гаруй инженер сургаж бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Тус төслийн хүрээнд өнөөдөр нийт 94 оюутан, багш судлаачдад Япон улсын их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг, батламжийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр гардууллаа. Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар эрхийн бичиг гардуулахад оролцов.
Энэ үеэр салбарын сайд Л.Гантөмөр Японд суралцахаар явж буй оюутнуудад “Япончууд биднийг үйлдвэрлэгч орон болоосой гэж хүсч байгаа. Үйлдвэрлэгч орон болохын тулд та бүгдээс өөрөө хийж чаддаг инженер, өөрөө зохион бүтээж, шинийг санаачлагч, асуудлыг шийддэг хүн болохыг төр засгаас шаардаж байна. Мөн 24 жилийн өмнө яг та бүхэн шиг Япон улсад тэтгэлгээр сурахаар явж байсан ах хүний хувьд захихад Японы ард түмний ажилсаг, хичээнгүй, шударга чанараас сайн суралцаарай. Дүнгийн хойноос хөөцөлдөх биш лабораторид цагаа сайн өнгөрүүлээрэй” гэж захилаа.