Categories
гадаад мэдээ

Японд хүлэмжийн хийн ялгарал түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ DNN.mn

Японд “Ковид-19” цар тахлын улмаас аж үйлдвэрийн ажиллагаа саарч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүлэмжийн хийн ялгарал 2021 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ.

Японд хүлэмжийн хийн ялгарлыг анх 1990 оны санхүүгийн жилээс бүртгэж эхэлсэн бөгөөд 2020 оны санхүүгийн жилд 1.15 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 5.1 хувиар буурсан үзүүлэлт боллоо гэж тус улсын Байгаль орчны яамнаас мэдээлсэн байна. Ингэснээр 2020 оны санхүүгийн жилд хүлэмжийн хийн ялгарал 2013 оны санхүүгийн жилийнхээс 18.4 хувиар буурсан дүн үзүүлжээ. Дэлхийд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаараа тавдугаарт бичигддэг Япон улс хийн ялгарлыг 2030 он гэхэд 46 хувиар бууруулах зорилтдоо 2013 оныг суурь он болгон ашиглаж байгаа юм. “Хэдийгээр хүлэмжийн хийн ялгарал сүүлийн долоон жил дараалан буурч байгаа ч түүнийг 2050 он гэхэд тэглэх зорилтдоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ дээд хязгаарт нь хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Байгаль орчны яамны төлөөлөгч Масаюки Коива хэлсэн байна.


ТОВЧХОН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Украины армийн батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 800 сая ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарласан. Уг цэргийн тусламж Украинд хүрч эхэлсэн талаар Цагаан ордон “зэвсэг, техник хэрэгсэл бүхий эхний нислэг 24 цагийн дотор Украины нутагт хүрнэ” гэж мэдээлэв. Тусламжийн багцад Ми-17 нисдэг тэрэг 11, 155 мм-ийн гаубиц их буу18, Англиас өөр улсад өгч байгаагүй танк, их буу сөнөөх зориулалтын камикадзе ангиллын “Switch­blade” дрон 300 гаруй багтсан байна. Энэ нь АНУ Украинд гаубиц буу нийлүүлж буй анхны тохиолдол болов. Ж.Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсны дараа хийсэн мэдэгдэлдээ, ОХУ Украин улс руу довтолсноос хойш Украинд үзүүлэх АНУ-ын нийт тусламжийн хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгджээ.

l l l

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “Ковид-19”-ийн вакцины нэмэлт тун 5-11 насны эрүүл хүүхдүүдийг коронавирусийн омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалж байгааг туршилтаар тогтоосон гэж мэдэгджээ. Энэхүү туршилтаар “Ковид-19”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээс хойш ойролцоогоор зургаан сарын дараа нэмэлт тун тариулсан 5-11 насны 140 хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн гэнэ. Ингэхэд бүх хүүхдэд хамгаалалтын түвшин нэмэгдсэн бөгөөд 30 хүүхдэд омикроныг саармагжуулах эсрэг биетүүд хоёр тун хийлгэсэн хүүхдийнхээс 36 дахин өссөн байна. Тус компаниудын мэдээгээр, 12-оос доош насны 10 мянга гаруй хүүхдийг хамруулсан эмнэл зүйн туршилтаар вакцинтай холбоотой шинэ асуудал ажиглагдаагүй байна. “Pfizer-BioN­Tech” АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ 5-11 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулахыг яаралтай журмаар зөвшөөрөх хүсэлтийг ойрын өдрүүдэд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид Европын Эмийн агентлаг тэргүүтэй бусад байгууллагуудаac зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ оны эхээр Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Ковид-19”-ийн вакцины гурав дахь тунг 12-15 насны хүүхдүүдэд, мөн дархлаа султай 5-11 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн юм. Үүнээс гадна 50 болон түүнээс дээш насны иргэдэд хоёр дахь нэмэлт тун буюу дөрөвдүгээр тунг тарих зөвшөөрлийг мөн олгоод байгаа юм.

l l l

АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд айлчилсантай холбогдуулан БНХАУ-ын Зэвсэгт хүчин уг арлын орчимд цэргийн сургууль хийнэ гэж тус улсын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлал мэдэгджээ. “Дөрөвдүгээр сарын дундаас Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлал байлдааны хөлөг онгоцууд, бөмбөгдөгч, сөнөөгч нисэх онгоцууд болон бусад хүчээр Зүүн Хятадын тэнгис болон Тайвань арлын орчимд олон талын байлдааны эргүүл зохион байгуулж, тэнгисийн болон агаарын сургууль хийнэ” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Тайваньд саяхан хийсэн АНУ-ын Конгрессын гишүүдийн айлчлал нь Америк-Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг алдагдуулж байна гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хурандаа У Цянь мөн мэдэгджээ.

l l l

Израилийн Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан-судалгаа, хөгжүүлэлтийн газар “R&D” болон “Rafael” компани хамтран цэргийн лазерын зэвсгийн цуврал туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Туршилтын үеэр байлдааны лазер нисэгчгүй нисэх төхөөрөмж, миномётын сум, пуужин, танк эсэргүүцэгч зэрэг байг амжилттай устгасан байна.

Энэхүү туршилт нь Израиль улс ирээдүйд газар, агаарт лазерын системээр зэвсэглэх төлөвлөгөөний эхний шат ажээ. Системийн гол хөгжүүлэгч нь “Rafael” бөгөөд “Elbit Systems” компанитай хамтран ажилладаг юм байна. Израилийн Батлан хамгаалахын сайд Бенни Ганц “Өнөөдөр Израилийн үйлдвэрлэсэн хүнд лазерын систем төрөл бүрийн байг амжилттай амдан сөнөөж, дэлхийн хэмжээний нээлт боллоо. Бидний зорилго тус системийг аль болох хурдан зэвсэглэлд нэвтрүүлэх явдал бөгөөд энэ нь үр дүнтэй, хямд, шинэлэг хамгаалалтын хэрэгсэлтэй болох боломж юм” гэжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны “R&D”-ийн дарга Янив Ротемын хэлснээр, дараагийн алхам нь тус системийг хөгжүүлэн Израилийн эрх баригчдын төлөвлөгөөний дагуу ойрын арван жилд тус улсын хилийн дагуу хэд хэдэн лазерын систем байрлуулах явдал аж. Мөн Израилийн ерөнхий сайд Нафтали Беннетт тус системийг нэг жилийн дотор зэвсэглэлдээ бүрэн нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.

l l l

Их Британийн эрүүл мэндийн байгууллага “NICE” (National Institute for Health and Care Excellence) саяхан гаргасан шинэ зөвлөмждөө хүний бүсэлхийн тойргийн урт нь биеийн өндрийн хагасаас бага байвал зохимжтой гэжээ. Биеийн жингийн индекс буюу “BMI” (Body Mass Index) хэмээх хэмжүүр нь хүний биеийн жингийн зохистой хэмжээг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү уламжлалт хэмжүүр нь гэдэс хэвлийн таргалалтыг илэрхийлж чаддаггүй болохыг “NICE” тайлбарлав. Хэвлийн таргалалт нь чихрийн шижин, цусны өндөр даралт, зүрх судасны өвчний суурь нөхцөл болдог тул анхаарал тавих ёстой гэнэ. Ялангуяа Ази болон Африк гаралтай хүмүүсийн хувьд “cen­tral adiposity” гэгддэг хэвлийгээрээ таргалах эрсдэл өндөртэй тул ийм шинэ зөвлөмж гаргаж байгаа юм байна. Тухайлбал “BMI” хэмжүүрээр хэвийн атлаа хэвлий хэсгээрээ таргалалттай байх тохиолдол хүмүүст түгээмэл байдаг гэнэ.

Бүсэлхийн тойргоо хэмжихдээ хавирганы доод, ташааны дээд хэсгийн хооронд хэвийн амьсгалах үедээ туузан метрээр тойруулан хэмжих ёстойг “NICE” зөвлөжээ. Жишээлбэл, 175 см өндөр биетэй хүний бүсэлхийн тойргийн урт 87.5 см-ээс хэтрэхгүй байх нь зохимжтойд тооцогдох гэнэ. Ийм хэмжүүр ямар ч хүйсийн, ямар ч угсаа гаралтай хүмүүсийн хувьд ижил үйлчлэхийг мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин “BMI” нь 35-аас дээш насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр хүртэлх насны хүүхдүүдэд уг хэмжүүр үнэн зөв үйлчлэхгүй болохыг анхааруулсан байна.

BC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *