Categories
мэдээ улс-төр

Япон улсын Мияконожо хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламенты бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2017.05.23) Япон Улсын Мияконожо хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ноён Икэда Такахисаг Монголд тавтай морилохыг хүсээд Улаанбаатар, Мияконожо хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Тэрбээр, Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын найрамдалт харилцаа өргөжин тэлж байна. Миний хувьд өмнө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа Мияконожо хотод зочилж байсан. Бидэнд Та бүхнээс суралцах зүйл их бий. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын хүрээнд олон асуудлыг шийдэж, хоёр орны хамтын ажиллагааг нэг шат ахиулсан үйл явдал болсон” гэлээ.

Ноён Икэда Такахиса “Таньтай уулзаж байгаадаа баяртай байна. 2019 онд Мияконожо, Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэнэ. Хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Тун удахгүй Монголын Чөлөөт бөхийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцох юм. Энэ хүрээнд таны зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэж тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Монголын Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байснаа дурдлаа. Тэрбээр тус холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр одоо УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Сүхбат нар ажиллаж буйг онцлоод дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хариу хэлэв.

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *