Categories
мэдээ нийгэм

Япон улсад анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан тэтгэлгээр суралцана

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такагитэй уулзахдаа манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу ирэх таван жилийн хугацаанд Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр монгол оюутнуудыг хүлээн авч, суралцуулах болсноо мэдэгдсэн.

Японы талтай хийсэн энэхүү тохиролцоог ажил хэрэг болгох, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөгжингүй орнуудад суралцах суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурснаар анагаахын нарийн мэргэжлийн чиглэлээр монгол оюутнууд Японд 100 хувийн тэтгэлгээр суралцах үүд хаалга нээгдэж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү санамж бичигт гарын үсэг зурч, гэрээ байгуулах хүртэл бүх талаар тусалж дэмжсэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Такаока, мөн Япон Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такэнори Шимизү нарт халуун талархал илэрхийлээд, “Энэхүү санамж бичиг, гэрээний ач холбогдлыг миний бие өндрөөр үнэлж байна. Учир нь жил хүрэхгүй хугацааны дараа Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг бид хүлээн авна. Энэ эмнэлэг хамгийн орчин үеийн шийдэлтэй, хамгийн орчин үеийн техник технологитой эмнэлэг байх нь дамжиггүй. Энд Японд анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуусыг ажиллуулахыг бид зорьж байна. Энэ гэрээний үр дүнд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн ирж энэхүү зорилтыг биелүүлэхэд ихээхэн дорвитой хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах талаар бид гэрээ байгуулсан талтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж, журам боловсруулж яамны сайтад нээлттэй тавина” гэлээ.

Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *