Categories
гадаад мэдээ

Японы 100 дахь ерөнхий сайд DNN.mn

Фумио Кишида 1957 онд төрсөн бөгөөд удам дамжсан улстөрч гэр бүлээс гаралтай. Түүний өвөө болон аав нь Либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд Японы парламентад сонгогдон ажиллаж байв. Ерөнхий сайд асан Миязава Киичи (1991-1993) түүний холын хамаатан юм. Эхнэр нь ч мөн Японы элит гэр бүлээс гаралтай.Тэд гурван хүүхэдтэй.

Кишида Японы нэр хүндтэй Васэдагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. Энд Японы ирээдүйн нэрт улс төрч Иваяа Такэшитай найзууд болжээ.Тэрбээр их сургуулиа төгсөөд урт хугацаатай кредитийн Шинсэй банкинд ажиллаж байгаад дараа нь Төлөөлөгчдийн танхимын гишүүн эцгийнхээ туслахаар ажиллаж байв.Тэрбээр хүүхэд насандаа гэр бүлээрээ Нью-Йоркт амьдарч байсан бөгөөд сургуульдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан нь түүнд ихээр нөлөөлсөн гэдэг. Тиймээс түүнийг хүний эрхийн асуудалд гол өрсөлдөгч Таро Коногоос илүү мэдрэмжтэй гэдгийг ажиглагчид онцолж байсан юм. Тэрээр “Hiroshima Carp” бейсболын багийн хөгжөөн дэмжигч аж. Кишида анх 1993 онд Либерал Ардчилсан намаас парламентын гол танхим болох доод танхимд сонгогдож байв. 2007-2008 онд Кишида Окинава болон Хойд нутаг дэвсгэр (Өмнөд Курилын арлуудыг Японд ингэж нэрлэдэг)-ийн сайдын албан тушаалыг хашиж байсан. Мөн Абэгийн Засгийн газарт 2012 оны арванхоёрдугаар сараас 2017 оны наймдугаар сар хүртэл Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь тэрбээр Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийг удирдсан байна. Ингэж тэрээр дайнаас хойших үеийн Японд Гадаад хэргийн сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан хүн болсон билээ. Энэ үеэс хойш Кишида өөрийгөө намын даргад нэр дэвшихэд идэвхтэй бэлдэж байв. Кишида нам дотроо парламентын 46 гишүүнтэй өөрийн гэсэн фракцтай байсан бөгөөд Абэ Шинзод үнэнч гэгддэг хүмүүсийн нэг байжээ. Гэхдээ Либерал ардчилсан намын бодлогын хорооны дарга түүнд нөгөө хоёр гол өрсөлдөгчтэй нь харьцуулахад намын болон олон нийтийн дэмжлэгийн аль аль нь нэлээд дутагдаж байв. Тухайн үед “Asahi Shimbun” сонины судалгаанд оролцогчдын дөнгөж таван хувь нь л түүнийг дараагийн ерөнхий сайд болоход хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байжээ.Ерөнхий сайд Абэг огцорсны дараа Ёшихидэ Сүга Либерал Ардчилсан намын дарга болсон юм. Ажиглагчид Кишидаг 2021 оны сонгуульд гол өрсөлдөгч байж болох ч энэ удаад боломж тун бага гэж дүгнэж байжээ.

Фумио Кишида Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Миний амьдралынхаа турш хийх ажил бол цөмийн зэвсэгтэй тэмцэх” гэсэн нь тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Барак Обамад ихэд таалагдаж, түүнийг Хирошимад айлчлахад нөлөөлсөн гэдэг. Тухайн үед тэрээр япончуудын дунд нэр хүндтэй болсон ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэггүй нь саад болж байв. Харин түүний гол өрсөлдөгч Коно ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж, Японы парламентаар уг асуудлыг хэлэлцүүлэхийг уриалж байсан юм. Харин Кишида Японы худалдааны гол түнш Хятадтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, цэргийн бодлогын хувьд илүү хатуу байр суурь баримтална гэж амласан бөгөөд Зүүн Хятадын тэнгис дэх арлуудад Хятадын идэвхжил нэмэгдсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх болно гэж байсан билээ. Харин Японы эдийн засгийн талаар тэрбээр “КОВИД-19 тахлын улмаас улам бүр өргөжсөн баялгийн ялгааг арилгахад туслах “шинэ капитализм” хэрэгтэй гэж байсан юм. Мөн “Шинжлэх ухааны хөгжил, сэргээгдэх эрчим хүчийг санхүүжүүлэхийн тулд 90 гаруй тэрбум ам.доллар улсын төсвөөс гаргах хэрэгтэй” хэмээжээ. Тухайн үед Японы “Temple” их сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Жеффри Кингстон “Баялгийн тэгш бус байдлыг арилгах гэсэн оролдлого ирэх арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам эрх мэдлээ хадгалж үлдэх ганц зөв арга мөн” гэж мэдэгдэж байжээ. Тухайн үед Японы шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн хямрал, коронавирусийн цар тахал, Хятад-Америкийн сөргөлдөөн зэрэг олон хүнд асуудал хүлээж байв.Удалгүй Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г авч, эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ дарга болов. Түүний гол өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан билээ. Ийнхүү Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар 2021 оны есдүгээр сарын 29-нд сонгогдож,тун ч удалгүй дараа сарынхаа 4-нд Японы 100 дахь ерөнхий сайдаар томилогдсон юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *