Баасан гаригт Япон улсын засгийн газар ОХУ-д оногдуулсан автомашины экспортын хоригоо өргөжүүлэх шийдвэр гаргажээ.
Украин улсад эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг Их Долоогийн бүлгийн орнуудын авах арга хэмжээний хүрээнд уг шийдвэрийг гаргасан байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон улс зургаан сая иенээс ($43,000) дээш үнэ бүхий бензин хөдөлгүүртэй автомашиныг ОХУ-д нийлүүлэхээ зогсоосон юм.
Харин энэ удаа 1,900 куб см-ээс дээш багтаамжийн бензин, дизель хөдөлгүүртэй болон цахилгаан, гибрид хөдөлгүүртэй шинэ, хуучин автомашинуудын экспортыг нэмж хоригложээ.
Бас том оврын автомашины дугуй экспортлохыг хориглосон байна.
Японы үйлдвэрийн автомашинууд ОХУ-ын зах зээлд эрэлттэй байдаг. Тиймээс энэ удаагийн хориг эдийн засгийн том цохилт болно гэж ажиглагчид үзэж байна.
2022 онд Япон улсаас ОХУ-д нийтдээ 603.9 тэрбум иений бараа экспортолсон нь өмнөх оноос 30 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үүний талаас илүү хувь нь автомашин, түүн дотроо голдуу хуучин автомашин байжээ.
“Бид олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Их Долоогийн бүлгийн орнуудын холбогдох яам, агентлагуудтай хамтран хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх болно” гэж Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Ясүтоши Нишимүра өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Өнөөдрийн шийдвэрээр нийтдээ 750 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортын хоригийн хар жагсаалтад нэмжээ.
Эдгээр нь 2021 онд ОХУ-д экспортолсон нийт бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20 орчим хувийг бүрдүүлж байсан юм байна.
Их Долоогийн бүлгийн орнуудын удирдагчид тавдугаар сард Японы Хирошима хотод чуулахдаа ОХУ-д автомашины хориг зарлахаар тохиролцсон юм. Шинэ хориг наймдугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: Japan Times