Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ялгуусан амьдралыг туулсан төрийн зүтгэлтэн таалал төгслөө

Монгол Улсын төрийн зүтгэлтэн, гавьяат эдийн засагч Түмэнбаярын Рагчаа 2015 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 99 насандаа таалал төгслөө. Тэрээр 1917 онд Увс аймгийн Хяргас нуур (Одоогийн Хяргас) сумын Хүүшийн өвөлжөөнд төрж, арван настайгаасаа эрдмийн мөр хөөн сумын бага сургууль, ЗХУ-д худалдааны ажилчдын сургууль, МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа 1931 онд Хяргас нуур суманд бичээч, түр сургуулийн багшаар эхэлж төрийн алба ажлыг нугалж ирсэн. Тухайлбал, Хоршоодын төв холбоонд ажилтан, сургагч, нягтлан бодогч, Чойбалсан хот дахь дамжлага баазын дарга, хэлтсийн дарга, орлогч даргаар ажиллаж байжээ. Хоршоодын төв холбооны ажилтнаас орлогч дарга хүртэл дэвшиж ажилласныхаа дараа Гадаад худалдааны яамны ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн дарга, МУИС-д багш, Монгол Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч, даргаар ажиллаж байсан түүхтэй. Улмаар 1960-1986 онд Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч, нэгдүгээр орлогч даргын хүндтэй өндөр албан үүргийг олон жилийн турш нэр төртэй гүйцэтгэсэн билээ.

Т.Рагчаа 1931 онд МХЗЭ-ийн гишүүн, 1941 онд МАХН-ын гишүүнээр бөгөөд МАХН-ын XIV-XIX их хурлын төлөөлөгч, XIV-XVIII их хурлаас Намын төв хорооны гишүүн, 1972 оноос Төв хороо­ны Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1976 оноос Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон намын удирдлагад 25 жил ажиллажээ.

Тэрээр Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар 1960 оноос хойш тасралтгүй зургаан удаа сонгогдсон эрхэм.

Талийгаачийн намтрыг уншихад л хуучин цагийн боловсон хүчин, шалгарсан төрийн хар хүн болсон нь харагдана. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Жа.Пүрэв 2004 онд Т.Рагчаа гуайтай ярилцахдаа “Орон нутагт таны ирэх сураг баруун аймгуудын нутгаар 40 м/сек салхитай гэх шиг сүртэй сонсогддогсон.Та ч сүрлэг гэж жигтэйхэн. Таны яваад өнгөрсний дараа аймаг, сумдын төв индүүдсэн юм шиг цэмцийгээд л хаалга үүдний түгжээ хүртэл бүтэн болсон байдагсан. Тэр жил Баянхонгорт очоод гуравхан хоногт ногоон тэжээлийн хоёр сайхан зоорь бариулчихсан. Таны албан тушаал өндөр, дээр нь түүнээсээ ч өндөр шаардлагатай, нэр хүнд бас өндөр. Тэр олон өндрүүдийн сүр хүчээр хүмүүс ажлыг ёстой бужигнуулж байлаа…” гэж асуусан байдаг. Түүнийг зарчимч, шударга, өндөр сүрлэг хүн гэж ойр дотныхон нь, улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ.

Түүнийг хэтэрхий шулуун шударгаасаа болж зарим дар­га нарт “зуугдаж” ч яв­сан үе байдгийг хүмүүс ярь­даг. Т.Рагчаа 2004 онд өгсөн ярилцлагадаа “Би чинь шоронгийн хоригдлоос хэлтсийн даргаар шууд томилогдож байлаа. 1950-аад онд аав минь Увсаас хот руу хэдэн сувай малтай нүүж ирлээ. Тэгээд малынхаа ноос, махны ноогдлыг нь хүчрэхээ байв. Одоо яах вэ гэж байтал Алтан-Овоогийн мал баазад зааз мал худалдаж байснаас нутгийн хоёр хүнтэй гурвуулаа арван ямаа, 100 хонь худалдаад авчихав. Тэр үед би Хоршоодын холбооны орлогч дарга байсан юм. Нэг өдөр Намын төв хорооны нарийн бичгийн дарга Дамба гуай дуудлаа. Конторт нь ортол улсын прокурор Жамбалдоржтой хамт сууж байна. Тэд “Чи МАХН-ын гишүүн байтлаа баяжих санаатай аавдаа мал авч өгсөн байна” гээд тулгадаг юм байна. Ингээд л шүүхэд өгч дээд шүүхийн дарга контортоо ардын төлөөлөгч хоёр хүн суулгаж байгаад хоёр жилээр таслан шийтгэв. Дээд шүүхийн дарга бид хоёр сайн найзууд байсан. За яахав. Ийм л юм болчихлоо гээд цай хийж өгөөд хэдэн үг солилцсон. Нэг өдөр шоронгийн дарга дуудлаа. Өршөөлийн зарлиг уншиж сонсгоод дараа нь “Таныг манай Хорих лагерийн төлөвлөгөөний хэлтсийн даргаар томилсон. Май өрөөнийхөө түлхүүрийг ав” гээд өгч байлаа. Хоригдлоос дарга болоод дөрөвхөн хонож байтал бас дуудагдлаа. Очтол Гадаад худалдааны яамны санхүүгийн хэлтсийн даргаар томилчихсон” гэжээ. Бас Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг 1990-ээд оны үед “Тойрон хүрээлэгч” нэр зүүж шалгаж байсан ч удаатай. Энэ бүхэнд төрийн зүтгэлтэн Т.Рагчаа нугараагүй. Монгол төрийн хар хүний ноён нуруу хэзээ ч, хаана ч нугардаггүйг тэр харуулсан. Монголын нийгэм, улс төрд хүчин зүтгэснийг нь үнэлж, төр засгаас Т.Рагчаад Монгол Улсын Гавьяат эдийн засагч болон Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар удаа дараа шагнажээ.

Ум сайн амгалан болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *