Улаанбаатар хотын автозамын түгжрэл 2027 он гэхэд бүх хэсгээрээ тэг зогсолтод орох эрсдэлтэйг олон улсын судалгааны байгууллагаас сануулсан байдаг. Тиймээс уг асуудал нийслэл төдийгүй Засгийн газрын хувьд нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автозамыг өргөтгөх, шинээр зам, гүүр барих ажлыг ковидын дараагаас эрчимжүүлсэн байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд өдөр, шөнө, ажил, амралтын өдөргүй байнга түгжрэх болсон Яармагийн замын ачааллыг багасгах зорилгоор Туул гол дээгүүр хойшоо нэгдүгээр хорооллын төв зам руу нэвтэрсэн шинэ гүүрний ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Улаанбаатар хотын хамгийн урт, хамгийн том гүүр гэх тодотголтой тус гүүр ашиглалтад орсноороо Яармагийн автозамын ачаалал 30 хувь, Сонсголонгийн гүүрний ачаалал 20 хувиар буурах боломжтой гэдэг. Мэргэжилтнүүдийн хувьд нийслэлийн түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй бодиттой ажил бол шинээр гүүр, автозам барих хэмээн зөвлөдөг. Тэр утгаараа энэ өдрийн сурвалжлаагаараа Яармаг, нэгдүгээр хорооллыг холбох шинэ гүүрний ажлын явцтай танилцлаа. Биднийг очиход зам, гүүрний ажил ид явагдаж байв. Юун түрүүнд тус ажлыг хариуцан хийж буй компанийн төлөөлөлтэй уулзаж, тодрууллаа.
Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон гүүрний ажлыг гүйцэтгэгч Моторсервис ХХК-ийн менежер Э.Алдар:
-Гүүрийн ажил одоогоор нийтдээ 91 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Бидний хувьд тус гүүрний ажлыг ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд хүлээлгэн өгөхөөр ажлаа шахаж хийж байгаа. Гүүрийн дам нуруу, зорчих хэсэг, тэгшилгээний үе бүгд бүрэн хийж дууссан. Харин одоо гүүрний дээгүүр явган хүний зам, Энхтайваны гүүр шиг зорчигчид амрах хэсгийг хийж байна. Энэ шинэ гүүр нь Яармагийн зам буюу Хангарьд төвийн урдаас хойшоо явсаар Өнөр хороолол буюу 32ын уулзвартай залгагдана. Хархорин захын баруун талаар гарч ирнэ гэсэн үг. Манай компанийн хувьд зөвхөн гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа. Замыг нь өөр компани хариуцан ажиллаж байгаа байх. Гүүрний хувьд нийт гурван хэсэг гүүр барьж байна. Хоёр жижиг хэсэг нь ерөнхийдөө дууссан.
Одоо том буюу 391 метр урттай гүүрний ажил дуусах шатандаа явж байна. Тулгамдаж байгаа асуудал гэвэл шар усны үерээс шалтгаалж Туул голын усны түвшин, урсгалын хүч нэмэгдсээр байгаа. Гэхдээ асуудлыг шийдээд явах боломжтой гэж тооцоолсон. Туул гол үерлэх, бусад байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан эрсдэлийг бид бүрэн тооцож энэхүү гүүрний ажлыг явуулж байна. Мэдээж олон улсын стандартыг мөрдөж, тус гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгнө.
Чанарын хувьд эргэлзэх шаардлага байхгүй гэж хэлж болно. Гүүр ашиглалтад орсноороо мэдээж Яармагийн түгжрэл эрс буурна гэж бид харж байгаа. Иргэдийн хувьд ч уг гүүрийг түргэн ашиглалтад орохыг хүлээж байгаагаа хэлдэг. Тиймээс бидний хувьд одоо хугацаандаа ажлаа чанартай хийж гүйцэтгээд хүлээлгэн өгөх л чухал байна. Энэхүү гүүр нь Улаанбаатар хотдоо хамгийн урт гүүрт тооцогдох байх.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Солонго:
-Манайх Яармагийн нэгдүгээр буудал буюу яг шинэ гүүрний орчим амьдардаг. Яармагийнхан энэхүү гүүрийг хурдан ашиглалтад ороосой гэж хүсдэг. Манай ажил Хорооллын эцэст. Тиймээс Гурвалжингийн гүүр давж явдаг. Нэг хэсэг өглөө ажлын цаг эхлэхээс өмнө гараад явчихаар түгжрэхгүй ажилдаа эрт очдог байсан. Харин одоо өглөө эрт гарсан ч түгжирдэг болчихсон. Орой ажил тарах үед бол бүр ярилтгүй. Миний хувьд Яармагийн зам дээр таван цаг таг зогсож байсан удаатай. Сүүлдээ амьдарч байгаа орчноо өөрчлөх тухай ч ярьж байсан. Харин энэ гүүр баригдаж байгааг сонсоод нүүхээ түр азнасан. Ямартаа ч хойшоо явдаг над шиг иргэдийн хувьд энэ гүүрний ач холбогдол өндөр болов уу гэж бодож байна.
НЗХГ-ИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР Б.ОДБАЯР: ХОРООЛЛЫН ЭЦСЭЭС 21 ДҮГЭЭР ХОРООЛЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
Яармаг, нэгдүгээр хорооллыг холбох тус гүүрний нийт урт нь 483 метр. Гурван хэсэг гүүрнээс бүрдэж байгаа. нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг гэдгийг албаныхан хэллээ. Дээрх шинэ гүүр болон 21 дүгээр хорооллын араар гуравдугаар хорооллын эцэс орох автозамын ажил ямар шатандаа үргэлжилж байгаа талаар нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн Гүүрний хяналтын инженер Б.Одбаяраас тодрууллаа.
-Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон шинэ гүүрний ажил угтаа өдийд дуусчих ёстой байсан гэлээ. Яагаад хугацаа нь ингэж хойшлогдов. Ер нь тус гүүрний талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Энэ гүүрний ажил 2022 оны тавдугаар сард гэрээ нь хийгдсэн боловч ажил нь 2023 оны гуравдугаар сард эхэлсэн. Ерөнхийдөө хоёр багц ажил зэрэгцээд явагдаж байна. Зам, нөгөөх нь гүүр. Гүүрний хувьд гурван хэсэг гүүр байгаа. Нэг нь 54.8 метр урт, нөгөөх нь 36.75 метр. Харин хамгийн урт буюу том гүүр нь 391.5 метр. Эдгээр ажлууд одоо 91 хувийн гүйцэтгэлтэй буюу ажил ерөнхийдөө дуусах шат руугаа орсон гэсэн үг. Уг шинэ гүүрний нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг байгаа.
-Ямар учраас хугацаа алдсан юм бэ?
-Өнгөрсөн жилийн үерээс шалтгаалаад хугацаа бага зэрэг хойшилсон. Тухайн үед төв зам үерт урссан. Үүнээс болоод гүүр баригдах талбай руу орох, очих боломжгүй болсон. Тиймээс график төлөвлөгөө хойшилсон байсан.
-Гүүрний ажил дуусгаад замын ажил нь эхлэх үү?
-Замын ажил эхэлчихсэн явж байгаа. Нийслэлийн удирдлагуудаас энэхүү ажлыг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө хүлээлгэн өгч, хөдөлгөөнийг нээх үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд багтаан ажлаа дуусгахаар гүйцэтгэгч компанийг шахаж ажиллуулж байна.
-Гүүр ашиглалтад орсноор Яармагийн авто замын түгжрэл хэдэн хувиар буурах бол. Цаашлаад нийслэлийн авто замын ачааллыг бууруулахад ямар байдлаар нөлөөлөх вэ?
-Яг тэдэн хувь буурна гэж хэлэхэд хэцүү. Олон шалтгаан нөхцөлөөс үүдэж замын ачаалал бий болдог. Үүн дотроо оргил цагийн ачааллыг яаж хуваарилах вэ гэдэг зүйл л чухал. Мэдээж шинэ гүүр ашиглалтад орсноороо Яармагийн гүүрний ачаалал эрс буурна. Дам утгаараа нийслэлийн авто замын түгжрэлд ч нөлөөлнө. Уг гүүр ТЭЦ IIIийн замтай холбогдоно. Тэгэхээр уг замын ачаалал Яармагийн гүүрнээс шалтгаалаад өөр өөр байна гэсэн үг. Яваандаа Эрчим хүчний гудамжны ачаалал буюу ТЭЦ III-ийн авто замын ачаалал нэмэгдэх хандлагатай. Нөгөөтэйгүүр зөвхөн энэ гүүр бус цаашлаад авто зам, гүүрний холболт Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдсоноороо түгжрэлд бүрэн утгаараа нөлөөлж, ач холбогдол нь мэдрэгдэнэ гэсэн үг.
-Яг Яармагийн замаас хойшоо Нэгдүгээр хороолол буюу төв замтай хол богдох уг авто зам, гүүрний төсөл хэзээ бүрэн дуусах вэ?
-Бүрэн хэмжээгээрээ гэж яривал Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох ТЭЗҮ нь бол батлагдчихсан байгаа. Тиймээс уг ажлыг төсөвтөө суулгаад авто замын ажил нь эхэлнэ байх. Яг хэзээ дуусахыг нь тодорхой хэлэх боломжгүй. Ирэх жилийн өдийд үү, эсвэл тэрний дараа жил дуусна гэсэн тооцоололтой байгаа.
-Уг бүтээн байгуулалтыг хийхэд яг одоо тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ. Төсөв санхүүгийн хувьд асуудал бий юу?
-Санхүүгийн ямар нэгэн асуудал байхгүй. Ажил хийхэд хамгийн бэрхшээлтэй зүйл бол цаг агаарын нөхцөл байдал. Үер усны аюул. Цас ихтэй, эрт хүйтэрдэг гэх мэт хүндрэлүүд бий. Энэ бол байгаль цаг уурын бэрхшээл. Нөгөөтэйгүүр бидний хувьд газар чөлөөлөлтийн асуудал чухал байдаг. Иргэдийн хувьд газар чөлөөлөлтийн асуудлыг ойлголцоод явчихвал энэ мэт бүтээн байгуулалтын ажил саатахгүй. Энэ Яармагийн шинэ гүүрний хувьд ч газар чөлөөлөлтийн асуудал тулгарсан. Хойшоогоо Нэгдүгээр хороолол руу орсон хэсэг дээр ч газар чөлөөлөлтийн асуудал гарч ирж байгаа. Хархорин захын баруун урд талаар байрлах олон арван үйлдвэрүүдийг яах вэ. Мэдээж том том объект байвал чөлөөлөх гэж бас хугацаа орно шүү дээ. Энэ л бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна.
-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд III, IV хорооллын эцсээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл гэр хороолол дундуур авто зам барьж байгаа. Энэ ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд явагдаж байгаа вэ?
-21 дүгээр хорооллын араар Гуравдугаар хорооллын эцэс рүү явсан авто замын ажил ид хийгдэж байгаа. Ажил бол зогсолтгүй үргэлжилж байна. Гэхдээ шугам, сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудал мөн адил яригдаж байна. Уг замын хувьд зургаан эгнээтэй, таван нүхэн гарцтай, гурван километрийн урдтай. Бас л төслийн дуусах хугацаа 2026 онд гэж тооцож байгаа. Хамгийн гол нь газар чөлөөлөлтийн асуудал л байгаа юм. Нийслэлийн түгжрэлийг бууруулах ач холбогдол бүхий замуудын нэг. Үүн дээр Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон гүүр нэмэгдэнэ. Мөн Ард Аюушийн өргөн чөлөөний зам ч орж байгаа. Эдгээр томоохон зам, гүүрний ажлыг бүрэн дуусгаснаар нийслэлийн түгжрэл харьцангуй буурна. Ард Аюушийн зам дээр газар олголт хэт их явагдсан юм билээ. Одоогоор 160 гаруй айлын газрыг чөлөөлөх ажил явагдаж дуусч байна.
-Эдгээр зам, гүүрний ажлыг монголчууд өөрсдөө 100 хувь хийдэг биз дээ. Эсвэл гадаадын компаниудаас зөвлөгөө авч ажилладаг уу?
-Гадаад компаниас ямар нэгэн зөвлөгөө, тусламж, туршлага гэх зүйл авдаггүй. Таны хэлдгээр 100 хувь монголчууд өөрсдөө энэхүү бүтээн байгуулалтаа хийж байгаа. Бидэнд олон жилийн туршлага бий. Өмнө нь зам, гүүр чанартай хийж гүйцэтгэж бай сан туршлагатай компаниуд эдгээр ажлуудыг хийж байгаа. Бүтээн байгуулалтын ажлын чанар, арга туршлагад бол эргэлзэх зүйлгүй. Харин бусад газар чөлөөлөлт, үер ус, шугам сүлжээний асуудал л хүндрэлтэй байдаг гэв.
Ямартаа ч Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон гүүр тун удахгүй ашиглалтад орно. Харин 21 дүгээр хорооллоос гуравдугаар хорооллын эцэс хүртэлх авто замын ажил газар чөлөөлөлтийн асуудал дуусгавар болчихвол ирэх жил ашиглалтад орох боломжтой хэмээв.