Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармаг, Хархориныг холбосон гүүрийн ажил 70 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил энд тэнд л өрнөж байна. Яармагийг Хархорин руу холбосон гүүрийн ажлыг онцолж болно. Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэлх замын хөрс хуулалтын ажил эхэлж том гүүрний ажил эхэлж байгаа. Бүтээн байгуулалтын үйл явцыг газар дээрээс нь сурвалжиллаа. Яармагийн гуравдугаар буудлаас чанх хойшоо Хархорины чиглэлд хийж буй гүүрэн байгууламж руу очиход залуус шоргоолж шиг ажиллаж байна. Тэд яг Туул голын дээгүүр гүүр тавих ажлынхаа ард үндсэндээ гарчээ. Зарим газраар голын урсацыг нь шороо овоолж байгаад ажилладаг юм байна. Өчигдрийн байдлаар хучилтын ажилдаа шамдаж байв. Энд 200 орчим залуус байрлаж ажиллаж байгаа гэнэ. Онцлог нь гэвэл энэ гүүрийн монгол инженерүүдийн ур ухаанаар монгол залуус гүйцэтгэж ажиллаж байна. Барилгын ажил төгсгөлийн шатандаа орж байгаа нь босч буй бүтээн байгуулалтаас анзаарагдаж байв.

Гүүрийн ерөнхий инженерээр П.Норовсүрэн гэх эмэгтэй ажиллаж байгаа гэнэ. Ар араасаа ундарсан их ажлынх нь чөлөөгөөр түүнтэй хөөрөлдөж зарим зүйлийг тодрууллаа.

-Ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Бүтээн байгуулалтын ажил 2022 оны есдүгээр сард эхэлсэн. Яг жилийн ард ажлын гүйцэтгэл 74 хувьтай үргэлжилж байна. Манай төслийн хүрээнд нийт гурван гүүрийн ажил үргэлжилж байна. Хойно Дунд голд гэхэд 54.8 метр урт гүүр барьж байгаа. Тэнд “Тэргүүн саруул зам” компани ажиллаж байна. Гурван төслийн хувьд гүйцэтгэл нь 70 гаруй хувьтай явж байна.

-Та бид хоёрын зогсож байгаа энэ гүүр хэзээ ашиглалтад орохоор байна вэ?

-Энэ жилийн аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна.

-Бүтээн байгуулалт нэлээн явжээ. Хугацаандаа ашиглалтад орж амжих нь уу?

-График төлөвлөгөөний дагуу бүх хүчин чадлаа бүрэн дайчлаад л ажиллаж байна. Яг Яармагийг Хархоринтой холбосон том гүүрний бүтээн байгуулалтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

-Энэ хаанаас эхлээд яг аль замд нийлэх гүүр вэ. Ажил хүлээлгэж өгөхөд сар гаруйн л хугацаа үлдсэн байна шүү дээ.

-Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөөг холбосон барилгын ажил л даа. Яармагаас Барсын баруун тал, 32-ын гүүрээр холбогдох бүтээн байгуулалт. Хархоринтой холбогдоно гэж хэлж болно. Энэ нь уртаараа Монголд хоёрдугаарт орно. Яг энд 200 гаруй залуус өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл тасралтгүй ажиллаж байна. Зарим тохиолдолд цаг сунгаж ажиллах нь ч бий. Үүнийг зөвхөн монгол ажилчид бүтээж байгаа. Хугацаанд нь ашиглалтад оруулахаар бүгд л зүтгэж байна. Том хэмжээний бүтээн байгуулалтаа өөрсдөө босгох чадалтай болсон гэдгээ баталж харуулахыг зорьж байна” гэв. Ийн хөөрөлдөөд тэр ажлаа үргэлжлүүлэхээр талбай руу алхав. Энэ гүүрийг босгоход шаардлагатай түүхий эдийн цөмийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн гэдгийг тэд онцлов. Яармаг Хархориныг холбосон энэ гүүр хоёр урсгал, зургаан эгнээтэй. Энхтайваны гүүртэй харьцуулахад хоёр дахин өргөн гэсэн үг. Ар араасаа цуваад түгжрээд нам зогсчихгүй юм байна. Энэ том бүтээн байгуулалтын түүхий эдийн цөмийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлжээ. Энэ их байгуулалтын тэр их төсөв дотоодын зах зээлд шингэж байна гэсэн үг.

Гүүрийн ашиглалтад орох хугацаа нь аравдугаар сарын 31. Юу юугүй тулж ирчихээд байна. Залуус ч хугацаанд нь ашиглалтад оруулахаар амсхийх завгүй хөдөлж байна. Дээрх хугацаанд хараахан амжихааргүй юм уу гэж анзаарсан. Инженер эмэгтэй ч хугацаандаа ашиглалтад орох эсэх талаар баттай хариу хэлээгүй. Ашиглалтад орох хугацаа хойшоо бага зэрэг сунаж болох ч Дарханы зам шиг хэдэн он дамжиж домог болохгүй байх. Машиндаа хонох нь холгүй түгжирдэг яармагчууд энэ жилдээ биш юм аа гэхэд ирэх оны эхний хагаст багтаад сэлүүхэн замаар тааваараа давхих нь. Энэ гүүр боссоноор Нисэх, Яармагийнхан уулын зам, Яармагийн гүүр, удахгүй босох шинэ гүүр гээд гурван сувгаар хотын төв рүү “урсах” юм.

Түүнчлэн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлтийн ажил бараг дуусчээ. Нэг гудамжны 4-5 айлтай газар чөлөөлөх асуудал дээр ажил гацаад байсан бол энэ нь бараг шийдэгдсэн гэнэ. Яг зам явах газарт үйл ажиллагаа явуулж хоёр давхар барилгыг есдүгээр сарын 18-нд буулгажээ. Энэ барилгын нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүр, хоёрдугаар давхарт нь кимчиний цех үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Хүнсний дэлгүүрийн эзэнтэй тохиролцож доод талд нь шинээр газар олгож, нүүлгэхээр болсон байна. Одоо ганц хашааг л буулгаагүй байлаа. Энэ хашаанд хоёр эсгий гэрээс өөр юу ч харагдсангүй. Хүн ч алга. Энд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Монгол зам” группийн инженер н.Нямдагвын онцолж байгаагаар газар чөлөөлөх асуудал үндсэндээ шийдэгдсэн гэнэ. Зөвхөн ганцхан айл дээр л торж ажил гацчихаад байгаа бололтой. Тун удахгүй ойлголцож ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол, Толгойт хүрэх авто зам зургаан эгнээтэй, хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Энэ зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байна. 2024 оны зургадугаар сард уг ажлыг хүлээлгэн өгч дуусгахаар төлөвлөсөн” гэх мэдээллийг хэлж байна. Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх асуудлыг бүрэн шийджээ. Одоогоор хөрс хуулах ажил үргэлжилж байгаа гэнэ. Ирэх оны зургадугаар сар гэхэд хотын баруун захаас төв рүү урсах том бүтээн байгуулалт ашиглалтад орох нь. Ингэснээр баруун хотын төв рүү урсах замын хөдөлгөөний ачаалал үндсэндээ шийдэгдэхийг инженерүүд онцолж байгаа юм. Дэлхийн жишиг хотууд гүүрэн байгууламж, давхар зам байгуулж түгжрэлийг давж гарсан байдаг. Улаанбаатар ч энэ жишгээр л урагшилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *