ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 6,235 иргэнийг бид тусгаарлан ажиглажээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 982 иргэн байна.
Тэдгээр иргэний дунд тав хүртэлх насны 49-н хүүхэд, жирэмсэн 40 эмэгтэй, хорт хавдартай зургаан иргэн, зүрх судасны эмгэгтэй болоод чихрийн шижинтэй 50 гаруй иргэн байгаа юм. Мөн тэдний сахиур болох 12 хүн хамт тусгаарлагдсан байна.
Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт гурван хүн эмчлэгдэж буй. Тэднээс нэг нь хавдартай иргэн бол хоёр нь мэс заслын шархтай хүн байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа.
Түүнчлэн улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдтэй нийт 141 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 450 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа.
Улсын хэмжээнд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Тухайлбал, Түргэн тусламжийн төв улсын хэмжээнд хоногт 1,800 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй.
COVID-19 халдвартай холбоотойгоор зохион байгуулалт болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, тархвар зүйн чиглэлээр гарсан тушаал, заавар, зөвлөмжийн 2,500 ширхэг эмхэтгэлийг бид хэвлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргэсэн.
Мөн халдварын сэргийлэлттэй холбоотой гарын авлагыг хэвлэж, түгээсэн” гэв.
Үргэлжлүүлэн “Бид уушги, зүрх судас болон бусад мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй сувилагч нарыг эрчимт эмчилгээний чиглэлээр богино хугацаанд сургах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, бид эрчимт эмчилгээний сувилагчдын тоог нэмэгдүүлэх бүх бололцоот арга хэмжээг явуулж байгаа.
Мөн бүх сувилагчийг, тэр дундаа лабораторийн чиглэлээр ажилладаг сувилагч нарт сорьц авах арга барилд дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй.
Аймгуудад Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгогдсон бүх тоног төхөөрөмжийг суурилуулан бэлэн байдлыг хангасан.
Цаашид гурван удаагийн нислэгээр ОХУ-д сурч буй сонсогчид болон Истанбул-Улаанбаатарын чиглэлээр Турк улсад байгаа иргэдээ авчрах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.
Дараа нь Энэтхэг улс болон Алтанбулагийн хилээр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааны бэлэн байдлыг эрүүл мэндийн байгууллагынхан хангасан.
Хэрэв COVID-19 халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд гарах хүндрэлүүдээс сэргийлэх чиглэлээр амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд, эм, эмнэлгийн хэрэгслүүдийг ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоолон нөөцөлсөн” гэдгийг хэллээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
COVID-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, Испани, Их Британи, ОХУ, Итали, ХБНГУ, Бразил, Турк, Иран зэрэг улс эхний 10-т бичигдэж байна.
ОХУ
Даваа гарагт тус улсад нийт 11,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 221,000 давсан бөгөөд 2,000 гаруй хүн нас бараад байна.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-д өдөрт дунджаар 10 мянга гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар тархсаар байгаа юм. Нийт халдварын тал орчим хувь нь Москва хот орчимд төвлөрч байна.
Тус улсын Ерөнхийлөгч В.Путин Мягмар гарагаас эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаагаа өчигдөр мэдээлжээ.
Халдварын нөхцөл байдал орон нутаг бүрт өөр байгаагаас үүдэн тухайн муж, орон нутгийн удирдлагууд холбогдох шийдвэрүүдээ өөрсдөө гаргах эрхтэй юм байна.
Харин Москва хотын хувьд нийтийн тээврээр зорчиход цахим үнэмлэх шаардах зэрэг бусад хязгаарлалтын арга хэмжээ хэвээр мөрдөгдөх аж.
Франц, Испани
ДЭМБ-ын Европын бүсийн Франц, Испани зэрэг улс хязгаарлалтын арга хэмжээнүүдээ шатлан сулруулж, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж байна.
ХБНГУ
Тус улсад вирусийн халдвар тархалтын индекс өнгөрсөн Ням гарагт 1.13 байсан бол Даваа гарагт 1.07 хувь болж буурчээ.
Австрали, Шинэ Зеланд
Номхон далайн баруун бүсэд Шинэ Зеланд, Австрали зэрэг улс хөл хорионы дэглэмээ сулруулж эхэлжээ.
Тухайлбал, Шинэ Зеланд улсад Пүрэв гарагаас эхлэн ресторан, кафе, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээхээр болсон. Мөн тавдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хичээл сургуулийн үйл ажиллагааг нээхээр болжээ.
Австралийн холбооны улсын зарим муж улс хязгаарлалтын арга хэмжээгээ өөр өөр байдлаар сулруулах талаараа мэдээлж эхэлсэн байна. Тухайлбал, Виктория муж улсад Мягмар гарагаас эхлэн 10 хүртэлх, дотоод орчинд тав хүртэлх тооны хүн нэг дор цугларч болох талаар мэдээлжээ.
Мөн Шинэ Өмнөд Уэльс зэрэг муж улсад Даваа гарагаас эхлэн танхимд суралцах суралцагчийн тоог цөөрүүлэх болоод ариун цэврийн дэглэмийг мөрдүүлсний үндсэн дээр хичээл сургуулийг нээх болсон байна.
БНХАУ
Өчигдөр БНХАУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний тав нь Ухань хотод илэрсэн, дотоодын халдвар байна. Таван шинэ халдвар бүгд нэг дороос буюу орон сууцны нэг байрнаас гаралтай, голомтод халдвар байгаа юм.
Бусад тохиолдлын хувьд долоо нь гадаадаас ирсэн зорчигчдын дунд илэрсэн бол үлдсэн нь тус улсын Зүүн хойд мужид илэрсэн байна.
БНСУ
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10,936 болсон байна.
Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Сөүл хотын шөнийн клубүүдээс үүссэн голомтод халдварын тухайд Даваа гарагийн үдээс хойших байдлаар нийт 94 хүнийг хамраад байгаа юм. Онош батлагдсан тохиолдлууд нь шөнийн клубээр үйлчлүүлсэн хүмүүс болон тэдгээрийн гэр бүл дэх ойрын хавьтлууд байжээ.
Шинэ голомтыг хяналтдаа авах үүднээс Сөүл хотод Лхагва гарагаас нээх ёстой байсан хичээл, сургуулийг дахин нэг долоо хоногоор сунгах болсноо зарлаад байгаа юм.