МБШТӨВ-ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ХАНСҮР, XXIX ХАМБА НОМУН ХАН, МУСГЗ, ГАВЖ Д. ЧОЙЖАМЦ ЛАМЫН АЙЛДВАР
“Энэхүү билэг дэмбэрэлтэй сайхан өдөр хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон та бүхэнд талархлаа.
Миний явж ирсэн замнал бол хүнд бэрх хэцүү үеийг туулсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 оныг хүртэл долоон жил хаагдаад Гандантэгчэнлин хийд дахин сэргэсэн. Энэ цагаас хойш зуугаад лам нар хурдаг ганцхан хийд Монголд ажиллаж байсан юм. 1990 он болоход 200 гаруй хийд нээгдэж шинэ цаг эхэлсэн. Шашин шүтэх эс шүтэх эрхээ олж авсан үе юм даа. Хуучин уламжлал ёс дэгтэй олон сайхан хамба нар 1990 оноос эхлэн залгамжлуулж явсан. Энэ сайхан өвгөдийнхөө юу хийж ямархуу маягтай байдгийг ажиглан харж тэдэнтэй тулж байсны хувьд тэдэнтэй тулж байсны хувьд дээдсээсээ сурах бололцоотой байсан. Ном эрдэм, хэлбэр дүрс олон л сайхан эрдмийг сурсан, ийм сайхан бололцоо олдсон би их хувь заяатай хүн байгаа юм. Тэгээд энэ бүгдийн үндсэн дээр 1992 онд уламжлалт ламбугай нар 80,90 хүрчихсэн настай болчихсон байлаа. Залуу үе нь бол 13,14 наснаас доош насны жижигхэн хүүхдүүд лам болцгоосон. Тэрний дунд бол шашны дээд сургууль төгссөн хэдхэн хүн үлдэж тэр дотроос намайг сонгож хамба болгосон юм даа. Тэр хүнд бэрх үеийг даван туулах хэрэг зориг гарсан. Тийм учраас тэнд хүчин зүтгэхээс арга байхгүй. 🙏🙏🙏
Өвгөн лам нар маань сургасан сүсэг бишрэлтэй байж Гандантэгчэнлин хийдээ дээш нь татаарай гэж Данигай хамба надад захисан юм. Тэр захисан ёсоор зүтгэж Гандантэгчэнлин хийдээ сайн сайхан болгох юм сан гэсэн хүсэл эрмэлзлээр явсан юм даа. Тэгээд энэ олон жил болсон явдлын тухайд бол би өөрөө дотроо боддог, энэ бол гайхамшиг биш юм. Яагаад гэвэл тэр завсрын үед тэр жаахан хүүхдүүд өсөж өндийж, эрдэм боловсролтой болох, өвгөчүүд нь таалал төгсөөд явсан тэр үед би яах аргагүй үйлийн үрээр 32 жил болж дээ. Дэд хамбыг дөрвөн жил, Да ламын албыг нэг жил хашиж Гандан хийдийнхээ төлөө зүтгэж явжээ. Сая миний хийсэн үйл гэж зөндөө л юм дурдлаа. Ганц хүн хийнэ гэж байдаггүй. Манай шашны захиргаа энэ олон лам хуврагийн чуулган, сүсэгтэн олон, засаг төр, гадаад дотоодын өчнөөн олон хүний дэмжлэг туслалцаагаар энэ ажил бүтсэн юм шүү дээ. Тэгэхээр шинэ хамба маань ажлаа сайхан хийнэ гэж бодож байгаа.
Энэтхэгийн сургуульд нэлээн сайн сурч ирсэн олон хүн байсны дундаас энэ хүнийг сонгосон нь зөв байсан гэж итгэж байна. Эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь төгсөөд ирж байгаа хүмүүс дундаас билиг дэмбэрлийг нь бодоод хамгийн түрүүнд лхаарамбын дамжаа барьсан, гандандаа ирээд хоёр жил ажиллаж хийд орноо сайн мэдээд авсан байх аа гэж бодоод Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба болж байгаа юм аа. Энэ бол шашин нэг шат ахиж байгаагийн илэрхийлэл. Бид бүтээн байгуулалтыг улайж байсан, одоо бол лам нарын мэдлэг боловсрол сахил санваар, дүлбаа ёс жаягийг эрхэмлэх болно. Сахил санваар, эрдэм боловсрол лугаа төгөлдөр хүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба болгох ийм зохист эрэмбэдээ хүрчээ гэж бодоод ингээд дараагийнхаа хамбаар нэрийг нь тодруулсан юм аа.
Шашин номынхоо үйлсэд сайхан зүтгээрэй.
Үнэнч сайхан байгаарай.
Сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай.
Энэ ард түмэн, лам хуврагуудтайгаа хэнийг нь ч ялгаа байхгүй тэгш үзэж бүгдийг нь энэрэн хайрлаж, цөмөөрөнтэй нь хамт Бурханы шашны хөгжүүлэн дэвшүүлээрэй хэмээн тандаа ерөөе хэмээн сургаал номлолоо айлдлаа.
Номын цагаан буян шинийн саран мэт арвидан дэлгэрэх болтугай. 🙏🙏🙏