Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонсов.
Салбарын сайд Ж.Энхбаяр “2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 405.3 мянган тонн үр тариа, үүнээс улаанбуудай 397.6 мянган тонн, 239.1 мянган тонн төмс, 221.2 мянган тонн хүнсний ногоо, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 560 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Хураасан ургацын хэмжээг өмнөх онтой харьцуулахад улаанбуудай 12.6 хувь буурсан бол тосны ургамал 1.3 хувь, төмс 33.3 хувь, хүнсний ногоо 14.0 хувиар тус тус нэмэгдсэн байна. Намрын ургац хураалтаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 38.2 мянган тонн, найман гурилын үйлдвэрт 134.92 мянган тонн, нийтдээ 173.16 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна” гэлээ.
Мөн Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ний хүрээнд арилжааны 10 банкнаас жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 400 иргэн аж ахуйн нэгжид 20.5 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэгч 489 иргэн аж ахуйн нэгжид 91.3 тэрбум, нийтдээ 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулах, ургамал хамгаалах ажлыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүлсэн гэв.
Түүнчлэн аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 9.1 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээл буюу өвсний нөөц бүрдүүлэлт 48.6 хувьтай, тэжээлийнх 44.1 хувьтай байна. Хадлангийн нөөц дутмаг говийн бүсийн аймгууд өвсний нөөц бүрдүүлэх худалдан авалтыг зохион байгуулж байна. Худалдан авалтууд ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусаж, өвсний нөөц бүрдэнэ хэмээн салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
Мөн улсын хэмжээнд 2024 онд 93.7 мянган га талбайд малын тэжээл тариалж, 160.7 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан, үр тарианаас үйлдвэрлэлээс 87.8 мянган тонн улаанбуудайг малын тэжээлд шилжүүлэх урьдчилсан төлөвтэй байгаа аж.
Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ, Монгол Улс хүн амынхаа махны хэрэгцээг дотооддоо 100 хувь хангаж байгаа бөгөөд 2024 оны хүнсний хэрэгцээнд нийт 122.6 мянган тонн, 2025 оны хүнсний хэрэгцээнд 124.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн шаардлагатай боловч бодит хэрэглээ 2.7 дахин их байна. Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар 2.6 хувиар өсөж 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 64,681.8 мянган толгой, 2024 онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулсан, малын зарлага, хорогдлыг хасаад 2024 оны хагас жилд 66,872.0 мянган толгой мал тоологдсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яамны урьдчилсан тооцооллоор 2024 оны өвлийн улиралд нийт 10.0 сая толгой малыг хүнсэнд, 6.0 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байна. Монгол Улс 2024 онд 6,067.1 мянган толгой мал буюу 202.9 мянган тонн мах экспортлох нөөц байгааг онцолсон.
Түүнчлэн малын эрүүл мэндийн талаар 2024 онд 20.6 тэрбум төгрөгөөр нийт 51.7 сая тун вакциныг худалдан авч, нөөц бүрдүүлсэн. Малын вакцинжуулалт болон бусад арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор, хонины цэцэг, бусад зургаан нэрийн халдварт болон архаг халдварт өвчин, бруцеллёзоос сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэн малын эрүүл мэндийг хамгаалахад ашиглаж буйг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдлаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн.