Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлын эхэнд нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.
Өнгөрсөн өвлийн хувьд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ. Хотын хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар хангасан байна. Мөн 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй байгаа юм. Өвөлжилтийн хугацаанд дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол дундах насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд нийт 12 гэмтэл гарч, цаг тухайд нь засварлажээ.
Ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх 1223.2 км инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг. Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өдгөө засварын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд угсармал 1077 блок орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн. Эхний ээлжид 375 блок барилгад есдүгээр сард багтаан дулаан хэмжих хэрэгсэл суурилуулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талаас оршин суугчид дулаалгын төлбөрийн тодорхой хувийг гаргах, тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын дүгнэлттэй байх зэрэг үндсэн шаардлага тавьж байгааг хэлж байлаа.
Хотын хэмжээнд 8287 цахилгаан шат байгаагаас нийтийн зориулалттай орон сууцанд ашиглаж байгаа 800 шатны ашиглалтын хугацаа дуусаж байна. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 13- цахилгаан шатыг солих шаардлагатай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн жил 160 мянга орчим өрхийг 523 мянга гаруй тонн сайжруулсан түлшээр хангасан. Энэ жил мөн тооны өрхийг 527 мянга орчим тонн түлшээр хангахаар төлөвлөж, 40 мянган орчим тонн түлш нөөцөлжээ.
Зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт, дулаан холболтын ажлуудаа яаралтай хийх хэрэгтэйг онцолж байв