Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский: Умард Солонгосын цэргийн тоо нэмэгдэж байна DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Батлан хамгаалах яамны болон Тагнуулын ерөнхий газар, Гадаад тагнуулын албаны мэдээллүүдийг эш татан “Оросын талд Украины эсрэг дайнд оролцохоор БНАСАУ-ын 11 мянган цэргийн албан хаагч ОХУ-ын Курск мужид хэдийнэ ирчихээд байна. Умард Солонгосын цэргийн тоо нэмэгдэж байгаа ч манай түншүүдийн хариу үйлдэл нэмэгдэхгүй байна” гэж гомдоллов. Үнэхээр ч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “БНАСАУ-ын 10 мянга орчим цэргийн албан хаагч ОХУ-д ирээд байна” гэсэн бол НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Украины эсрэг дайнд Умард Солонгосыг оролцохгүй байхыг уриалж, Өмнөд Солонгос болон Европын Холбоо Хойд Солонгосын цэргүүдийг ОХУ-д шилжүүлснийг буруушааж, Герман улс Украины дайныг дэмжсэнийх нь төлөө Умард Солонгосыг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлснээс өөр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа билээ. Харин Өмнөд Солонгосын “The Korea Her­ald” сонин “Москва Пхеньянд Оросын талд оруулсан тулалдааны хувь нэмрийг нь үнэлж 600-700 мянган тонн будаа санал болгосон байна. Энэ нь энэ жилийн үр тарианы хэрэгцээний талаас илүү хувийг нөхөх болно” гэж мэдээлжээ. Мөн Өмнөд Солонгосын тагнуулын алба “Украины эсрэг байлдахаар илгээсэн Хойд Солонгосын цэргүүдийн сарын цалин ойролцоогоор 2000 ам.доллар байна” гэж мэдээлэв. Энэ бүхэн мэдээж бүх талууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд аль нам ялахыг хүлээж байна гэсэн үг. Гэхдээ Хойд Солонгосын цэргүүд дайнд орсноор гарах цаад үр дүн нь ийм юм.

Израиль болон Палестины ХАМАС-ын тулаан маш хурдан Ливан, Сири, Ирак, Йемен, Ираны нутгийг хамарсан дайн болж өргөжив. Энэ нь үнэндээ эдгээр улсуудад байгуулсан өөрөө санхүүжүүлдэг янз бүрийн нэртэй зэвсэгт бүлэглэлүүдээр дамжуулан Ираны дэглэм Палестины Газ болон Ливан, Сири, Ирак, Йеменийг аль хэдийнэ эзэлчихсэн байсан гэсэн үг юм. Израиль үнэндээ эдгээр улсуудад байгаа Ираны дэглэмтэй байлдаж байгаа хэрэг. Саяхан Израилийн Иран, Сирид өгсөн цохилтоор Оросын С-300-гаас гадна С-400 гэх алсын зайн пуужингууд устгагдсан. Энэ нь Кремль ОХУ болон Израилийн хооронд 2015 онд байгуулсан “Дайсагнагч талд зэвсэг нийлүүлэхгүй” гэсэн гэрээгээ зөрчсөн гэсэн үг. Иймээс гэрээгээ зөрчин дайсанд нь тусалж буй Кремлийн эсрэг Израилийн арми хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болов. Харин Өмнөд Солонгос Украинд зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан. Гэтэл Москва энэ улсын дайсан Умард Солонгосын цэргүүдийг байлдааны бодит туршлага суулгахаар өөрийн нутагт хэдэн арван мянгаар нь оруулж эхлэв. Иймээс Өмнөд Солонгосын арми Орос, Украины нутагт орж ирсэн Умардын цэрэг болгоныг устгахаас өөр аргагүй болов. Хамгийн гол нь бас адилхан өөрийн армийн цохилт өгөх хэсгийг бодит дайнд оруулж дадлагажуулах шаардлага үүсэв. Гэтэл Израиль, Өмнөд Солонгос улс хоёулаа байлдааны зэвсэг үйлдвэрлэдэг том гүрэн. НАТО-гийн гишүүн улсууд Өмнөд Солонгосын үйлдвэрлэсэн зэвсгээр өөрийн армийг хангаж эхэлсэн бол, Израилийн үйлдвэрлэсэн пуужингуудын байгаа устгах чадвар 95 хувь. АНУ болон баруун Европын улсуудад энэ үзүүлэлт 70 хувь байдаг бол ОХУ, Ираны пуужингуудын бай устгах чадвар барууны пуужингуудад дөхөж очиж ч чаддаггүй. Тэгээд ч Орос, Иран байтугай бүр барууны улсуудтай харьцуулахад Израиль, Өмнөд Солонгосын хуурай замын арми нь ямар янзтай байгаа билээ!

Израилийн удирдлага өөрийн хийж буй дайны зорилгыг “Ираны махчин дэглэмийг өөрчлөх” гэж тодорхойлсон. Харин Украин дайны зорилгоо “Газар нутгаа Оросын цэргүүдээс чөлөөлөх” гэж тодорхойлсон. Энэ бол цохилтын чиглэл, үр дүнг тодорхойлох том ялгаа юм. Өөрөөр хэлбэл, Украины удирдлага өөрийн хийж буй дайны зорилгыг “Манай үндэстнийг устгах зорилготой Орос болон энэ улсад тусалж буй Ираны өнөөгийн дэглэмийг өөрчлөх” гэж зөв тодорхойлбол дайсныхаа нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл барууны улсуудаас гуйгаад байх шаардлагагүй болно. Энэ нь Израиль, Өмнөд Солонгосын армийнхан Украины фронтод орос болон тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байгаа солонгос цэргүүдийг төдийгүй Орос, Ираны өнөөгийн удирдлагуудыг устгаж эхэлнэ гэсэн үг. Учир нь Израиль, Өмнөд Солонгос, Украин гэсэн гурван улсын хувьд өнөөгийн Орос, Ираны харгис дэглэм өөрчлөгдөх нь дайн шууд зогсоно гэсэн үг болчихоод байна. Эрх ашиг нэгдэнэ гэдэг угаасаа ямар ч асуудлыг шийдэх маш чухал хүчин зүйл байдаг. Оросын талд Умард Солонгосын цэрэг орсноос үүдэн гарах гол үр дүн нь энэ юм.

 

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *