ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд медаль хүртсэн тамирчдадаа цоо шинэ BMW загварын автомашинуудыг гардуулжээ.
Алтан медальтнууд BMW X6, мөнгөн медальтнууд BMW X5, хүрэл медальтнууд BMW X4 автомашины түлхүүр хүлээн авсан байна. Уран гулгалтын Алина Загитова болон хоккейн эрэгтэй багийнхан нийт 26 ширхэг X6 машин авсан бол 13 тамирчин X5, долоон тамирчин X4 загварын төмөр хүлэгтэй болжээ.
Мөн өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өвлийн олимпийн медальтнуудад “Найрамдлын одон”, “Эх орны төлөө” 1, 2 дугаар зэргийн төрийн одон гардуулсан юм.
ОХУ-ын үндэсний олимпийн хороо сэргээшний хэргээр шийтгүүлж Пёнчаны олимпийн наадамд оролцох эрхгүй болсон тул тамирчид нь олимпийн далбаан дор оролцсон. Оросын тамирчид энэ удаа нийт 17 медаль зүүсний 2 нь алт, 6 мөнгө, 9 хүрэл медаль байжээ.
Тэгвэл BMW X6 автомашины эзэн болсон Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын олимпийн аварга, 15 настай тамирчин Алина Загитова бэлгэнд авсан машинаа эцэг эхдээ өгнө гэж ярьжээ.
Тэрбээр хэлэхдээ “Бэлгэнд авсан машиныг ээж аав хоёр барина. Би жолооны дүрмээ судлах болно. Би илүү өндөрлөгт хүрэхийг зорьж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнүүд болно. 2 дахь удаагаа олимпийн аварга болж болно шүү дээ. Энэ ялалтыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эцэг эх болон дасгалжуулагч нартаа талархаж байна” гэжээ.